Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 14

 

  Н.Эрхэмтөгсөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлээр Н.Эрхэмтөгсөд холбогдох 1728000970095 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

                    Шүүгдэгч Н.Эрхэмтөгс нь 2017 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн Дархан гэх газрын заган ойгоос зөвшөөрөлгүйгээр 8 м3 загийг 50-88 ӨМӨ улсын дугаартай Пронтер маркийн өөрийн эзэмшлийн автомашинаар тээвэрлэж, бэлтгэж, байгаль хамгаалах санд 2160000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхэд эргэлзээ төрхүйц, гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хаана үйлдэгдсэн талаар тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, Н.Эрхэмтөгсөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Н.Эрхэмтөгсийн эзэмшлийн 50-88 ӨМӨ улсын дугаартай Пронтер маркийн автомашин, 8 м3 загийг битүүмжилсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо: “...Н.Эрхэмтөгс нь “Загийн хонд” гэх газар заг түүсэн талаараа мэдүүлдэг бөгөөд заг түүсэн гэх газарт нь хэргийн газрын үзлэг хийж кординатыг нь тогтоон тухайн кординатаар нь тус газрыг тусгай хамгаалалттай газар нутагт ордог эсэхийг нь мөрдөгчөөс шапгуулахад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Төмөрхуяг гэгч нь тус кординатад орших “Загийн хонд” гэх газар нь улсын тусгай хамгаалапттай газарт давхцал байхгүй гэж албан тодорхойлолт ирүүлсэн байдаг бөгөөд шүүх энэхүү тодорхойлолтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэхь хэсэгт заасан үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

          Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор заасан бөгөөд эдгээрээс ирүүлсэн баримт нь эх сурвалжаа заагаагүй тохиолдолд нотлох баримт болохгүй байхаар хуульчилснаас биш оролцогч биш этгээд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны хүсэлт, шаардлагаар бусад оролцогчоос гаргаж өгсөн баримт нь эх сурвалжаа заавал заасан байхыг хууль шаардаагүй байна.

          Иймээс Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

          Прокурор Б.Болор-Эрдэнэ эсэргүүцэлдээ: Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт ...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана... гэсэн байхад шүүх гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хаана үйлдэгдсэн талаар тогтоогоогүй үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

          Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх... гэж заасан байхад гэмт хэрэг гарсан байдал, хэзээ, хаана үйлдэгдсэн талаар тогтоогоогүй гэжээ. Хэрэгт авагдсан яллагдагчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон.

           Яллагдагч Н.Эрхэмтөгс мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...би өөрийн эзэмшлийн ачааны машинаар гэрээс зүүн урд 20 гаруй км-т байдаг Загийн хонд гэдэг газраас заг түүж тэр өвөлжөө хондыг загаар барьсан....миний түүсэн Загийн хоолой гэдэг газар тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаардаггүй юм “ гэж мэдүүлсэн нь яллагдагч Загийн хонд гэх газраас заг түүсэн нь нотлогдож байхад гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн нь тогтоогдоогүй гэж хэргийн бодит байдалд дүгнэлт хийгээгүй байна.

          Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэргийн газрын нөхөн үзлэг хийж заг түүсэн газрын координатыг тогтоож, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Газрын харилцаа, хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Төмөрхуягаас уг координатыг талаарх тодорхойлолтыг Цагдаагийн газрын албан бичгээр хандаж, гаргуулж хэрэгт хавсаргасан.

          Дээрх тодорхойлолтыг шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан заалтын шаардлагыг хангаагүй гэжээ.

          Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т заасан “оролцогч” гэдэгт Б.Төмөрхуягийг хамааруулан хуулийг буруу хэрэглэсэн байна.

          Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Газрын харилцаа, хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Төмөрхуяг нь төрийн албан хаагч бөгөөд дээрх тодорхойлолтыг гаргаж өгөх эрх бүхий субъект байна.

          Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Прокурорын эсэргүүцлээ бүрэн дүүрэн дэмжиж байна. Мэргэжилтнийг оролцуулаад авахдаа координатаар биш зөвхөн нэршлээр авсан учраас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал дээр өөрөө өөртөө эргэлзээ төрүүлэх байдлыг үүсгэсэн. Энэ нөхцөл байдал дээр шүүх хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгч болон прокурорын зүгээс нотлох баримтыг гаргаж өгсөн. Байгаль орчны газарт прокуророос албан бичгээр хандаж хариуг авахад тухайн газар нь хэргийн газрын үзлэгээр Н.Эрхэмтөгсийн оршин суудаг Дархан гэх газар биш, анх заг түүсэн гээд байгаа Загийн хонд гэдэг газар нь тусгай хамгаалалтай бүс нутгаас гарсан. Хэргийн газрын үзлэгээр түүсэн гэх газар нь тусгай хамгаалалттай газарт орохгүй гэдгийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан хэрэг гэж үзэж байна. Шүүх хуралдааны тэмдэглэл хавтас хэрэгт байхгүй байгаа нь шүүхээс хэрэг хаана хэзээ үйлдэгдсэн тодорхойгүй байна гэж үзэж тохиолдолд шүүх өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлах боломжтой байсан. Гэтэл шүүх гэм буруугийн шүүх хуралдаан дээрээс энэ нөхцөл байдлыг гаргаж ирээд хэргийг буцааж байгаа нь процессыг зөрчиж байна.  Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх нь нотлох баримтаар нотлогдсон нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр тухайн хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Эрхэмтөгс тухайн үед загийн хонд гэх газраас заг түүсэн талаараа тодорхой мэдүүлдэг. Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Н.Эрхэмтөгс үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой мэдүүлэг өгсөн. Хавтас хэрэгт бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, хэзээ хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй гэж тайлбарласан. Мэргэжилтэн Төмөрхуягаас ирүүлсэн тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар ирүүлсэн нотлох баримт нь эх сурвалжаа заагаагүй гэсэн үндэслэлийг дурдсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнийн бичсэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/06 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутанд хийхээр товлосон боловч Н.Эрхэмтөгсөд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт байхгүй байна.

         Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга үйлдэж хэрэгт хавсаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болж байна.

         Давж заалдах шатны шүүх Н.Эрхэмтөгсөд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан учир прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дүгээр зүйлийн 1.7, 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

           2. Н.Эрхэмтөгсөд холбогдох 1728000970095 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

           3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Н.Эрхэмтөгсөд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

        

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА