Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 543

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Бодонгууд овогт Нацагдоржийн Б 

Хариуцагч: НДЕГ , НДЕГ БХСХД

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 3/693 дугаартай акт нь Н.Б надад өндөр насны тэтгэвэр, нөхөн олгохыг татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Н.Б миний 2013 оны 07 дугаар сараас  2017 оны 12 сар хүртэлх хугацаанд тогтоогдох байсан өндөр насны тэтгэврийг нөхөн олгохыг Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст чиглэл болгон өгөхийг НДЕГ т даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагч НДЕГ , Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1984 оны 7 сараас эхлэн Дорнод аймгийн шүүхэд шүүгчээр 2000 он хүртэл 16 жил, 2000 оноос Дорноговь аймгийн шүүхэд шүүгчээр 2013 оны 7 сар хүртэл 13 жил нийт 29 жил шүүгчээр ажиллаж байсан. Одоо би 59 настай, эхнэр маань 2017 оны 12 сард гэнэт нас барж 10

дугаар ангид сурдаг зээ охинтойгоо амьдарч байна.

Миний бие Ерөнхийлөгчийн 2013 оны 07 сарын 04-ний өдрийн 4 тоот зарлигаар “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно", 24.7-д ‘Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасны дагуу өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Гэтэл 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэсэн заалт нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч болно гэсэн заалттай зөрчилдсөнөөс болж 2013 оны 7 сараас эхлэн 2017 оны 12 сар хүртэл миний бие өндөр насны тэтгэвэрт гарч чадаагүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь тэтгэвэр тэтгэмжийг авах болзол нөхцөл олгох журмыг хуульчилсан процессын шинжтэй хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 2013 оны 7 сард хэрэгжиж эхэлсэн иргэний эрхийг хангах материаллаг хууль бөгөөд өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг Нийгмийн даатгалын хуулиар хориглосон заалт байхгүй юм.

2017 оны 6 сарын 12-ны өдрийн 229 тоот Улсын Дээд шүүхийн тогтоол мөн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 01/1011 тоот Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргад хүргүүлсэн хууль хэрэгжүүлэх тухай албан бичиг ирснээр би 2018 оны 1 сараас эхлэн өндөр насны тэтгэвэр авах боломжтой болсон. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хэдий ч 2013 оны 7 сараас 2017 оны 12 сар хүртэлх хугацаанд миний бие өндөр насны тэтгэвэргүй санхүүгийн эх үүсвэргүй хүнд нөхцөлд байсан. Иймд дээрх хугацаанд олгогдох ёстой байсан нөхөн олговрыг нэхэмжлэн Дорноговь аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэст нөхөн олговор гаргуулах тухай хүсэлт гаргасан. Тус өргөдөлд Дорноговь аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэс нь Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас чиглүүлэг авах шаардлагатай гэсэн хариу ирүүлэн, дээд шатны байгууллагадаа 2018 оны 03 сарын 22-ны өдөр албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичгийн хариуд “НДЕГ ”-аас тус асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн байна.

Шүүгчээр насаараа ажилласан нарийвчилсан хуулийн зохицуулалт байхгүйгээс болон 4 жил 7 сарын турш эдийн засгаараа хохирсон би Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын тус шийдвэрт гомдолтой байгаа тул 4 жил 7 сар тэтгэвэргүй байсан хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр даалгуулах хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэн өгнө үү” гэжээ.

Хариуцагч НДЕГ БХСХД Ц.Ганцэцэг шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг танаа" гэж хаяглан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 115 дугаартай албан бичгээр иргэн Н.Бгийн тухай дурдаж, чиглэл ирүүлж туслалцаа үзүүлэхийг хүссэн байсан.

Үүний дагуу Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Шагдарсүрэнд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 3/693 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн ба уг албан бичиг нь хууль зүйн актад тооцогддоггүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч захиргааны актад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газар нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж бөгөөд Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга нь Нийгмийн даатгалын ерөнхий газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий субьект биш юм.

Мөн нэхэмжлэгч Н.Б нь Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхээс өмнөх шатанд урьдчилан  шийдвэрлүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн дэлгэрэнгүй тайлбарт шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага гэдэгт гомдол гаргаж буй захиргааны актыг гаргасан албан тушаалтны удирдлага, эсхүл түүнийг томилсон байгууллага, албан тушаалтныг ойлгоно гэж тайлбарлажээ.

Мөн Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын даргаас өгсөн хариу албан бичгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дээрх хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байсан атал гомдол гаргаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан тодруулсан нэхэмжлэлдээ: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 3/693 дугаартай акт нь Н.Б надад өндөр насны тэтгэвэр, нөхөн олгохыг татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар: " Нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил,арга зүйн удирдлагаар хангана”.

Тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т " Орон нутгийн байгууллага нь нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын удирдлага дор ажиллана " гэж заасан байх тул Н.Б миний 2013 оны 07 дугаар сараас  2017 оны 12 сар хүртэлх хугацаанд тогтоогдох байсан өндөр насны тэтгэврийг нөхөн олгохыг Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст чиглэл болгон өгөхийг НДЕГ т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч НДЕГ , НДЕГ БХСХД нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, М.Б нар нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагатай холбогдуулж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нэг: Дорноговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг танаа” гэж хаяглан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 115 дугаартай албан бичгээр иргэн Н.Бгийн тухай дурдаж, чиглэл ирүүлж туслалцаа үзүүлэхийг хүссэн байсан.

Үүний дагуу Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Шагдарсүрэнд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 3/693 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн ба уг албан бичиг нь хууль зүйн актад тооцогдоггүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч захиргааны актад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Хоёр: Аливаа төрийн захиргааны байгууллага нь харьяалах төрийн захиргааны төв байгууллагынхаа өгсөн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

Үүнийхээ дагуу нэхэмжлэлд дурьдсан маргаантай асуудлаар харьяалах төрийн захиргааны төв байгууллага болох Хөдөлмөрийн Нийгмийн Хамгааллын яамнаас тодруулга чиглэл хүсэхэд Хөдөлмөрийн, Нийгмийн Хамгааллын Сайдын “Чиглэл хүргүүлэх тухай” 2018 оны 1/1004 дугаартай албан бичгээр “... Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан тэтгэвэр тогтоох харилцааг Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэх ажлын хүрээнд хуулиудын зөрчил давхардлыг арилгах, нэг мөр ойлгон хэрэгжүүлэхээр ажиллаж байна." гэж мэдэгдсэн.

Иймээс нэхэмжлэгчийн Н.Б миний 2013 оны 07 дугаар сараас 2017 оны 12 сар хүртлэх хугацаанд тогтоогдох байсан өндөр насны тэтгэврийг нөхөн бодож олгохыг Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст чиглэл болгон өгөхийг НДЕГ т даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

 ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Н.Б нь анх “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн № 3/693 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Улмаар “Н.Б надад өндөр насны тэтгэвэр, нөхөн олгохоос татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  Н.Б миний 2013 оны 07 дугаар сараас  2017 оны 12 сар хүртэлх хугацаанд тогтоогдох байсан өндөр насны тэтгэврийг нөхөн олгохыг Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст чиглэл болгон өгөхийг НДЕГ т даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” № 3/693 тоот албан бичигт: “... Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны иргэн Ц.Батмөнхтэй холбоотой 2017 оны 229 тоот тогтоолыг үндэслэн иргэн Н.Бд тэтгэвэр нөхөн олгох боломжгүй юм” гэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны хэлтсийн даргын 2018 оны № 3/693 тоот албан бичиг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулж байна.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны хэлтсийн даргын 2018 оны № 3/693 тоот албан бичиг нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй, захиргааны актын шинжийг агуулаагүй гэсэн агуулгаар маргаж байгаа хариуцагчдын тайлбар үндэслэлгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр зарлигаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр Н.Бг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно”, 23.7-д “Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан байна.

Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-23.10 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, 24 дүгээр зүйлийн 24.6-24.10 дахь хэсгийг нэмсэн байна.

Ийнхүү Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар 23 дугаар зүйлийн 23.6, 23.7 дахь хэсгийг хүчингүй болгосон хэдий ч уг 23 дугаар зүйлийн 23.6, 23.7 дахь хэсгийн зөвхөн дугаар өөрчлөгдөн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь хэсэг болж, утга, агуулга нь хэвээр батлагдсан байна.

Үүнээс үзэхэд Н.Б шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх үед “Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох” хуулийн зохицуулалт үйлчилж байсан нь тодорхой харагдаж байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах эдийн засгийн баталгаа, шүүгчийн нийгмийн хамгаалалт буюу өндөр насны тэтгэвэр авах болзол шалгуур, өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх харилцааг тусгайлан, илүү нарийвчлан зохицуулсан байна.

Иймд нэхэмжлэгч Н.Бгийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх хэзээ үүсэхтэй шууд холбоотой энэ маргаанд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь зохицуулалтуудыг хэрэглэх буюу баримтлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Б нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 дахь зохицуулалтуудын дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байна.

Дээрх үндэслэлүүдэд үндэслэн Н.Бгийн өндөр насны тэтгэврийг 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаагаар тооцож нөхөн олгох чиглэлийг доод шатны байгууллагад өгөхийг НДЕГ т даалгах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “.... орон нутгийн байгууллага нь тухайн шатны Засаг дарга болон нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын удирдлагын дор ажиллана”, 2-т “Нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана” гэж тус тус заасан байх тул орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагад чиглэл өгөхийг НДЕГ т даалгаж шийдвэрлэсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” № 3/693 тоот албан бичгийг хүчингүй болгож, Н.Бгийн өндөр насны тэтгэврийг нөхөн олгох чиглэл өгөхгүй байгаа хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Н.Бгийн өндөр насны тэтгэврийг 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаагаар тооцож нөхөн олгох чиглэл өгөхийг НДЕГ т даалгасугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     М.БАТЗОРИГ