Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2017/00018

 

И.Намжилын нэхэмжлэлтэй,

Д.Батбаярт холбогдох хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалан, шүүгч Я.Алтаннавч, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан давж заалдах шатны  шүүх хуралдаанаар  Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00284 дүгээр шийдвэртэй, И.Намжилын нэхэмжлэлтэй, Д.Батбаярт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2000000 төгрөг, нас гүйцсэн хонь гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувдын давж заалдах гомдлоор 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч,  ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцсон:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул

Нэхэмжлэгч И.Намжил

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Д.Урансувд

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Ганчулуун

Нэхэмжлэгч И.Намжил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Батбаяртай адуу малын наймаа хийгээд одоог хүртэл мөнгөө бүрэн авч чадаагүй хохирч байна. Батбаяр нь надаас 2015 оны хавар буюу 05 сард хусран даагатай хүрэн гүү, хүрэн соёолон морьдыг 4000000 төгрөг, нэг хониор худалдаж аваад тухайн үед 1000000 төгрөгийг бэлэн өгч дараа нь 2000000 төгрөг шилжүүлж нийт 3000000 төгрөг өгсөн. Одоо 1000000 төгрөг, нас гүйцсэн хонь дутуу байгаа. Дараа нь 06 сард хээр халзан, хээр зүсмийн соёолон морьдыг харилцан ярилцаад 5000000 төгрөг, нэг идэшний шүдлэн үхэр өгөхөөр тохиролцон худалдаж авсан. Энэ наймаанаас 2015 оны 07 сард 4000000 төгрөг банкаар шилжүүлсэн. 10 сард хүү маань явж нэг үхэрээ авчирсан. Одоо дутуу байгаа 2000000 төгрөг, нас гүйцсэн бүдүүн хонь нэгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намжил нь Батбаяртай хоёр удаа морины наймаа хийсэн байдаг. Эхлээд 2015 оны 05 сард хусран даагтай хүрэн гүү, хүрэн соёолонг 4000000 төгрөг, нэг хониор худалдсан байдаг. Энэ наймаанаас эхлээд 1000000 төгрөг, дараа нь 2000000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үүнээс 1000000 төгрөг, нэг хонь дутуу байгаа. Дараа нь 06 сард хээр халзан соёолон, хээр зүсмийн соёолон морьдыг 5000000 төгрөг, идэшний шүдлэн үхэр өгөхөөр тохиролцсноос 4000000 сая төгрөг, нэг үхрээ авсан. Одоо 1000000 төгрөг үлдээд байгаа гэдэг. Иймээс Батбаяраас 2000000 төгрөг, нас гүйцсэн хонины хамт гаргуулж өгнө үү. Намжил нь өндөр настай, тухайн үеийн наймаа хийх асуудлыг Батбаяр нь удаа дараа гуйж байж хийсэн гэдэг. Тэр хүн худлаа хэлэхгүй. Эхний наймаанд 2000000 төгрөг өгөөгүй 1000000 төгрөг өгснийг эхнэртээ оруулж өгсөн гэдэг. Батбаяр нь 2016 оны 07 сард 7000000 төгрөгийн үнэтэй хөөргөө барьцаанд өгсөн байдаг. Үүнээс үзвэл наймааны мөнгө дутуу гэдэг нь тодорхой болж байгаа. Намжил гуай хөөргийг нь буцааж өгнө гэдэг. Батбаяр нь мөнгө дутуу байгаа учир л өндөр үнэтэй хөөргөө барьцаалсан байгаа юм. Иймээс нэхэмжлэгч Намжилын нэхэмжлэлийг хангаж, Батбаяраас2000000 төгрөг, нас гүйцсэн нэг хонины хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намжил гуайтай морины наймаа хийсэн үнэн. Би Намжил гуайгаас гуйгаагүй, өөрөө л бие муу, мөнгөний хэрэг байна, адуу аваач гэхээр нь анх удаа наймаа хийсэн. Намжил гуай эхний наймаа хийсэн үнээ буруу яриад байна. Бид хоёр 2015 оны 05 сард хусран даагатай хүрэн гүү, хүрэн соёолон морьдыг 5000000 төгрөгөөр тохиролцож би эхлээд 2000000 төгрөгийг бэлэн өгч, мөнгө өгөх үедээ Энхбаттай хамт очиж миний машин дотор Намжил гуайд тоолж өгсөн. Дараа нь 2000000 төгрөгийг дансаар шилжүүлж үлдсэн сая төгрөгөнд нь идэшний шүдлэн үхэр өгсөн. Энэ наймаа хийх үед Намжил гуай шөлний хонь өгөөрөй гэж байсан болохоос бид наймаандаа оруулаагүй. Би ч хонь өгнө гэж зөвшөөрөөгүй юм. Дараа нь 06 сард хоёр соёолон морьдыг хоёр, хоёр сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ морьдын хүрэн соёолон нь хойшоо доголдог гэмтэй байсан. Би морио буцааж ав гэхэд авахгүй байсан. Энэ байдлаас болж мөнгийг нь удааж байгаад 4000000 төгрөг шилжүүлсэн. Бидний хооронд наймаа бүрэн хийгдэж дууссан. Намайг Улаанбаатар хотод явж байхад Намжил гуай мөнгө төгрөггүй гэхэд нь би өөрийн хөөргөө барьцааанд тавиад мөнгөтэй болж бай, цагаан сараар авъя гэж хэлээд өгсөн. Түүнээс барьцаалсан асуудал байхгүй. Намжил гуай наймаа хийхдээ өөрөө л намайг морь аваач гэж байсан. Иймээс нэхэмжилж байгаа 2000000 төгрөг, нас гүйцсэн хонь гэснийг төлөхөөс татгалзаж байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байсан гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00284 дүгээр шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Батбаярт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2000000 төгрөг, нас гүйцсэн хонь гаргуулах тухай нэхэмжлэгч И.Намжилын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Намжилын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: ...Шүүхээс шийдвэр гаргахдаа үйл баримтыг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн зөрүүтэй ярьж буй байдалд өөрийн дотоод итгэлээр дүгнэлт хийж чадаагүй, үйл явдал баримтыг үнэн мөнөөр шүүж чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал: Нэхэмжлэгч, хариуцагч нар 2 удаа адууны наймаа хийсэн. Үүний үнэ болон үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгээгүй тал дээр маргаж байгаа. Хариуцагч гэрч оролцуулж түүний мэдүүлгийг нотолж байна гэж үзэх нь үндэслэл муутай. Нэхэмжлэгчийг ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан мөнгө шилжүүлсэн баримт, мөнгөнийхөө буюу үүргийн гүйцэтгэлийн дагуу барьцаанд бариулсан гэх хөөргийг танилцуулж үйл явдлыг нотлохоор маргасан. Баримт бол үндэслэл бүхий гэж үзэж байна. Хариуцагч зөвхөн бэлэн өгсөн мөнгөн дээр өөртөө ашигтай байдал үүсгэхээр гэрч гэх худал ярих хүн олж ирэн асуулгаж байна. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан дээр Намжил гуай морио зарж өгөхөөр гуйсан болгож тайлбарладаг, ярьдаг, харин хариу тайлбартаа морийг худалдан авахаар тохирсон гэдэг. Энэ мэтчилэн зөрүүтэй ярьж байгаа нь худал хэлж байгаа гэдгийг харуулж байхад шүүх энэ үйл явдлыг үнэлээгүй. Тайлбар дээрээ нэг шүдлэн үхрийг нэг сая төгрөгийн тооцоонд өгсөн гэдэг. Тэгвэл энэ шүдлэн үхэр нэг сая төгрөгийн үнэлгээтэй гэдгийг хэн зөвшөөрч байгаа юм. Үүнийг өрөндөө авсан гэж Намжил гуай хэлээгүй. Харин тохирсон наймааныхаа үхрийг л авсан. Гэтэл үүнийг нэг сая төгрөгийн өрөндөө өгсөн гэхийг шүүх үнэлсэнд гайхаж байна. Худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй нь хууль зөрчсөн асуудал биш. Үүргийн гүйцэтгэлийг хангасан гэдгийг хариуцагч хэрхэн нотлож байгааг шүүх ямар нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн юм. Иймд шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй, тодорхойгүй маргаж байгаа зүйлийн үнийг шууд нэрлэн үүргийг гүйцэтгэсэн гэж үзсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй, тухайлбал нэхэмжлэлд нас гүйцсэн бүдүүн  эр  хонины  зах  зээлийн  үнийг  тодорхойлоогүй  байхад нэхэмжлэлийг хүлээн авч,  иргэний  хэрэг үүсгэсэн,  иргэний  хэрэг  үүсгэснээс хойш  нэхэмжлэлийн  үнийн дүнг тодруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Үнийн дүн тодорхойгүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруу, давж заалдах гомдлын талаар дүгнэлт өгөх боломжгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 138/ШШ2017/00284 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                       

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ЭНХЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                  Я.АЛТАННАВЧ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.НАРАНБАЯР