| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1241/Э |
| Дугаар | 1255 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 1255
2020 07 07 2020/ШЦТ/1255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Л.Галав,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржийн Даваасамбууд холбогдох эрүүгийн 2006 00164 1360 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Д, 1969 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймаг, Хангай суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, жанжин 19 дүгээр гудамж, 289б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Батхуягийн шанаа хэсэгт гараараа хүчтэй цохисны улмаас модон орны толгой руу баруун талын хавирга хэсгээр унаж 8,9,10,11,12 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “…Би хохирогч Б.Батхуягийг цохьж хавиргыг хугалаагүй. Манай гэрээс явахгүй гээд хаалгаар гарах гэхээр нь татсан. Тэр үед модон орны хөл рүү унасан. Тухайн үед хавирга нь хугарсан байх. Маргааш нь эмнэлэгт үзүүлчихээд надад хэлсэн гэсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5-6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Батхуягаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Мэндсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 613 дугаар дүгнэлт /хх-н 22-23/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.Дгийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-17/, шинжээч эмч С.Чулуунчимэгийн мэдүүлэг /хх-н 26-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, хохирлын баримт /хх-н 38-40/, хохирогчийн хүсэлт /хх-н 53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Батхуягийн шанаа хэсэгт гараараа хүчтэй цохисны улмаас модон орны толгой руу баруун талын хавирга хэсгээр унаж 8,9,10,11,12 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Батхуягийн өгсөн ...Тэгтэл Самбуу гэрт байсан дүүргийн 80 жилийн ойн медаль алга болсон байна. Мэндээг хулгайч гээд зодоод байсан. Тэгэхээр нь өмөөрөөд болиулахад Самбуу миний зүүн шанаа орчим цохиход би баруун талын цээж хэсгээрээ орны толгойн модон дээр унасан. Цээж хэсгээр тас гэж дуугараад өвдсөн. Би ухаан балартаад маргааш өглөө Самбуугийн гэрт сэрсэн. Би босож байж байгаад Самбуугаар зам хөндлөн гаргуулаад гэртээ харьсан.. гэх мэдүүлэг /хх-н 10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Мэндсайханы өгсөн... Даваасамбуугийн гэрт хохирогч Батхуяг, Даваасамбуу бид гурав хамт хонож архи уусан харин би маргааш нь буюу 14-ний өдөр явсан гэрт Даваасамбуу, Батхуяг хоёр архи уугаад үлдсэн харин 15-ны өдөр нь Батхуяг манай гэрт 12 цагийн үед Даваасамбууд зодуулаад хавирга хугарчихлаа гээд хөдөлж чадахгүй байна гээд манай гэрт хэвтэж байгаад орой 17 цагийн үед би дүүгийн гэрт нь хүргэж өгсөн .” гэх мэдүүлэг /хх-н 19-21/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 643 дугаартай: .Б.Батхуягийн биед баруун 8,9,10,11,12-р хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 22-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч С.Чулуунчимэгийн өгсөн... Батхуяг нь шүүх эмнэлэгт ирж үзүүлэхдээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлэх үед цээжээр өвдөнө гэсэн зовиуртай, цээж хэсгээр бэхэлгээ хийсэн байсан. Өөр биед нь ил харагдах гэмтэл байгаагүй, эмчийн үзлэг хийгдсэн шинжилгээнүүдэд үндэслэн дүгнэлтийг гаргасан гэх мэдүүлэг /хх-н 26-27/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Дгийн өгсөн... манай гэрт байсан миний 90 жилийн ойн медаль алга болсон байхаар нь би согтуу медаль алга болсон байна гэж хэлсэн чинь Б.Батхуяг чи намайг хулгайд сэрдээд байгаа юм уу? Гээд маргаан эхэлсэн чинь хамт архи ууж байсан Мэндээ яваад өгсөн чинь Б.Батхуяг үлдээд намайг хулгайч гэлээ гээд агсраад байхаар нь би Б.Батхуягыг чи гэрээс гар гэсэн чинь гарахгүй байхаар нь би хөөгөөд том өрөөнөөс гарах гэхэд Б.Батхуяг миний зүүн гараас татахаар нь би эргэж гараа гараа татаад авсан чинь хойшоо унахдаа том өрөөний хаалганы хажууд байсан модон орны модон толгой руу баруун цээж хэсгээрээ унахаар нь би босгох гэхэд босохгүй байхаар нь би орон дээр татаж гаргаад хэвтүүлж байгаад оройн 19 цагийн үед би хоол хийгээд Б.Батхуягийг сэрээж хоол ид гэсэн чинь цээж хэсгээр өвдөөд хоол орохгүй байна гээд буцаж хэвтээд тэр шөнө хоноод маргааш буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө сэрээд миний хавирга хугарсан юм шиг байна өвдөөд байна гэсэн гэх мэдүүлэг /хх-н 16-17/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Д.Д нь гэртээ Батхуяг, Мэндээ нартай архи ууцгааж байгаад медаль алга болсон байна гэж хэлсэнээс болж Батхуягтай маргалдан улмаар түүнийг цохиж унагасаны улмаас модон орны модон толгой руу баруун цээж хэсгээрээ унасанаас түүний баруун 8,9,10,11,12-р хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Түүний дээрх үйлдлийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Иймд Д.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Батхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу шүүхэд нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад хохирол төлөөгүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Дд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Дгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлөөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН