| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0113/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2020-10-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б.Л-д холбогдох эрүүгийн 2019002010128 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 43 дугаар байрны 8 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Б.Л, регистрийн дугаар ЕМ92031013
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Л нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 06-59 ДГС улсын дугаартай Соната-6 маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгсэл жолоодон Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох үедээ цахилгааны бетонон шонг мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч А.А-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ий 4-12 дугаар хуудас/,
Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр...16 цагийн орчимд согтуу гэртээ ирсэн, машин бариад өгчих жоохон гадуур явъя гэхээр нь би гараад очтол гэрийн гадаа машинд найз Б сууж байсан. Тэгээд би машин барина гээд миний үгэнд орохгүй цаашаа суу гээд машинаа бариад наадмын талбайн чигт явсан, хөдөө гарч зогсох гээд л явсан байх, согтуу миний үгэнд орохгүй байхаар нь хөдөө гарч машинд нь жаахан унтуулж амраах гэж явсан. Засмал замаас гараад наадмын талбайн зүүн урд талд шороон замаар явж байгаад бетонон шонгийн хажуугаар өнгөрлөө гэж бодтол очоод мөргөчихсөн юм. Би өөрийн ухаантай байсан, Л ухаангүй, дух нүдний орчим цус болсон гэмтсэн байсан. Миний хөл сулраад машиныхаа хаалгыг нээж чадахгүй хөлөө даахгүй байсан, тэгээд би эмнэлэгт дуудлага өгсөн. Эмч ирээд биднийг аваад явсан. Эмч ирэхээс өмнө Л бага зэрэг ухаан орсон, зам тээврийн осол гарахад Л бид хоёр хоёулаа машинд явсан өөр хүн байгаагүй. Л машин жолоодож явсан, нэг их хурдтай яваагүй, бид 2 хамгаалах бүс зүүгээгүй байсан...машиныг найз Б-с худалдаж аваад төлбөрийг нь хагасыг төлсөн, үлдэгдэл тооцоог хийгээгүй байсан тул өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа. Л бид хоёр 2017 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа, гэрлэлтийн баталгаа байхгүй... миний зүүн хөлний дунд чөмөг яс хугарсан, аарцаг яс цуурсан, өөр бэртэл гэмтэл учраагүй, аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хоног хэвтэн эмчлүүлж дунд чөмөг хадуулах мэс заслын хагалгаанд орсон...Л согтуу миний үгэнд ороогүй... найз Б-тэйгээ гэрийнх нь гадаа жаахан ам зөрсөн байх... би машин дотор сууж байсан болохоор юу хэлж ярьж байгааг сонсоогүй, Л Б-нийг байрных нь гадаа үлдээчихээд гэнэт л явъя, би машин барина гэж зөрөөд миний үгэнд ороогүй ...” ,Иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ослын талаар мэдэхгүй байна... би 06-59 ДГС улсын дугаартай, хар өнгийн Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос хувь хүнээс авсан. Тэгээд унаж, ашиглаж байгаад 2020 оны 06 дугаар сарын 10- ны хавьцаа найз болох Л-д 6 400 000 төгрөгөөр зарсан, тухайн үед ямар ч мөнгө аваагүй, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 350 000 төгрөг өгсөн. Өр төлбөр гүйцэд барагдаагүй байсан учраас уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр одоог хүртэл байгаа юм... Ашид Билгүүн ХХК-ны хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээтэй танилцлаа, надад нэхэмжлэх зүйл байхгүй...”,Иргэний нэхэмжлэгч М.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 5 дугаартай өндөр хүчдэлийн шонг мөргөсөн гэх зам тээврийн ослын улмаас манай байгууллагад учирсан хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй, 5 дугаартай шонгийн бетонон тулгуур багана бүрэн бүтэн, тухайн үед учирсан гэрэл, цахилгааны эвдрэл гэмтэл гараагүй учир эд зүйлийн үнэлгээ гаргуулах шаардлагагүй юм, нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй ...” ,Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3963 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн Б.Л 27/эр гэсэн хаягтай цус нь шинжилгээнд тэнцэнэ... цусанд 1,8 промилли спиртийн агууламж илрэв... цусанд 1,8 промилли спиртын агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/0214 дугаартай “...А.А-ийн биед зүүн дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. А.А-ийн биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Учирсан зүүн дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбарууд, Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “...Б.Л 06-59 ДГС улсын дугаартай Сонота-6 маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/ 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь зүйлийн А-... тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн, 3.4 дүгээр зүйлийн Б- ... хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон...жолооч Б.Л нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна ” гэх магадлагаа, Шүүгдэгч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр... гэрийнхээ гаднаас 06-59 ДГС улсыг дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сайншанд сумын 2 дугаар баг, Мандахнаран хороололд байдаг Б-ийн гэрийн гадаа очсон. Би замаараа Миссури дэлгүүр орж 0,5 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи авсан байсан, тэр архийг Б бид 2 байрны гадаа машиндаа уусан, дараа нь Б 1 шил архи авсан шиг санагдаад байна, тэр архийг ууж байгаад бид 2 манай гэрт очсон. Манайх руу явахад хэн машин жолоодсоныг санахгүй байна... эхнэр А машин жолоодоод Б-ийг гэрт нь хүргэж өгчихөөд тэдний гэрийн гаднаас би эхнэрийн үгэнд оролгүй машинаа жолоодоод зүүн хойш наадмын талбайн чигт засмал замаар явж байгаад шороон зам руу орж өндөр хүчдэлийн шон мөргөсөн, машинд эхнэр бид хоёроос өөр хүн яваагүй... бид гэрлэлтийн баталгаа байхгүй, 2017 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, эрхээ хасуулаад сэргээгээгүй байгаа... миний духны яс цөмөрсөн, нүд хацар орчимд оёдол тавьсан, баруун талын 7 дугаар хавирга хугарсан... би согтсон байсан, жолоодох эрхийн үнэмлэхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан нь миний буруу... миний биеийн байдал одоо гайгүй байгаа, мөн эхнэрийн биеийн байдал ч давгүй байгаа... 06-59 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр шилжээгүй байгаа, учир нь үлдэгдэл мөнгөө Б-д өгөөгүй байгаа... би жолоо барьж явснаасаа хойш осолд орох хүртлээ юм санахгүй байна... ослын улмаас манай эхнэрт гомдол , санал байхгүй, Б-д гомдол санал байхгүй, машиныг би өөрөө янзлуулаад нэр дээрээ шилжүүлж авна, мөн мөргөсөн өндөр хүчдэлийн шон эвдрээгүй учраас нэхэмжлэхгүй гэсэн, үүнээс харахад надаас нэхэмжлэх зүйлтэй хүн болон байгууллага байхгүй байна... би маш их харамсаж байна, бодохоор л өөрийгөө буруутгаж байна, би дахин хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй... би огт жолоонд сууж үнэмлэхгүй аваагүй...” гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 06-59 ДГС улсын дугаартай Соната-6 маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгсэл жолоодон Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох үедээ цахилгааны бетонон шон мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч А.А-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан
Хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ий 4-12 дугаар хуудас/,
Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр...16 цагийн орчимд согтуу гэртээ ирсэн, машин бариад өгчих жоохон гадуур явъя гэхээр нь би гараад очтол гэрийн гадаа машинд найз Б сууж байсан. Тэгээд би машин барина гээд миний үгэнд орохгүй цаашаа суу гээд машинаа бариад наадмын талбайн чигт явсан, хөдөө гарч зогсох гээд л явсан байх, согтуу миний үгэнд орохгүй байхаар нь хөдөө гарч машинд нь жаахан унтуулж амраах гэж явсан. Засмал замаас гараад наадмын талбайн зүүн урд талд шороон замаар явж байгаад бетонон шонгийн хажуугаар өнгөрлөө гэж бодтол очоод мөргөчихсөн юм. Би өөрийн ухаантай байсан, Л ухаангүй, дух нүдний орчим цус болсон гэмтсэн байсан. Миний хөл сулраад машиныхаа хаалгыг нээж чадахгүй хөлөө даахгүй байсан, тэгээд би эмнэлэгт дуудлага өгсөн. Эмч ирээд биднийг аваад явсан. Эмч ирэхээс өмнө Л бага зэрэг ухаан орсон, зам тээврийн осол гарахад Л бид хоёр хоёулаа машинд явсан өөр хүн байгаагүй. Л машин жолоодож явсан, нэг их хурдтай яваагүй, бид 2 хамгаалах бүс зүүгээгүй байсан...машиныг найз Б-с худалдаж аваад төлбөрийг нь хагасыг төлсөн, үлдэгдэл тооцоог хийгээгүй байсан тул өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа. Л бид хоёр 2017 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа, гэрлэлтийн баталгаа байхгүй... миний зүүн хөлний дунд чөмөг яс хугарсан, аарцаг яс цуурсан, өөр бэртэл гэмтэл учраагүй, аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хоног хэвтэн эмчлүүлж дунд чөмөг хадуулах мэс заслын хагалгаанд орсон...Л согтуу миний үгэнд ороогүй... найз Б-тэйгээ гэрийнх нь гадаа жаахан ам зөрсөн байх... би машин дотор сууж байсан болохоор юу хэлж ярьж байгааг сонсоогүй, Л Б-нийг байрных нь гадаа үлдээчихээд гэнэт л явъя, би машин барина гэж зөрөөд миний үгэнд ороогүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ослын талаар мэдэхгүй байна... би 06-59 ДГС улсын дугаартай, хар өнгийн Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос хувь хүнээс авсан. Тэгээд унаж, ашиглаж байгаад 2020 оны 06 дугаар сарын 10- ны хавьцаа найз болох Л-д 6 400 000 төгрөгөөр зарсан, тухайн үед ямар ч мөнгө аваагүй, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 350 000 төгрөг өгсөн. Өр төлбөр гүйцэд барагдаагүй байсан учраас уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр одоог хүртэл байгаа юм... Ашид Билгүүн ХХК-ны хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээтэй танилцлаа, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22-24, 33-34 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 5 дугаартай өндөр хүчдэлийн шонг мөргөсөн гэх зам тээврийн ослын улмаас манай байгууллагад учирсан хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй, 5 дугаартай шонгийн бетонон тулгуур багана бүрэн бүтэн, тухайн үед учирсан гэрэл, цахилгааны эвдрэл гэмтэл гараагүй учир эд зүйлийн үнэлгээ гаргуулах шаардлагагүй юм, нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/;
Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3963 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн Б.Л 27/эр гэсэн хаягтай цус нь шинжилгээнд тэнцэнэ... цусанд 1,8 промилли спиртийн агууламж илрэв... цусанд 1,8 промилли спиртын агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/,
Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/0214 дугаартай “...А.А-ийн биед зүүн дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. А.А-ийн биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Учирсан зүүн дунд чөмөгний зөрүүтэй далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбарууд /хх-ийн 84-109 дүгээр хуудас /,
Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “...Б.Л 06-59 ДГС улсын дугаартай Сонота-6 маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/ 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь зүйлийн А-... тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн, 3.4 дүгээр зүйлийн Б- ... хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон...жолооч Б.Л нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна ” гэх магадлагаа /хх-ийн 135-137 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр... гэрийнхээ гаднаас 06-59 ДГС улсыг дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сайншанд сумын 2 дугаар баг, Мандахнаран хороололд байдаг Б-ийн гэрийн гадаа очсон. Би замаараа Миссури дэлгүүр орж 0,5 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи авсан байсан, тэр архийг Б бид 2 байрны гадаа машиндаа уусан, дараа нь Б 1 шил архи авсан шиг санагдаад байна, тэр архийг ууж байгаад бид 2 манай гэрт очсон. Манайх руу явахад хэн машин жолоодсоныг санахгүй байна... эхнэр А машин жолоодоод Б-ийг гэрт нь хүргэж өгчихөөд тэдний гэрийн гаднаас би эхнэрийн үгэнд оролгүй машинаа жолоодоод зүүн хойш наадмын талбайн чигт засмал замаар явж байгаад шороон зам руу орж өндөр хүчдэлийн шон мөргөсөн, машинд эхнэр бид хоёроос өөр хүн яваагүй... бид гэрлэлтийн баталгаа байхгүй, 2017 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, эрхээ хасуулаад сэргээгээгүй байгаа... миний духны яс цөмөрсөн, нүд хацар орчимд оёдол тавьсан, баруун талын 7 дугаар хавирга хугарсан... би согтсон байсан, жолоодох эрхийн үнэмлэхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан нь миний буруу... миний биеийн байдал одоо гайгүй байгаа, мөн эхнэрийн биеийн байдал ч давгүй байгаа... 06-59 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр шилжээгүй байгаа, учир нь үлдэгдэл мөнгөө Б-д өгөөгүй байгаа... би жолоо барьж явснаасаа хойш осолд орох хүртлээ юм санахгүй байна... ослын улмаас манай эхнэрт гомдол , санал байхгүй, Б-д гомдол санал байхгүй, машиныг би өөрөө янзлуулаад нэр дээрээ шилжүүлж авна, мөн мөргөсөн өндөр хүчдэлийн шон эвдрээгүй учраас нэхэмжлэхгүй гэсэн, үүнээс харахад надаас нэхэмжлэх зүйлтэй хүн болон байгууллага байхгүй байна... би маш их харамсаж байна, бодохоор л өөрийгөө буруутгаж байна, би дахин хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй... би огт жолоонд сууж үнэмлэхгүй аваагүй...” гэсэн мэдүүлэг болон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, шинжээчийн дүгнэлтийн талаар эсрэг санал гаргаж үгүйсгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Л-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ж овогт Б.Л-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/ 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь зүйлийн А-... тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн, 3.4 дүгээр зүйлийн Б- ... хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн болон эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дэх хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овогт Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.Л-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох, жолооны дамжаанд суралцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Л-д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.Л нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА