Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1256

 

             

 

 

 

 

 

   2020        07         06                               2020/ШЦТ/1256

 

                                          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Ц.Гантулгабат

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:

шүүгдэгч: М.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Д холбогдох эрүүгийн 2006 00000 1692 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, М.Д,1984  оны 3 дугаар сарын 02-ны  өдөр Завхан  аймгийн Улиастай суманд  төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөх тэнгэрийн хүлэг вакум цонхны үйлдвэрт  ажилладаг,  ам бүл 2 , эцгийн хамт Баянзүрх  дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 3 дугаар гудамжны 21 тоотод оршин суудаг гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял штйьгэгдэж байгаагүй,

           Холбогдсон хэргийн талаар:

           Яллагдагч М.Д нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр архидан согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зүүн хүрээ хотхоны урд талын 202 дугаар байрны гадна иргэн Д.Гансүхтэй  маргалдсан улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

       Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: : Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг,

       Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Гансүхээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 4-5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 6977 дугаар дүгнэлт /хх-н 11-13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар М.Даас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, хохирогчийн хүсэлт /хх-н 29/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч М.Д нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр архидан согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зүүн хүрээ хотхоны урд талын 202 дугаар байрны гадна иргэн Д.Гансүхтэй  маргалдсан улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

       Хохирогч Д.Гансүхийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Доржжав согтсон үедээ машинаа барьж байрны хаалганд тулаад зогсчихсон байсан ба би мөргөчихлөө гэж санаад очиж хэлээд бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсээд Доржжав намайг нүүрэн тус газар шанаа орчмоор нэг удаа гараараа цохьсон гэх мэдүүлэг / хх-н 6-10/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 6977 дугаар дүгнэлтээр Д.Гансүхийн биед зүүн нүдний зовхи, алимны салстын цус хуралт, дээд уруулын гадна, дотор талын шарх, цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-п зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой  гэж тогтоогджээ / хх-н 12-13/,

Шүүгдэгч  М.Дын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...  Намайг очиход Гансүх ажлынхантайгаа уусан байсан ба очоод хамт уусан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад би өөрийн автомашинаа жолоодоод явах гээд байрны хаалтан дээр тулаад зогссон чинь Д.Гансүх байрны хаалт мөргөчихлөө гээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би согтуу байсан болохоор түүний нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохьсон. Би буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг / хх-н 19-20/,  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцэв.

 М.Д холбогдох хэргийн зүйлчлэл зэв тохирсон байх тул М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч М.Дд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Хохирогч  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 29/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч М.Дын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

         Шүүгдэгч М.Д нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. М.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар М.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Д нь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар М.Д нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          5. М.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Д нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

  7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр М.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН