Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 902

 

  

 

 

 

 

 

     2020          10         14                                   2020/ШЦТ/902

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт М-гийн Тд холбогдох эрүүгийн ,,,,, тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, БГД-н 22-р хороо, Зүүн Нарангийн 10-р гудамж, 211 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ЧО81031271 дугаарын регистртэй, Б овогт М-гийн Т.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Т нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд хохирогч Т.Г-ын хамран тус газар нь цохиж биед нь тархи доргилт, хамар ясны зүүн хажуу хананы далд хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Тгийн өгсөн:

“...Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр БГД-н 22-р хороо Зүүн Нарангийн ... тоот гэртээ ганцаараа байхдаа 1 шил 0,75 литрийн архины талыг нь уусан. Манай найз 6 сард өнгөрсөн байсан болохоор сэтгэлээ тайтгаруулж хэдэн өдөр гэртээ ганцаараа архи уусан. Тэгээд тэр өдөр би нилээд муудсан байсан зарим юмаа огт санахгүй байгаа. Тухайн үед хохирогч Т.Г-ын биед учирсан уг гэмтлийн би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Г-ын өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 16-нд би ажлаа тараад эгчийнхээ гэрт очоод байж байгаад орой танил Л гэгчтэй уулзаад хамт БГД-н 22-р хороо Зүүн нарангийн гудамж уулын орой дээр байдаг овоон дээр гараад удаагүй байхад овооны хажуу айлын эгч гарч ирээд та нар яагаад хог тариад байгаа юм бэ битгий архи уугаад бай гэхээр нь би архи уугаагүй учир архи уугаагүй хог тариагүй гэдгээ хэлээд дөнгөж ирж байна гэхэд уг эгч та нарыг мэдэхгүй хэн байсан юм энэ газар хүмүүс хог тариад байдаг яв гэсэн. Тэгээд би машинаас буусан. Тэгэхэд нохой нь гараад ирсэн тэгээд би машиндаа суугаад явах гэж байхад овооны арын хашаанаас нэг танихгүй цээж нүцгэн согтуу залуу гарч ирээд чи яагаад томроод байгаа юм гөлөг минь гээд миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад би машинаас буугаад цагдаа дуудсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.З-гийн өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 16-нд гэртээ байхад манай урд овооны хажууд машинтай эрэгтэй, эмэгтэй 2 ирээд дуу чанга тавиад шуугиад байхаар нь та нар болиочээ гээд гарч хэлсэн. Тэгэхэд манай нохой гарч ирээд хуцсан тэгэхэд уг залуу намайг нохойгоо гаргаж уруулах гэсэн гээд би яв гэж хэлээд байж байгад манай хажуу талын хашааны айлын Т гэх залуу гарч ирээд уг залууг чи яагаад байгаа юм бэ гээд маргаад уг залуу нь Т рүү хэл амаар доромжилоод машиндаа суугаад байсан. Тэгэхэд Т уг залууг нэг удаа цохисон. Тэгэхэд уг залуугийн хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ... тоот:

1. Т.Г-а-н биед тархи доргилт, хамар ясны зүүн хажуу хананы далд хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 26-27/,

 

- хохирогч Т.Г-ын “...М.Ттэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн надад одоо ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 60/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 41/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 42/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Т нь 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд хохирогч Т.Г-ын хамран тус газар нь цохиж биед нь тархи доргилт, хамар ясны зүүн хажуу хананы далд хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч М.Тгийн “...Тухайн үед хохирогч Т.Г-ын биед учирсан уг гэмтлийн би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Т.Г-ын “...машиндаа суугаад явах гэж байхад овооны арын хашаанаас нэг танихгүй цээж нүцгэн согтуу залуу гарч ирээд чи яагаад томроод байгаа юм гөлөг минь гээд миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.З-гийн “...Т уг залууг нэг удаа цохисон. Тэгэхэд уг залуугийн хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7210 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Т.Г-ын “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/, “...М.Ттэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн надад одоо ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 60/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Тд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос М.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт М-гийн ТГ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ