Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 528

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: НДЕГ , БГДНДХ

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Ц.Б-ын тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн тогтоохгүй байгаа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, хууль болон шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэврийг тооцож олгохыг БГДНДХт даалгах, хууль болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэврийг тооцоогүйн улмаас дутуу олгогдсон тэтгэврийг нөхөн тооцож олгохыг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Д.Б, Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б миний бие 2016 онд тэтгэвэрийн насанд хүрч БГД-ийн НДХ-т хүсэлт гарган улмаар 2016 оны 3-р сарын 1-ээс тэтгэвэрээ тогтоолгосон юм.

Миний бие хуучнаар ЗХУ-ын Москва хотод Хилийн цэргийн дээд сургуульд 1973 онд явахдаа аттестатгүйн эрхэнд ангийн анд П.Б-ын аттестатыг ашиглан шалгалт өгч тэнцэн явснаар 1973-1989 онуудад миний сургуульд сурсан, НАХЯ-ны хилийн цэргийн анги салбаруудад ажиллаж байсан бүх хугацаанд хамаарах бичиг баримтууд маань бүгд П.Б нэртэйгээр гарсан билээ.

Хариуцагч нийгмийн даатгалын байгууллага нь Ц.Б миний тэтгэврийг анх тогтоохдоо шүүхийн шийдвэрийн дагуу П.Б нэрээр цэргийн албанд ажилласан энэ хугацааг нийт ажилласан жилд маань оруулан тооцож тэтгэвэр тогтоосон атлаа тэтгэврээ нэмэгдүүлэхийг хүссэн өргөдлийг “П.Б нэрээр гарсан лавлагааг үндэслэн шийдвэрлэх боломжгүй” илт үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэр нь миний Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасны дагуу цэргийн албанд ажилласан “нэг” жилийг “нэг жил 6 сар”-аар тооцуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох” эрхэнд хуульд заагаагүй үндэслэлээр халдаж, уг эрхийг зөрчсөн, бодит нөхцөл байдалд тохироогүй илт хууль бус шийдвэр болсон.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/217 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, миний цэргийн алба хаасан хугацааг Цэргийн алба, хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасны дагуу тооцож, өндөр насны тэтгэврийг зөв тогтоож олгохыг хариуцагчид даалгах, энэхүү илт хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол дутуу олгогдсон тэтгэврийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж байгаа нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч НДЕГ т холбогдох “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/217 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, цэргийн алба хаасан хугацааг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тооцож, өндөр насны тэтгэврийг зөв тогтоож олгохыг хариуцагчид даалгах, дээрх илт хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол дутуу олгогдсон тэтгэврийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Б нь НДЕГ т 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл гаргажээ.

Түүний өргөдлийн дагуу манай байгууллагын Хяналт шалгалтын газар холбогдох баримтуудыг судлаад 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/217 дугаартай албан бичгээр “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/05662 дугаар шийдвэрээр П.Б нэрээр гарсан архивын лавлагаа нь Ц.Б хамааралтай баримт гэдгийг нотлох шаардлагагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд П.Б-ын нэрээр гарсан архивын лавлагааг үндэслэн таны ажилласан хугацааг нэмэгдүүлэх боломжгүй байна.” гэсэн хариу өгсөн байх бөгөөд уг албан бичгийг 2017.09.26-ны өдөр гардан авсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж хуульчилжээ.

Манай байгууллагын дээрх өргөдлийн хариу болох 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/217 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актад хамаарахгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь анхан шатны нэгж гэдгээрээ тэтгэвэр тогтоох эрхтэй байдаг. Шийдвэр гаргах эрх байхгүй. Тэтгэвэр авагчийн материал болон шаардлагын дагуу энгийнээр тэтгэврийг шүүхээр шийдвэрлэхэд ирсэн жилийг тооцож энгийнээр Ц.Б-ын тэтгэврийг тогтоосон. Архивын лавлагаа өөр нэрээр гарч ирэх нь асуудалтай.” гэжээ.

 ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Ц.Б нь анх “Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/217 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох, миний цэргийн алба хаасан хугацааг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тооцож, өндөр насны тэтгэврийг зөв тогтоож олгохыг хариуцагчид даалгах, дээрх илт хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол дутуу олгогдсон тэтгэврийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Ц.Б-ын тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн тогтоохгүй байгаа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, хууль болон шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэврийг тооцож олгохыг БГДНДХт даалгах, хууль болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэврийг тооцоогүйн улмаас дутуу олгогдсон тэтгэврийг нөхөн тооцож олгохыг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх “Ц.Б-ын тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэвэр тогтоохгүй байгаа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, хууль болон шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэврийг тооцож олгохыг БГДНДХт даалгах, хууль болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэврийг тооцоогүйн улмаас дутуу олгогдсон тэтгэврийг нөхөн тооцож олгохыг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин үлдэх шаардлага болох “Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж заасан ба нэхэмжлэгч нь уг хуулийн заалтын дагуу миний өндөр насны тэтгэврийг тооцож олгох ёстой гэж маргаж байна.

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн № 02/960 тоот архивын лавлагаа болон мөн тус Тусгай архивын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн № 05/5166 тоот архивын лавлагаанд “П.Б нь НАХЯ-ны сайдын 1973 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаар тушаалаар ЗХУ-ын Хилийн цэргийн дунд сургуульд сонсогч...УЦСЕГ-ын даргын 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/289 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлөгджээ.” гэсэн байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1700 дугаар шийдвэрээр Ц.Б-ыг 1973 оноос 1976 оны хооронд ЗХУ-ын Москвагийн Хилийн цэргийн командын дээд сургуульд сурч байсан, 1976 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 7 дугаар отрядод салаан даргаар, 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 0151 дүгээр ангид салаан захирагчаар, 1981 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 0229 дүгээр ангид салаан захирагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосон байна.

Дээрх шүүхийн шийдвэрээр Ц.Б-ын ажиллаж байсан байдлыг тогтоохдоо Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/960 дугаар архивын лавлагааг үндэслэл болгосон байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2016/05.... дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ц.Быг ... ажиллаж байсан байдлыг тус тус тогтоохдоо Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/960 дугаар албан бичгийг үндэслэл болгосон байна... П.Б гэдэг нэрээр гарсан лавлагааг үндэслэн түүний ажилласан байдлыг тогтоосон, Ц.Б-т хамааралтай баримт гэдгийг дахин нотлох шаардлагагүй байх тул” гэсэн үндэслэлээр “Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох”-ыг хүссэн Ц.Б-ын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх нотлох баримтууд болон шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд Ц.Б-ын ажилласан байдлыг буюу ажилласан жилийг П.Б нэрээр гарсан Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагааг үндэслэн тогтоосон шүүхийн шийдвэр байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

Ц.Б-ын ажилласан байдлыг буюу ажилласан жилийг П.Б нэрээр гарсан Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагааг үндэслэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх ба уг шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хариуцагч гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд БГДНДХт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгчийн “Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/217 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/217 дугаар албан бичгийг илт хууль бусад тооцох ёстой” гэсэн агуулгаар тодорхойлон маргаж байх боловч энэ үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь хууль тогтоогчоос илт гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”

47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”,

47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”,

47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”

47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”

47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”,

47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”,

47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан нэрлэж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.

Илт хууль бус гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл болон хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/217 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт гэж шүүхээс дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл тус 6/217 дугаар албан бичиг нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

Иймд шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Ц.Б-ын тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасны дагуу болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1700 дугаар шийдвэрийг үндэслэн тогтоохгүй байгаа Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх хууль болон шүүхийн шийдвэрийг үндэслэн Ц.Б-ын тэтгэврийг тогтоохыг БГДНДХт даалгаж, дээрх хууль болон шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэврийг тогтоогоогүйн улмаас дутуу олгогдсон тэтгэврийг нөхөн тооцож олгохыг БГДНДХт даалгаж, үлдэх “Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн № 6/217 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.Б