Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 16

 

  З.Нарангэрэлд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

         Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжтай, З.Нарангэрэлд холбогдох 1828000000015 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын эрүүл мэндийн төвийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Ханхонгор сум, 3-р баг, Баян 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Боржигон Анчин овгийн Зоригсайханы Нарангэрэл /регистрийн дугаар КК88061018/ нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эхнэр Д.Оюунгэрэлийн бие эрх чөлөөнд халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Анчин овгийн Зоригсайханы Нарангэрэлд холбогдох 1828000000015 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, З.Нарангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурор Ц.Ариунжаргал 2018 оны 5/10 дугаар эсэргүүцэлдээ: “... хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

          Шүүх хуралдаанд оролцож дүгнэлт явуулахдаа шүүгдэгч Д.Оюундэлгэр гэгчийн эрүүл мэндэд халдсан гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан.

          Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно... гэж заасан байх тул шүүгдэгч З.Нарангэрэлийн 2010.08.12-ны өдөр Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол болон хохирогч Д.Оюундэлгэрийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг Давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч, шийдвэрлэх боломжтой байна.

          Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2018 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаартай дүгнэлтэд “1. Д.Оюундэлгэрийн биед тархины доргилт, хуйх, баруун түнх орчмын зөөлөн эдийн няцрал, үс халцарсан, эрүү, 2 гарын сарвууны зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Баруун түнх сарвууны гэмтэл нь зам тээврийн ослын улмаас, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж дурдсан байхад зам тээврийн ослын улмаас гэмтэл учирсан талаарх тодруулах ажиллагаа хийгээгүй орхигдуулсан байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

          Учир нь 66 тоот шинжээчийн дүгнэлтэд “баруун түнх сарвууны гэмтэл нь зам тээврийн ослын улмаас, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой, уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж заасан. Дээрх шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулаагүй, дээрх зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байна.

          Хохирогч Д.Оюундэлгэр нь нөхөр З.Нарангэрэлийг тээврийн хэрэгсэл жолоодож явах үед өөрөө автомашинаас үсрэн буусан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Д.Оюундэлгэр, яллагдагч З.Нарангэрэл нарын мэдүүлгээр тогтоогдож дээрх үйлдлээс биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй.

          Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх нь З.Нарангэрэлд холбогдох 1828000000015 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Өмнөговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 тоот тогтоолоор З.Нарангэрэлийг эхнэр Д.Оюунгэрэлийн бие эрх чөлөөнд халдан бие махбодид нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж тухайн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн байна.

          Дээрх тогтоолоос гадна эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал,  яллах дүгнэлт зэрэгт хохирогчийн нэрийг Д.Оюунгэрэл гэсэн байна. /хэргийн 16, 46 дугаар тал/

          Мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх санал нь прокурорын эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарган улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, яллах дүгнэлт нь нотолбол зохих байдлыг нотолж хэргийн бодит байдлыг тогтоож мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгасныг тодорхойлох эрх зүйн үндэслэл болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших тул эрх бүхий этгээдийн шийдвэрт эрх нь зөрчигдсөн гэж үзсэн иргэнийг хохирогч гэж үзнэ.

Иргэн бүр нэртэй байх, уг нэрээр эрх зүйн харилцаанд оролцохыг Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт иргэн өөрийн нэртэй байна, мөн зүйлийн 20.3 дахь хэсэгт иргэний нэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ. Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ. Гагцхүү хуульд заасан нөхцөл, журмын дагуу зохиомол нэр хэрэглэж болно гэж хуульчилжээ.

            Иймд эрх бүхий этгээдийн шийдвэрт нэр нь тусгагдсан Д.Оюунгэрэлийг энэ хэргийн хохирогч гэнэ.

            Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхтэй ба мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож хариуцлага тооцуулах үүрэгтэй. Иймд хохирогчийн эрх зүйн байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

            2.Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч З.Нарангэрэлийг “ял шийтгэлгүй” гэж бичсэн боловч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд З.Нарангэрэлийг 2010 оны 8 дугаар сарын 12-нд Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж байсан тухай тэмдэглэгдсэн байна. /хэргийн 46, 21 дүгээр хуудас/ Гэтэл хэрэгт З.Нарангэрэлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан гэх шийдвэр  байхгүй байна.

           З.Нарангэрэлийн хувийн байдлыг тодруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т зааснаар яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалд нөлөөлнө.

           4.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь хохирогчоор тогтоогдоогүй Д.Оюундэлгэрийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж үзсэн. Нэр дурдагдаж буй Д.Оюундэлгэр нь жирэмсэн байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх боловч энэ нь уг хэргийг хүндрүүлэх шинж болох эсэх талаар  прокурор дүгнээгүй байна.

            Цагдаагийн албан хаагч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн а/37 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу хийжээ. /хэргийн 25, 26 дугаар хуудас/

Уг үнэлгээнд Д.Оюундэлгэр гэгч нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч амиа хорлох сэдэл төрсөн, эсхүл оролдлого хийж байсан, хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчийг багалзуурдан амьсгал боох болон хараах зүхэж, хашгичих хэлбэрээр гутаан доромжилдог гэсэн эрсдэл бүхий нөхцөл байдал үүсэж байсан талаар “тийм” гэсэн хариулт өгсөн нь түүнийг бие махбодийн болон сэтгэл санааны халдашгүй байдлаараа хохирсон байхыг үгүйсгэхгүй байна.

Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй гэж үзэх үндэслэл бий болох магадлалтайг дурдах нь зүйтэй. 

Түүнчлэн хохирогчийн эрх зүйн байдал тодорхойгүй тохиолдолд П.Оюундэлгэрийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдалд хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзэн прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс хянах боломжгүй байна. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлыг шийдвэрийн үндэслэл болгоогүй бөгөөд харин энэ талаар дурдсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотолбол зохих байдлыг нотлоогүй түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүйгээс хохирогчийн эрхийг зөрчсөн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны шүүх З.Нарангэрэлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжгүй байх тул  анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

   Прокурор нь З.Нарангэрэлийн урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, П.Оюундэлгэр гэх иргэний иргэний үнэмлэхийн хуулбарыг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүхээс З.Нарангэрэлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулаагүй тул З.Нарангэрэлийн урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу талуудаас ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой гаргаж өгч буй нотлох баримт гэж үзэх боломжгүй  байна.

Мөн Д.Оюундэлгэрийн иргэний үнэмлэх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, шинжлэн судлагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасны дагуу иргэний үнэмлэхийг давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА