Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01576

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01076 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1245 дугаар магадлалтай,

Д.Бийн нэхэмжлэлтэй

Э.Дд холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 21 647 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шинэ зуун хотхон 24а байр, 29 тоотод оршин суугч Д.Б миний бие Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити Яармаг гудамжинд байрлах 1/9 байр, 1-3 тоотын 60 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Дд сар бүр 1.200.000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх гэрээ байгуулсан. Түрээслэгч Э.Д түрээсийн төлбөрийг багасгах санал гаргаж, 2015 оны 05 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг багасгаж 1.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирж гэрээг шинэчлэн 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг 12 дугаар сард 500.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 250.000 төгрөг, 3 дугаар сард 210.000 төгрөг, 4 дүгээр сард 100.000 төгрөг шилжүүлэх байдлаар түрээсийн гэрээгээ зөрчиж эхэлсэн. Эрэн сурвалжилсаны үр дүнд Э.Д надтай холбогдож түрээслэн ашиглаж байсан байрыг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагч Э.Даас нэхэмжлэгч Д.Б надад түрээсийн гэрээний төлбөр 14.385.000 төгрөг, алданги 7.192.500 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 21.647.700 төгрөгийн түрээсийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 1 дүгээр сараас авахуулаад түрээсийн төлбөрийг 600.000 төгрөгөөр тооцохоор болсон. 2016 оны 11 дүгээр сард тооцоо нийлсэн. Тооцоо нийлээд авсан, өгсөн үнийн дүнг тооцоод 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 4.800.000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй. 11 болон 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг 600.000 төгрөгөөр тооцож авъя гэсэн. Түрээслүүлэгч нь 1 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн эд хөрөнгөө өөрөө авч дэлгүүрт байгаа эд хогшлыг түрээсийн төлбөртөө суутгалаа гэсэн байдаг. 2016 оны тооцоо 6.000.000 төгрөг, 2017 оны 1 сарын тооцоо 600.000 төгрөг, нийт 6.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр буюу тооцоо нийлсэн өдрөөс хойш 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10 удаагийн төлөлтөөр 3.600.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл төлбөрөөс төлөлт хийснийг хасахаар 3.000.000 төгрөг үлдэж байгаа. Цоожийг сольж явснаас хойш энэ дэлгүүрийг ашиглаагүй нь нэхэмжлэгчийн буруу, өөр бусад хүнд түрээслэх боломжтой байсан. 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд олсон бүх мөнгөө төлбөртөө хийсэн байсан. Хамгийн сүүлд 6 дугаар сарын 30-ны өдөр төлбөр хийсэн байдаг. Харилцан ашигтай байдлаар гэрээ нь үйлчилдэг байсан. Орлого, ашиггүй байгааг нь мэдсээр байж, нэг сар харъя гэж хэлчихээд яагаад энэ хүн төлбөр тооцооны асуудлыг үргэлжлүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгааг ойлгохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01076 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Даас 7.584.700 /долоон сая таван зуун наян дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.063.000 /арван дөрвөн сая жаран гурван мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266.188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Даас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 136.305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1245 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Дын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Дын төлсөн 136 305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4 дэх заалтыг буруугаар тайлбарлаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хянавал хэсэгт “...давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, хүсэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхийг хуулиар олгоогүй. Давж заалдах гомдолд заагаагүй асуудлаар гомдол гаргагчийн талд ашигтайгаар шийдвэр гаргах нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, мэтгэлцэх зарчимд нийцэхгүй...” гээд гомдлыг хангахаас татгалзжээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөч, хариуцагчийн төлөөлөгч нар оролцож мэтгэлцэж, тайлбар гаргаж талууд шүүхийн асуултанд хариулж шүүх хуралдаан хуулийн дагуу явагдсан. Шүүх хуралдаанд анхан шатны хуралдаанд оролцоогүй шинэ зүйл огт хэлэлцэгдээгүй. Гэтэл шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар шийдвэрт өөрчлөлт оруулах эрхгүй гэдэг нь өөрт олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс татгалзсан гэж гомдол гаргаж байна. 2. Хянавал хэсэгт нэхэмжлэгч цоожны голыг сольсон. Дараа нь нэг сараар сунгана гэж ярьсан талаар хэн ч үгүйсгээгүй талаар дурьджээ. Цоожны голыг солихдоо 1 сар сунгахаар хэлсэн нэхэмжлэгчийн тайлбараар үзвэл 2017 оны 1 сарын сүүлд цоожны гол сольсон гэвэл 2-р сараас хойш түрээсийн мөнгө нэхэх эрхгүй болохыг харуулна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-д дахь заалтыг зөрчиж шийдвэрлэсэн. 3. Нэхэмжлэгч тал цоожны голыг солиод түлхүүрийг авсан. Түрээсийн гэрээний эцсийн тооцоог 2016 оны 11 сард хийсэн. Цоожны гол солихдоо зөвхөн 1-р сард ажиллах зөвшөөрөл авсан. Тавилгыг барьцаалан авсан гэдгээ хэлсэн. Дээрхи байдлаар өөрийн мэдэлд байгаа өөр этгээдэд түрээслүүлэх боломжтой, энэ талаар хариуцагч тал маргахгүй байгаа буюу эрхээ хэрэгжүүлээгүйн бурууг хариуцагч Э.Дд тохсон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. 4. Нэхэмжлэгч тал 2017 оны СӨХ-ийн мөнгө гэрэл цахилгааны мөнгийг төлсөн учир түрээс төлөх ёстой гэсэн. Шүүх дээрхи төлбөрийг төлж байсан эсэх баримтыг гаргуулахаар хойшилж, хойшилсон хугацаанд санхүүгийн баримт ирсэн байдаг. Гэтэл тэр баримтууд дотор 2017 оны баримтыг байхгүй байсан байхад шүүх уг баримтуудыг нягталж шалгалгүйгээр 2017 оны санхүүгийн баримт байгаа гэж таамаглаж шийдвэрлэсэн. Иймд дээрхи 4 үндэслэлээр шийдвэр магадлалыг зөвшөөрөхгүй байгаа учир шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан баримтаар тогтоогдсон эзэн нь байраа хүлээн авсан, түрээслэгч Э.Д гэрээ цуцлагдсан гэж үзээд ашиглаагүй орхисон 7 сарын төлбөр болох 4 200 000 төгрөгийг хасч шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.            

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Дд холбогдуулан 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын 30 хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 14 385 000 төгрөг, алданги 7 192 500 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 21 647 700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээгээр Д.Б нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити Яармаг гудамж, 1/9 байр, 1-3 тоот 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дэлгүүр ажиллуулах зориулалтаар шилжүүлэх, Э.Д нь түрээсийн төлбөрт сар бүр 1 000 000 төгрөгийг төлөхөөр тохирсон, уг гэрээг түрээсийн гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцжээ. Зохигч талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилсөн эсэх, түрээсийн зүйлийг буцааж өгсөн хугацааг зохигчид маргасан, шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлсон байна.

Хоёр шатны шүүх Д.Бийн гарын үсэг бүхий 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн бичгийн баримт дахь “...11 дүгээр сарын 04-ний байдлаар 4 800 000 төгрөг дутуу... 11, 12 сард тус тус 600 000 төгрөгийг төлөх...” гэсэн баримтын /хх-ийн 61/ агуулгыг тайлбарлаж, талууд түрээсийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сараас эхлэн сарын 600 000 төгрөг болгон өөрчилсөн талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

Түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусах боловч гэрээ цуцлагдсан байх ба хариуцагч нь 2017 оны 1 дүгээр сарын 29-нөөс үйл ажиллагаа явуулаагүй, түрээслэгч түрээсийн байрны цоожны голыг сольсон гэсэн бол нэхэмжлэгч нь хариуцагч түрээсийн зүйлийг буцааж өгөөгүй, шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан, түрээсийн зүйлийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр авсан тул энэ хүртэл хугацааны төлбөрийг төлөх ёстой гэж маргажээ.

Зохигчдын тайлбараас үзвэл 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр түрээслэгч Д.Б байрны цоожийг сольсон нь тогтоогдсон, үүнээс хойш түрээслэгч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан байдал хэрэгт байгаа баримтаар нотлогдоогүй байна. Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, Э.Дыг эрэн сурвалжлах тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/02377 дугаар шийдвэр гарснаас үзэхэд хариуцагч энэ хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаагүй байна. Э.Дын зүгээс 2017 оны 09 дүгээр сарыг дуустал СӨХ-ийн төлбөр төлсөн гэх Вива сити ААН-үүдийн холбоо ТББ-ын албан бичиг, гэрчийн мэдүүлэг  түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласныг нотлохгүй юм.

Иймд хариуцагчийг 2017 оны 01 дүгээр сарын 29 хүртэл хугацаанд түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан гэж үзэж, 6 600 000 төгрөг төлөхөөс төлсөн 3 500 000 төгрөгийг  хасч тооцоход 3 100 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, гэрээний 3-д зааснаар алдангийг хоногийн 0,1 хувиар, хэтэрсэн хугацаа болох 39 хоногт бодоход 120 900 төгрөг, нийт 3 220 900 төгрөгийг гаргуулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1245 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01076 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...7 584 700...гэснийг ... 3 220 900...гэж, ...14 063 000 ...гэснийг 18 426 800...гэж, 2 дах заалтад ...136 305 ...гэснийг 66 484...гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136 305 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА