| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0035/э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 17
А.Отгонбатад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Ариунжаргал
Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр А.Отгонбатад холбогдох 1728000000054 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Отгонбат нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг, Гурван сайханы 1-32 тоотод оршин суух гэртээ 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн эхнэр Б.Буянхишигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч А.Отгонбатыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Отгонбатыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Отгонбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Отгонбат нь 600000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.Отгонбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Улсын яллагч эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх зааалтад Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байна.
Иймд шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү гэжээ.
Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Отгонбатыг 600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй гэжээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгжтэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ ...гэсэн заалт, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн 1.3-т заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын
прокурор Б.Болор-Эрдэнийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 5/09 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу А.Отгонбатад холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагааг явуулаагүй байна.
Хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь А.Отгонбатыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Б.Буянхишигийн эрх чөлөөнд халдан бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, А.Отгонбат хаана байгаа нь тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэсэн үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1728000000054 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-1/ гаргасан.
Мөн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1728000000054 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаахдаа мөрдөн байцаалтаар А.Отгонбат нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй, А.Отгонбат хаана байгаа газар нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлийг заасан. /хх-50/
Мөн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 17 дугаартай тогтоолд А.Отгонбат нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр Б.Буянхишигийн бие эрх чөлөөнд халдаж бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэжээ. /хх-41/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2.2, 30.17 дугаар зүйлийн 1, 32.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргасан прокурорын тогтоолуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй гэж дүгнэсэн болно.
Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад: Шүүгдэгч А.Отгонбат нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг, Гурван сайханы 1-32 тоотод оршин суух гэртээ 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн эхнэр Б.Буянхишигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс шинжлэн судлаад тогтоосон үйл баримт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй тохирч байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Отгонбатад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Харин анхан шатны шүүхээс А.Отгонбатад оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг мэдэгдэхдээ Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг тус тус баримталж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зорилт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж заажээ.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгуулийн ялыг биелүүлэх хугацааг заагаагүй учир дээр хуулийн заалтыг баримтлан гаргасан шүүхийн шийдвэрийг зөвтгөж өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд прокурорын эсэргүүцэлд дурдсан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг” хүссэн үндэслэлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан болно.
Анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөхийн тулд давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлтийг хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Х.ГЭРЭЛМАА