Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2017/00020

 

Ж.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Ц.Цолмонгэрэлд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 138/ШШ2017/00307 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяагийн давж заалдах гомдлоор Ж.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Ц.Цолмонгэрэлд холбогдох барьцаалан зээлдэх гэрээний үүрэг 2460000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 онд Суурь Өсөх ХХК-ний барьцаат зээлийн газарт өөрийн эхээс өвлөж ирсэн 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг 360.000 төгрөгийн барьцаанд тавьж, 2014 оны 04 сарын 9-ний өдрийг хүртэл сар бүр 36.000 төгрөгийн хүүг тасралтгүй төлж ирсэн. Гэрээг түүнээс хойш сунгаагүй. 2014 оны 6 сард ломбарданд байдаг Цолмонгэрэлтэй таарч эгч нь мөнгөгүй болоод очиж чадахгүй байна мөнгөтөй болмогц очно гэхэд Цолмонгэрэл тэгээрэй гэсэн. Тэгээд наадмын олон хоног таарч очиж чадахгүй байсаар 2014 оны 7 сарын сүүлчээр очиход Цолмонгэрэл эмээлийг чинь манай нөхөр Архангай аймаг руу заруулахаар явуулсан гэсэн. Тэгэхээр нь би эхээс маань өвлөгдөж ирсэн эмээл зарж болохгүй гэдгийг хэлсэн. Танайд барьцаанд тавиад удсан ч гэсэн хүүг нь байнга төлж байсан, хүний үнэтэй цэнэтэй юмыг зарж болохгүй гэхэд Цолмонгэрэл би мэдэхгүй нөхөр мэднэ гэсэн. 2014 оны 8 сард очиход 1.028.000 төгрөг төлөөд эмээлээ ав гэсэн. Тэгээд 9 сард 1.028.000 төгрөг олоод очтол дахин 550.000 төгрөг нэмж төл гэхээр нь яасан их мөнгө төлдөг юм бэ гэхэд манай нөхөр мэднэ гэсэн тайлбар өгсөн. Тэгээд миний эмээл байгаа эсэхийг асуухад таны эмээл анх өгсөн боолттойгоо байгаа гэж байсан. Тэгээд Цолмонгэрэлтэй үл ойлголцсон учир мөнгөө өгч чадалгүй буцсан. 2014 оны 10 сард Цолмонгэрэлтэй утсаар ярихад эмээлийг чинь авсан хүн УБ хот явах гээд байна мөнгөө яаралтай шилжүүл гэхээр нь дансаа явуулчих гэсэн чинь нөхөр Батсуурийнхаа дансыг явуулсан байсан. Энэ мэтээр худлаа яриад эмээлийг маань өгөхгүй байна. Иймээс Цолмонгэрэлээс эмээлээ гаргуулан авах буюу эмээлийн үнэ 4.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч албан ёсоор орон нутгийн үнэлгээгээр 3 сая төгрөг гэж үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа нэг сая төгрөгийг хасаж тооцож, үлдэгдэл 3 сая төгрөгнөөс үндсэн зээл 360000 төгрөг, алданги 180000 төгрөгийг хасаж 2460000 мянган төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дамдинсүрэн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цаг хугацааны хувьд андуурч бичсэн болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээ 2012 оны 9 сарын 29-ний өдөр байгуулагдсан бөгөөд 2013 оны 04 сарын 9-ний өдрийг хүртэл хүү төлсөн болох нь нотлогдож байгаа. Ж.Дамдинсүрэнгийн хувьд ломбарданд эмээлээ барьцаанд тавьсан гэдэг нь үнэн бөгөөд хүү алдангийг хүртэл төлсөн байдаг. Нэхэмжлэгч барьцаат зээлийнхээ хүү алдангийг төлөх тусам хүү алданги нь өсөөд байсан учраас энэ 2 хүний хооронд маргаан үүссэн байгаа. Ж.Дамдинсүрэн нь Ц.Цолмонгэрэлд эмээлийг зарж болохгүй талаар удаа дараа хэлсэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр эмээлийг 1.000.000 төгрөгөөр бусдад зарсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Ц.Цолмонгэрэл нь Ж.Дамдинсүрэнг барьцааны зүйлийн гэрээний сунгалт хийсэн гэж хариуцагч тайлбарлаж буй боловч Ж.Дамдинсүрэн гэрээг сунгасан талаар гарын үсэг огт зурж байгаагүй, Ц.Цолмонгэрэл л гарын үсгээ зурж тэмдэглэл хийсэн байдаг. Алдангийн 50 хувь болох 540000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа хамгийн гол нь үе удам дамжиж ирсэн эмээлээ буцааж авахыг л хүсч байгаа юм. Барьцаалан зээлдэх газар нь бусдын эд хөрөнгийг зарж борлуулахдаа зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй байдаг боловч хариуцагч тухайн үүргээ биелүүлгүй бусдын эд хөрөнгийг зарж борлуулсан байна. Орон нутгийн үнэлгээгээр 3 сая төгрөг гэж үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа 1 сая төгрөгийг хасаж тооцож, үлдэгдэл 3 сая төгрөгнөөс үндсэн зээл 360000 төгрөг, алданги 180000 төгрөгийг хасаж 2460000 мянган төгрөг нэхэмжилж байна. Иймд шүүхээс хүсэхэд 2.460.000 төгрөгийг Ц.Цолмонгэрэлээс гаргуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Ц.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 09 сарын 29-ны өдөр Ж.Дамдинсүрэн 8 хэрэглэлтэй модон эмээл манай барьцаалан зээлдэх газарт 1 сарын хугацаатай барьцаанд тавьж , 360.000 төгрөг авсан. Тухайн үед манайх мөнгөн эдлэл барьцаанд авдаггүй байсан боловч Ж.Дамдинсүрэн эгчийг гуйгаад байхаар нь авсан. Эмээлийг барьцаанд аваад зээлийн гэрээний хугацаа дуусахад Ж.Дамдинсүрэн эгч зээлийн гэрээгээ сунгуулахгүй явсаар байгаад 2 сарын хүү алдангийн мөнгийг л төлсөн өөр ямар ч мөнгө төлж байгаагүй. Би Ж.Дамдинсүрэнд зээлээ төлөх талаар олон удаа хэлж байсан. Гэрээний хугацаа дууссан учир таны эмээлийг зарж борлууллаа шүү гэхэд Ж.Дамдинсүрэн эмээлээ буцааж авна гэчихээд ирэхгүй 4-6 сарын хугацаа өнгөрсөн учраас би эмээлийг нь зарж борлуулсан. Эмээлийг зарах гэж зөндөө үзсэн бүр Улаанбаатар хот руу хүртэл явуулж байсан боловч зарагдахгүйгээр буцаж ирдэг байсан. Би Ж.Дамдинсүрэнтэй хоолны газар таараад таны барьцаанд тавьсан эмээлийн хүү, алданги 1.500.000 төгрөг болсон шүү гэхэд удахгүй мөнгийг чинь араас чинь шилжүүлнэ гээд миний дансны дугаарыг авсан боловч ирээгүй. Эмээлийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг эмээл нь тохоожоороо эмээл байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Ж.Дамдинсүрэн Ц.Цолмонгэрэл нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Гэрээг 2012 оны 09 сарын 29-ний өдөр 1 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээнд зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийг дотор барьцаанд авагдсан эд зүйлийг зарж борлуулахыг хүлээн зөвшөөрч Ж.Дамдинсүрэн зээлийн гэрээг байгуулсан байдаг. Барьцааны эд хөрөнгийг Ц.Цолмонгэрэл гэрээнд заасан гэрээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн хугацаа дууссан байхад зарж борлуулалгүйгээр Ж.Дамдинсүрэнд удуу дараа мэдэгдэж байсан. Ж.Дамдинсүрэн нь 2013 оны 09 сарын 21-ний өдөр Ц.Цолмонгэрэлтэй утсаар ярьж хэдэн төгрөг төлж эмээлээ авах талаар асуусан байдаг. Тэр үед Ц.Цолмонгэрэл хүү, алданги төлөх талаар тайлбарлан өгөхөд Ж.Дамдинсүрэн хүлээн зөвшөөрөөд явсан байдаг. Хамгийн гол нь гэрээ байгуулагдсанаас 4 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн эд хөрөнгийн үнэлгээний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үнэлгээ хийсэн комиссын бүрэлдэхүүн үнэлгээ тогтоох мэргэжлийн хүмүүс биш бөгөөд үнэлгээ хийхэд тухайн үнэлсэн эд хөрөнгө байхгүй байхад юуг баримтлан үнэлсэн нь өөрөө учир шалтгааны хувьд зөрүүтэй байна. Хэрвээ үнэлгээ гаргуулах байсан бол шүүхэд хүсэлтээ өгөөд шүүгчийн захирамжаар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх ёстой байсан боловч тухайн эрхийг эдлэлгүйгээр мэргэжлийн бус хүнээр үнэлгээ хийлгэсэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир үнэлгээ гаргуулах хүсэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 138/ШШ2017/00307 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар Ж.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Ц.Цолмонгэрэлд холбогдох барьцаалан зээлдэх гэрээний үүрэг 2.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэн миний бие Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 138/ШШ2017/00307 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар зэргээс үзвэл хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэх үндэслэлгүй байна. Би хадгаламж зээлийн хоршооны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй учраас гэрээг сунгаж хүү алданги төлсөөр ирсэн ба гэрээний нөгөө талдаа төлбөрөө төлнө, төлөх хүртэл барьцааны зүйлийг зарж болохгүй шүү гэж гуйж хүсэж, тэгж гуйсан тохиолдолд хүү алданги төл гэж тооцож мөнгө нэхэж байсан. Энэ нь хариуцагчийн тайлбарт дурдсан дагуу 2014 оны 1 сард нэхэмжлэгч, хариуцагч талууд бие биендээ шаардлага тавьж байсан нь нотлогдож байна. Ийм байтал гэрээ сунгаагүй хугацаагаар шаардах эрх үүссэн учир, түүнээс үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тооцсоныг буруу тооцсон гэж гомдолтой байна. 2014 оны 1 сард 2 тал уулзаж хүсэлт шаардлагаа тавьж байсан байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг тэр хугацаанаас тооцох ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэн нь хариуцагч Ц.Цолмонгэрэлд холбогдуулан 2460000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэн нь хариуцагч Ц.Цолмонгэрэлийн ажиллуулдаг “ Суурь-Өсөх “ ХХК-ний барьцаат зээлийн газраас 2012 оны 09  сарын 29-ний өдөр 360000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг /өөрийн ээжээс  өвлөгдөж ирсэн гэх/ тавьжээ. /хх-ийн 17 дахь тал /

            Хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэн нь “Суурь-Өсөх” ХХК-ний барьцаат зээлийн газраас авсан зээлийнхээ хугацааг 2 удаа нэг, нэг сараар сунгуулж хүүнд нь 2012.11.29-ний өдөр 36000 төгрөг, 2012.12.29-ний өдөр 36000 төгрөгийг, мөн 2013.02.07-ны өдөр 60000 төгрөгийг тус тус төлсөн байна. Дээрх төлбөр төлсөн байдлаас үзэхэд талууд зээлийн гэрээний хугацаагаа 2013 оны 02 сарын 07-ны өдөр хүртэл сунгаж, зохих хүүгээ тооцож авсан гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн  14-15, 17 дахь талууд/ Гэрээний хугацааг цааш сунгасан талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байна.

            Нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэн нь “Суурь-Өсөх” ХХК-ний барьцаат зээлийн газраас авсан зээл, зээлийн хүүгээ 2013 оны 02 сарын 07-ны өдрөөс хойш төлөөгүйн улмаас хариуцагч Ц.Цолмонгэрэл нь 2014 оны 06 сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг бусдад худалдан борлуулсан болох нь зохигчдын тайлбар, гэрч Х.Насанбатын мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба энэ үеэс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байхад анхан шатны шүүх  хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь заалттай нийцээгүй байна. 

Талуудын хооронд 2012 оны 09 сарын 29-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээнд “... хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дараа борлуулж ломбардын орлого болгоно, ... хугацаа хэтэрсэн тохиолдолд нийт тушаах дүнгээс өдрийн 0,5-1% хүүгээр 0,5-1% алданги тооцно... “ гэжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “ Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор ззэлдэг үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно “ гэж заажээ.

Гэтэл хариуцагч Ц.Цолмонгэрэл нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэнг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж түүний зээлийн барьцаанд тавьсан 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийг бусдад худалдсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “ Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, мөн 232.4 дэх хэсэгт “ Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан байхад хариуцагч нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулахдаа хуульд зааснаас их хэмжээгээр / 0,5-1% гэж / алданги төлөхөөр тохирч улмаар  алдангийг 1 хувиар тооцож, алдангид 590400 төгрөгийг гаргуулахаар шаардсан үйлдэл нь  дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд хариуцагч Ц.Цолмонгэрэлээс барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйл болох 8 хэрэглэлтэй мөнгөн эмээлийн үнэ 3000000 төгрөгөөс үндсэн зээл 360000 төгрөг, алданги 180000 төгрөг, нийт 540000 төгрөгийг хасч, үлдэх 2460000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ц.Цолмонгэрэл нь маргааны зүйл болж байгаа 8 хэрэглэлтэй, мөнгөн эмээлийн үнэ 3000000 төгрөг хүрэхгүй гэж тайлбарлаж байгаа ба нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ  үгүйсгэсэн, няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн үнийн мэргэжилтнээр үнэлгээ тогтоолгосныг буруу гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 138/ШШ2017/00307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “ Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цолмонгэрэлээс 2460000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэнд олгосугай “ гэж, 2 дахь заалтын “ ... үлдээсүгэй “ гэснийг “ ... үлдээж, хариуцагч Ц.Цолмонгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 54310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэнд олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Дамдинсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                              ШҮҮГЧ                                                                    Я.АЛТАННАВЧ

                                                                                                              З.ЭНХЦЭЦЭГ