Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0327

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н,

“О” ХХК нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З

Нэхэмжлэгч Н

Нэхэмжлэгч “О” ХХК,

Хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд Нийгмийн даатгалын ерөнхий газар, “О” ХХК

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 885 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.У, нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2020/0513/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газраас “... нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай захирамжийн Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар “Нийгмийн даатгалын ерөнхий газарт 7048 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар” эзэмшихээр олгосон газрын хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгахыг нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгуулах”-аар нэхэмжлэлийг,

2. Нэхэмжлэгч “О” ХХК-иас “... Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897 м.кв газар эзэмших эрхийг “О” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан шийдвэр гаргахаа татгалзсан нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/778 дугаар албан бичгээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийг “О” ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгахаар, .... нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжийн Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэсэг буюу уг газрын эзэмшилд олгосон 7048 м.кв газраас нэхэмжлэгч “О” ХХК-ийн эзэмшилтэй давхацсан хэсэг болох 2897 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар срын 20-ны өдрийн 885 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/778 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжийн Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэсгийн 7048 м.кв газраас нэхэмжлэгч “О” ХХК-ийн эзэмшлийн 2639 м.кв газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэр дээр 2897 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамж гаргахыг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж,

2 дахь заалтаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар эзэмшиж байгаа 7048 м.кв газраас “О” ХХК болон бусад иргэн, хуулийн этгээдтэй давхцалгүй зөрчилгүй хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагч нарт даалгаж, үлдэх нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай захирамжийн Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын гаргасан “нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай захирамжийн Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.2. Анхан шатны шүүх шийдвэртээ нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 30 дугаар захирамжаар “О” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн Баян уул 27 дугаар гудамжид 2897 м.кв газрын аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, уг захирамжийг үндэслэн нийслэлийн Засаг дарга 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн 0003595 дугаартай гэрчилгээг бичиж олгож, нийслэлийн Газрын албаны дарга Б.Т, Газар зохион байгуулагч С.Б нар нь 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Уламжлалт анагаах ухаан рашаан судлалын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвийн захирал Т.С-тай “...газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна гэж дурдсан.

3.3. Гэтэл нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Ш-с нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/205 дугаартай “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 7048 м.кв талбай бүхий нэгж талбарын 49/0080 дугаартай газар нь тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарагдаж байна” гэсэн албан бичиг, мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ц-ээс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-1/948 дугаартай “...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 27 дугаар гудамжид байрлах 2006 онд ашиглалтад орсон агуулах конторын барилга 7 сая төгрөг, агуулах 12 сая 300 мянган төгрөг, хашаа саравч 17 сая төгрөгийн балансын үнэтэйгээр улсын үзлэг, тооллогоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хамрагдсан байна” гэсэн нь албан бичгээр ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-д заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн байна.

3.4. Учир нь “О” ХХК-ийн гэрчилгээ нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олгосон байдаг. Гэтэл маргаан бүхий энэ газар нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм.

4. Анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 7048 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31.3-д заасныг зөрчиж “О” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан эзэмшүүлсэн гэсэн дүгнэлтийг хийж, “О” ХХК-ийн нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн захирамжийн Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэсгээс “О” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учраас Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай захирамжийн Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын үндэсний хүрээлэн рашаан судлалын төвд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

4.1. Рашаан судлалын үндэсний төв нь 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн албатай байгуулсан байдаг. Тус гэрээний 3 дахь заалтад Газар эзэмшүүлэгчийн эрх үүрэг болох 3.3 дахь хэсэгт “газрын гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүчингүй болгож” гэсэн гэрээний заалт буюу Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашилаагүй бол” гэснийг зөрчсөн.

4.2. “О” ХХК нь газар эзэмшиж байсан хугацаандаа хуанлийн бүтэн 2 жилийн дотор тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн эсэх, бүтээн байгуулалт хийсэн эсэх нь нотлох баримтаар нотлогдоогүй.

4.3. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 1982 оноос хойш хуучнаар Октябрийн районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тогтоол, 1990 онд байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төв зөвлөлийн хэлэлцээр, Засгийн газрын 220 дугаартай тогтоолын дагуу БНМАУ-ын хөдөлмөрийн яамны сайд 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 282 дугаартай тушаалын 3 дахь хэсэгт Амралт, сувиллын нэгтгэлийн мэдэлд байсан өмч хөрөнгө, эд хогшлыг Улсын нийгэм хангамжийн газарт балансаас балансад шилжүүлсэн гэж заасан хэсэг болон, БНМАУ-ын Хөдөлмөрийн яамны сайдын тушаалын дагуу 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай “аж ахуйн сахиулыг 800 төгрөгөөр цалинжуулахаар” тушаал гаргаж тэрхүү аж ахуйн зориулалттай хашаанд одоог хүртэл буюу 30 жил манаачийг цалинжуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ирсэн бөгөөд маргаан бүхий 7048 м.кв газрыг газар эзэмших хугацаандаа блокон хашаа, манаачийн байр, агуулах зэргийг шинээр барьж байгуулан тасралтгүй ашиглаж ирсэн нь дээр нотлох баримтуудаар нотлогдож байна.

4.4. Гэвч анхан шатны шүүх “О” ХХК-ийн нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжийн Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэсгээс “О” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-д заасан зарчмыг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.

4.5. Мөн нотлох баримтад тулгуурлаж шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн уялдаа холбоог тодорхойлоогүй шийдвэр гаргасан нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

5. Иймд шүүхийн шийдвэрийг дахин хянаж, хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбогдуулан хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байх тул хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй. Үүнд:

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 30 дугаар захирамжаар “О” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн баян уул 27 дугаар гудамжид 2897 м.кв газрын аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар Газар зохион байгуулагчтай 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “газар эзэмшүүлэх” гэрээ байгуулж, нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн 0003595 дугаартай гэрчилгээг олгосон үйл баримт байхаас гадна Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нийслэлийн Газрын албаны даргад хүргүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” А-1/3195 дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Албан бичгийн хариу” А-1/1947 албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 410 дугаар тогтоол зэрэг баримтуудаар “О” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн хуучин 9 дүгээр хороо, одоогийн 10 дугаар хороо, Зүүн баян уул 27 дугаар гудамжид байрлах аж ахуйн зориулалттай 2897 м.кв газрын газрын эзэмших эрх, газар дээрх “Баянхошууны модон склад” нэртэй байгууламжийн өмчлөгч болох нь тогтоогдож, маргаан бүхий газрын газар эзэмших эрхийг сунгуулж, гэрээ, гэрчилгээг шинэчлэн баталгаажуулахаар хүсэлтээ 2008-2019 оны хооронд гаргаж байжээ.

2.2. Хариуцагчийн төлөөлөгчөөс “.... 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан, ... тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн, .. “О” ХХК нь газар эзэмшиж байсан хугацаандаа хуанлийн бүтэн 2 жилийн дотор тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн нь баримтаар нотлогдоогүй” гэх агуулга бүхий гомдлоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй бөгөөд “О” ХХК-ийг тухайн газарт Газрын тухай хуульд заасан үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, дээрх дурьдсан нотлох баримтуудаар “Оргил рашаан сувилал” ХХК-ийг Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхгүй, харин Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “...эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” гэж зааснаар холбогдох хүсэлтүүдээ удаа дараа гаргаж байсныг буруутгах боломжгүй юм.

2.3. Талуудын маргаж буй нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар “О” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 2897 м.кв газрыг, нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 131 дүгээр захирамжаар эзэмших эрхийг авсан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах 7048 м.кв газрууд нь одоогийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг хаяг дээр давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын анхан шатны шүүхэд гаргаж өгсөн албан бичиг нотлох баримт, тайлбар зэргээр тогтоогджээ.

2.4. Тодруулбал, “О” ХХК-ийн нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжаар эзэмшиж байгаа 2897 м.кв талбай бүхий газар нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгосон нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжаар эзэмшиж байгаа 7048 м.кв газартай 2639 м.к хэмжээгээр давхцалтай болох нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий 131 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж маргаан бүхий 2007 оны 131 дүгээр захирамжийг гаргаж, “О” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

3. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчийн “... шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, ... шүүхийн шийдвэр хууль ёс бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.1. Учир нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан, анхан шатны шүүх “... “О” ХХК-ийн 2639 м.кв газар нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамж гарахаас өмнө “О” ХХК-д газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн, маргаан бүхий актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн ...” гэх агуулгаар дүгнэж, “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

3.2. Давхцал бүхий газрын маргааны хувьд буюу маргалдагч талууд “газар эзэмших эрх хууль ёсоор түрүүлж үүссэн” гэж маргаж буй тохиолдолд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг хэрэглэхдээ тухай газарт хэний хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн, мөн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын хууль ёсны ашиг сонирхол бүхий бодитой эзэмшилд байгаа эсэх хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэх нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан зарчмаас үүдэлтэй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурьдсан энэ магадлалын тодорхойлох хэсгийн “3.3-3.4” дэх хэсэгт заасан үйл баримтууд нь “О” ХХК-д газар олгосон нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжаас хойшхи үйл баримт гэж үзэх тул гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.3. Харин үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас өөрийн эд хөрөнгө гэж маргаж буй тохиолдолд энэ захиргааны хэргийн маргаанд хамааралгүй. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэл гаргаж буй этгээдийн зөвхөн эрх төдийгүй хууль ёсны ашиг сонирхол хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүргийн хүрээнд холбогдох хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбогдуулан зөв тайлбарласан хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

4. Мөн түүнчлэн маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2007 оны 131 дүгээр захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 7048 м.кв газрыг эзэмшүүлэхдээ “О” ХХК-ийн 2639 м.кв газартай давхцуулан олгосон төдийгүй, тухайн газар дээр “О” ХХК-д хувьчлахад хуваарилсан үл хөдлөх эд хөрөнгө нь тус газарт байрлаж, маргалдагч талууд үйл ажиллагаа явуулж байгааг эрх бүхий албан тушаалтан мэдсэн атлаа тухайн этгээдүүдийг оролцуулж Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, оролцох боломжоор хангаагүй нь өмнө дурдсанаар захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцсэн гэж үзэхээргүй.

4.1. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгчийн гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН