Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01689

 

“Р” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00658 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1300 дугаар магадлалтай,

“Р” ХХК-ний нэхэмжлэлтэй

А.Б, Д.Анарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 36 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Отгонбаатарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амархүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч нарын өмгөөлөгч Ү.Амарбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Р” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амархүүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б, Д.Анар манай компанитай 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 22 000 000 төгрөгийг, 30 хоногийн 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан ба хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 41 дүгээр байрны155 тоот хаягт байрлалтай нэг өрөө орон сууц барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч нар үндсэн зээл, зээлийн хүүд нийт 19 710 000 төгрөг төлсөн. Хариуцагч А.Баас манай компанид үндсэн зээл, хүү, алданги нийт 34 364 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бүрэн барагдуулахаар баталгаа гаргасан. Тиймээс энэ баримтыг үндэслэж үндсэн зээл 22 000 000 төгрөг, зээлийн хүү 6 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг нийт 33 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хариуцагч нар 22 000 000 төгрөгийн зээл авдаг өдөр амаар тохиролцож 3 000 000 төгрөг нэмж авсан. Тухайн үед уг 3 000 000 төгрөгийн зээлийг бид сарын 5 хүүтэй, 3 сарын хугацаатай нэмэлтээр зээлдүүлсэн ба энэ талаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, харилцан итгэлцлийн журмаар зээлдүүлсэн. Иймд нийт 36 000 000 төгрөгийг хариуцагч А.Б, Д.Анараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б, Д.Анарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Р” ХХК-тай А.Б, Д.Анар зээлийн гэрээ байгуулж, 22 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Гэхдээ уг мөнгөнөөс тодорхой хэсгийг бэлнээр авсан бөгөөд үлдэх хэсгийн зээлийг зуучилж өгсөн С.Ганбат бэлэн авсан. Бид уг зээлийн төлбөрт 19 710 000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч гэрээгээр тохирсноос гадна нэмж хүү нэхэмжилж, үндсэн төлбөрт өгсөн мөнгийг хүүндээ тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бичгээр гэрээ байгуулж хүү авах эрх үүсэх учраас хүүгийн хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь үл зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнийг харгалзан үзэж шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б, Д.Анарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулахад “Р” ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр буюу 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл аваагүй байна. Тусгай зөвшөөрөл аваагүй этгээд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхгүй бөгөөд энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн зүйлийн 56.1.8, 56.1.9-д заасныг тус тус зөрчиж хийсэн хэлцэл байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан учир 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу А.Б, Д.Анартай зээлийн гэрээг, Иргэний хуулийн 153, 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээг тус тус байгуулсан. Иргэний хуульд заасан дээрх зээл, барьцааны гэрээг байгуулахад тусгай зөвшөөрөл авах зохицуулалт хуульд байхгүй. Иймд тусгай зөвшөөрөл аваагүй этгээд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан гэдэг нь үндэслэлгүй. Манай компани 2009 онд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа чиглэлийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ байхаар тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгуулсан. Зээлийн гэрээ байгуулахдаа тодорхой нөхцлүүдийг зааж, бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн тул хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00658 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Алтанбаганы А.Б, Далайн Д.Анараас 8 385 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 615 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК, хариуцагч А.Б, Д.Анарын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 323 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 267 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б, Д.Анараас 149 110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1300 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Отгонбаатар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Р” ХХК-ийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шийдвэрээр хариуцагч А.Б, Д.Анараас үндсэн зээлийн төлбөрт 5 590 000 төгрөг, алданги 2 795 000 төгрөг буюу нийт 8 385 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 27 615 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дутуу дүгнэсэн, Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийг буруу хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд 1. “Р” ХХК нь хариуцагч А.Б, Д.Анартай 2016 оны 7 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 22 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлүүлж, зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Гэрээний хугацаа 2016 оны 10 сарын 20-ний өдөр дуусахад зээлдэгч нар үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй юм. Ингээд гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 10 сарын 20-ны өдрөөс 2017 оны 2 сарын 21-ний өдөр хүртэл 4 сар хэтрүүлсэн тул энэ хугацаанд үндсэн зээл 22 000 000 төгрөгөөс алданги бодогдох учиртай байсан. Иргэний хуулийн 232.6 дахь хэсэг, зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн зээлдүүлэгч нь алданги тооцон авах эрхтэй байна. Гэтэл анхан шатны шүүх нь 2016 оны 8 сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн 19 710 000 төгрөгийг нийт үндсэн зээлээс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 5 590 000 төгрөгөөс алданги тооцсон байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэж дуусахаар тогтоосон хугацаа буюу 2016 оны 10 сарын 20-ны өдрөөс алданги тооцоогүй харин, 2017 оны 8 сарын 23-ны өдрөөс алданги тооцсон гэсэн үг юм. Хариуцагч 2016 оны 10 сарын 20-ны өдрөөс хугацаа хэтрүүлсэн байхад энэ хугацаанд анз тооцоогүйд гомдолтой. 2. Хариуцагч нь харилцан өөр өөр хугацаанд зээлийн төлбөрийг төлж байсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү хугацааг анхааралгүйгээр зээлийн төлбөрийг нэгтгэн бодсонд гомдолтой. Тухайлбал хариуцагч нь 2016 оны 8 сарын 27-нд 780 000 төгрөг, 2016 оны 8 сарын 30-нд 300 000 төгрөг, 2016 оны 11 сарын 29-нд 500 000 төгрөг, 2016 оны 12 сарын 6-нд 1 800 000 төгрөг, 2016 оны 12 сарын 15-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 02 сарын 21-нд 15 000 000 төгрөг, 2017 оны 08 сарын 22-нд 300 000 төгрөг буюу нийт 19 710 000 төгрөг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх дээрх өөр өөр хугацаанд төлөгдсөн бүх төлбөрийг нэгтгэн тооцож, үндсэн зээлээс хасаад сүүлийн төлөлт хийсэн өдөр буюу 2017 оны 8 сарын 23-ны өдрөөс эхлэн алданги тооцсон байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байхад 2017 оны 8 сарын 23-ны өдрөөс эхлэн анз тооцсон нь үндэслэлгүй. 3. Гэрээний хугацаа 2016 оны 10 сарын 20-ний өдөр дуусахад зээлдэгч нар үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Энэ хугацаанаас эхлэн 2017 оны 2 сарын 20-ны өдөр буюу төлөлт хийж эхэлсэн хугацаа хүртэл 123 хоногийн алданги 13 530 000 төгрөг болно. Үүнийг үндсэн үүргийн 50 хувьд нийцүүлэн хасч тооцвол алданги 10 500 000 төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл 2017 оны 2 сарын 20-ны өдөр үндсэн зээл 21 000 000 төгрөг, хүүд 0 төгрөг, алдангид 10 500 000 төгрөг тус тус зээлийн үүрэг нэгэнт бий болсон байна. Хариуцагч 2017 оны 2 сарын 21-ний өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 8 сарын 22-ны өдөр 300 000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ дүнг үндсэн зээл 22 000 000 төгрөгөөс хасвал үндсэн зээлд 22 000 000-15 300 000=5 700 000 төгрөг үлдэнэ. Ингээд 2017 оны 8 сарын 22-ны байдлаарх зээлийн үүрэг үндсэн зээлд 5 700 000 төгрөг, хүүнд 0 төгрөг, алдангид 10 500 000 төгрөг тус тус бодогдсон байна. Энэхүү 10 500 000 тогрөгийн алданги нь 2016 оны 10 сарын 20-ны өдрөөс 2017 оны 2 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл 21 000 000 төгрөгөөс бодогдсон алданги юм. Энэхүү алданги хуримтлагдах үед үндсэн үүрэг буюу үндсэн зээл 21 000 000 төгрөг байсан тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн гэж үзэхгүй. Эндээс үзвэл хариуцагчийн төлбөл зохих нийт дүн нь (үндсэн зээл 5 700 000)+(алданги 10 500 000) = нийт 16 200 000 төгрөг байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 16 200 000 төгрөгийн хүрээнд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч А.Б, Д.Анараас зээлийн гэрээний үүрэгт 36 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, 34 364 000 төгрөгийг төлөх тухай 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн хариуцагч А.Бын баталгаа гэсэн баримтыг үндэслэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гарган, мэтгэлцжээ.

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бичгээр байгуулсан гэрээний дагуу 22 000 000 төгрөгийг хариуцагч нар зээлсэн, 19 710 000 төгрөгийг буцааж төлсөн үйл баримтыг зохигчид маргаагүй, харин зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, бичгээр байгуулсан гэрээнээс гадна харилцан тохирч, 3 000 000 төгрөгийг зээлсэн эсэх, 34 364 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн хариуцагчийн гаргасан баталгаа, хэтэрсэн хугацааны хүү төлөх эсэх асуудал маргааны зүйл болжээ. 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болох зохигч талуудын байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээг зээлийн гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсгийг зөрчсөн, хууль хэрэглээний уг алдааг залруулах нь зүйтэй гэж үзэв.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл “Р” ХХКомпанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагаа байх ба тус компанийн аливаа зээлийн үйл ажиллагаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан гэрээний төрөлд хамаарах үндэслэлтэй байна. Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан тул үүний зэрэгцээ өөр гэрээ буюу ердийн зээлийн гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хуульд зээлдүүлэгч буюу субьектээс нь хамаарч зээлийн гэрээний төрлийг тодорхойлсон бөгөөд барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан байна. Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ бусад зээлийн гэрээний төрлөөс ялгагдах гол шинж нь барьцаалан зээлдэх газар нь зээлдэгчид зээл олгох, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулах, зээлдэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг хуульд заасан журмаар худалдан борлуулж, үүргийг хангуулдаг  онцлогтой байдаг. “Р” ХХКомпани нь барьцаалан зээлдэх газрын хувьд зөвхөн хөдлөх хөрөнгийг барьцаалах, зээлдэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хөдлөх хөрөнгийг хуульд заасан журмаар худалдан борлуулж, үүргээ хангуулах эрхтэй тул  барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудлыг үндсэн зээлийн гэрээний хамт заавал дүгнэх учиртай юм. “Р” ХХКомпани нь зээлийн үүрэгт үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг зөрчсөн тул барьцааны зүйлээс үүргийг хангуулах үндэслэлгүйгээс гадна гэрээний энэ хэсэг хүчин төгөлдөр бус байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.” гэж заажээ. Барьцаалан зээлдэх газар нь дээрх байдлаар үүргийг хангуулдаг учир үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэх боломжгүй, улмаар алданги тооцох үүрэг үүсдэггүй байна. Иймд алдангийг бүрэн гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын гомдол үндэслэлгүй юм.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээг байгуулахдаа хуульд заасан шаардлагыг зөрчсөн нь үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Зээлдэгчээс алданги гаргуулсан шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй боловч  хариуцагч шүүхийн шийдвэр, магадлалыг зөвшөөрсөн тул талуудын зарчмын хүрээнд хяналтын шатны шүүх үүргийн хэмжээг өөрчлөх үндэслэлгүй бөгөөд шийдвэр, магадлалд зөвхөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1300 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00658 дугаар  шийдвэрийн 1 дэх заалтад “ ...281 дүгээр зүйлийн 281.1... гэснийг ... 286 дугаар зүйлийн 286.1...гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 000 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА