Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 1825

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

      2020       10         20                                   2020/ШЦТ/1825

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ц.Гантулгабат,   

нарийн бичгийн дарга Н.Солонго,

хохирогч Б.Нямдулам,

шүүгдэгч Ч.Бнарыг оролцуулан нээлттэйгээр тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн 2006 00000 2536 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Бнь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Арцат Бага Хуандай гудамжны 89 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Нямдуламыг цохиж зодон 2 талд хацар ясны нум зөрүүтэй хугарал, эрүү ясны зүүн салаанд үеийн сэртэн дайрсан зөрүүтэй хөндлөн хугарал, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн, шинэ хуучин хавсарсан хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, хоёр шуу, зүүн даланд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

          ТОДОРХОЙЛОХ нь :

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2536 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Бнь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Нямдуламын мөрдөн байцаалтад өгсөн:

“Б.Мягмардуламын гэрт очиж хоёр өдөр хоноод 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн орчим гэртээ ирэхэд нөхөр халамцуу байсан ба ”хаагуур хоноод яваад байгаа юм бэ” гэж хэлээд хэрүүл хийсэн. Би нөхөртөө хот руу явна гэдгээ хэлээд явсан юм. Манай гэрт хүмүүс ирсэн ба нөхөр бид хоёр хүмүүсийн дунд маргалдаагүй. Нөхөр Бтэр хүмүүстэй архи нэмж уусан ба нэлээн согтсон. Гэнэт уурлаж “хаагуур алга болж ирсэн янхан, гичий вэ” гэж хэл амаар доромжилж байгаад үснээс зулгааж, газар мөргүүлж, зүүн шанаанд 1 удаа, хамар руу 1 удаа, баруун шанаанд 1 удаа, зүүн нүдний дээд хэсэгт 1 удаа, нурууны ар хэсэгт 4-5 удаа гараараа цохисон. Надад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ч.Бминий Хаан банкны 5495226675 тоот дансанд 400.000 төгрөг шилжүүлж, 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10882 дугаартай:

“Б.Нямдуламын биед хоёр талд хацар ясны нум зөрүүтэй хугарал, эрүү ясны зүүн салаанд үеийн сэртэн дайрсан зөрүүтэй хөндлөн хугарал, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн, шинэ хуучин хавсарсан хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, хоёр шуу, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 45-46/,

 

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05/,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 13/,

 

Шүүгдэгч Ч.Баярмагнайгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“эхнэр Нямдулам Нарантуул орж ойр зуурын юм авна гэж байсан. Намайг адуундаа яваад ирэхэд хот руу явчихсан байсан. Хононо гэж хэлээгүй. 2 хоног гэртээ ирээгүй байж байгаад 09 сарын 21-ний өдөр ирсэн. Би гэртээ адуу гаргаж, эхнэр гэдэс арилгаж байсан. Эхнэр ирэхдээ 0.75 литрийн Хараа нэртэй архи авч ирсэн. Би эхнэртээ гэртээ ирж хоноогүй гэдгээр уурлаж, тэр архийг ганцаараа бүгдийг уусан. Би нэлээн согтоод унтсан. Унтаж байгаад сэрээд эхнэртэйгээ маргалдсан. Нэг мэдсэн үснээс нь зулгааж, нүүрэн хэсэгт цохисон. Би дахин ийм үйлдэл гаргахгүй, хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-22-23/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ч.Баярмагнайгийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 32/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 42-43/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Баянзүрх дүүргийн прокуророос Ч.Баярмагнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Ч.Бнь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Арцат Бага Хуандай гудамжны 89 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Нямдуламыг цохиж зодон 2 талд хацар ясны нум зөрүүтэй хугарал, эрүү ясны зүүн салаанд үеийн сэртэн дайрсан зөрүүтэй хөндлөн хугарал, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн, шинэ хуучин хавсарсан хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, хоёр шуу, зүүн даланд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч болон шүүгдэгчийн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд, аюулын зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Баярмагнайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч  нь баримтаар хохирол нэхэмжлээгүй хэдий ч шүүгдэгч 500.000 төгрөгийн хохирлыг өөрийн сайн дурын үндсэн дээр төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгч Ч.Баярмагнайгийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх болон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрчээ.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Нямдуламын гэр бүлийн гишүүддээ хэлж ойлголцохгүйгээр 2 хоног гэртээ ирээгүй зохисгүй байдал шууд нөлөөлсөн байна. Энэ нь хэдийгээр хууль зүйн хэм  хэмжээнд хамаарах асуудал биш боловч Монгол хүний ёс заншлын хэм хэмжээнд харшилтай үйлдэл юм.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад түүний хувийн байдал, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэдэг эсэх нөхцөл байдлын талаар гэрчүүдийн өгсөн тайлбар, гэр бүлийнхээ харилцаанд хандаж байгаа түүний хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан оролцогчдын санал хүсэлт зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас гаргасан 2 жилийн хугацаагаар тэнсэх саналыг дээр дурдагдсан нөхцөл байдлуудыг харгалзаж багасгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” харилцааг зохицуулахаар хуульчилсан байх бөгөөд 6.7 дугаар зүйл нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” харилцааг шууд утгаар зохицуулахаар хуульчлагджээ.

 

Дээрхээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзаж оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар, харин хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдлыг харгалзаж хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх асуудлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд зааснаар албадлагын арга хэмжээг ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж хэрэглэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ч.Бнь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Чын Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.Баярмагнайг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг шүүгдэгчид тус тус хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баярмагнайд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ