| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0703/Э |
| Дугаар | 794 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 794
2020 09 03 2020/ШЦТ/794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч: Б. Чинзориг,
Хохирогч Г.Уранчимэг,
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хойд овогт Г.А холбогдох эрүүгийн 2003000000219 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар төрсөн, 20 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Монголын Үндэсний Их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын ам 1 дүгээр гудамж 76 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ховогт Г.А
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.А 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны урд талын замд Тоёота Акуа маркийн 16-21 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Уранчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2003000000219 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүргэлтийн жолоочоор ажлаа хийж байсан. Ажлынхаа 16-21 УБУ улсын дугаартай тоёота акуа маркийн машинтай явж байсан. Хангай хотхоны урд талын 4 замын уулзвар руу орохдоо явган зорчигчийг мөргөөд зогссон. Тэгээд би өөрийн гар утсаараа түргэн тусламж дуудсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/
Хохирогч Г.Уранчимэгийн “...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг 40 минутын орчим би гэр рүүгээ орох санаатай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны урд талын явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар урдаас хойшоо чиглэлтэй алхаж явтал уулзварын хойд талаас нэг суудлын машин орж ирээд миний биеийн баруун талаас мөргөсөн. Би мөргүүлээд зам дээр үсрээд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 29-30 дугаар хуудас /
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн №6525 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1.Г.Уранчимэгийн биед сээрний 9 дүгээр нугалмын зүүн дээд гадаргууд шахагдсан хугарал. баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй,” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:
“Тоёота Акуа” маркийн 16-21 УБУ улсын дугаартай автомашины жолооч Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.Уранчимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А 2020 оын 06 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг 40 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны урд талын замд Тоёота Акуа маркийн 16-21 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Уранчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Уранчимэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6525 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн магадлагаа, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.А-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Г.А-т ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд бүрэн төлж барагдуулсан ба цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх Г.А-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.А-ыг хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох үүднээс шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Г.Уранчимэгт нийт 4808158 / дөрвөн сая найман зуун найман мянга нэг зуун тавин найм/ төгрөг төлсөн байх ба шүүгдэгч нь хохирогч Г. Уранчимэгээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2980.000 / хоёр сая есөн зуун наян мянга/ төгрөгийг нөхөн төлөхөөр илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.А-аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт Г-н А-т автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 600 /зургаан зуу/ нэгжээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь хохирогч Г.Уранчимэгт 4808158 / дөрвөн сая найман зуун найман мянга нэг зуун тавин найм / төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Г. А-аас 2980.000 / хоёр сая есөн зуун наян мянга / төгрөгийг гаргуулж хохирогч Г.Уранчимэгт олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН