Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1760

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

    2020       10         08                                     2020/ШЦТ/1760

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Н.Солонго,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ггийн Дд холбогдох эрүүгийн 2006 00000 2470 дүгээр хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Эмийн ургамлын 13-186 тоотод Б.Чулуунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан доод уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2470 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Г.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Чулууны мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн “Монгол Стандарт” нэртэй архи зээлж аваад Д болон түүний эхнэр Наранцэцэг бид гурав хувааж уугаад сууж байх үед гаднаас Мянганбаяр, Номин-Эрдэнэ, Манлайбаяр нар 1 шил 0.75 литрийн “Монгол Стандарт” нэртэй архи бариад орж ирсэн. Тэгээд өнөөх архийг бүгдээрээ хувааж уугаад байж байтал Манлайбаатар дахин 1 шил 0.75 литрийн “Монгол Стандарт” нэртэй архи авч ирсэн. Тэгээд өнөөх архийг бид нар хувааж уугаад сууж байтал Д намайг янз бүрээр хэлж, хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд байсан. Архи дуусах дөхөөд ирэх үед Д гэрт байсан хүмүүсийг гэрээсээ бүгдийг нь хөөж гаргаад өөрөө согтоод унасан. Мянганбаярыг хүртэл гэрээсээ чирч гэрийнхээ гадаа гаргачихаад, намайг гэрт авч үлдээд гэрийн хаалгыг дотор талаас нь цоожилсон. Тэгээд Д бид хоёр үлдсэн архиа хувааж уучихаад хоорондоо маргалдаж Д хоолны шүүгээний шургуулган дотроос хутга аваад шууд миний доод уруулыг хутгаар зүсэж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх 17-20/,

 

Гэрч Л.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт нөхөр Д, Чулуун, Номин-Эрдэнэ, Манлайбаатар бид нар 2 шил 0.75 литрийн Хийморь архийг хувааж уусан. Намайг хоол хийж байх үед Д, Чулуун нар маргалдаад байсан ба нэг мэдсэн Чулуун хутга барьж аваад байсан. Удалгүй уруулаас нь цус гараад байхаар нь түргэн тусламж дуудсан. Би яг юунаас болж маргаан болсон талаар хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дугаар сарын 18 -ны өдрийн 10620 дугаартай:

“Б.Чулууны биед доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 35-36/,

 

Шүүгдэгч Г.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэртээ 12:00 цагийн орчим нагац ах Чулуун, эхнэр Наранцэцэг, Манлайбаатар нарын хамтаар 0.75 литрийн архи нэг шилийг хувааж уугаад сууж байтал манай хамаатны хүүхэн болох Номин-Эрдэнэ манай гэрт орж ирсэн. Үлдсэн архийг Номин-Эрдэнэд хийж өгөөд Манлайбаатар дахин дэлгүүр явж нэг шил 0,75 литрийн архи аваад бид нар бүгдээрээ хувааж уусан. Тэгээд архиа хувааж уугаад бараг дуусах гэж байхад манай нагац ах Чулуун бид хоёр хоорондоо хувийн асуудлаас болж маргалдаж, би хоолны шүүгээн дээр байсан шар иштэй жижиг хутгыг аваад Чулууны доод уруулыг 1 удаа өнөөх хутгаараа зүссэн. Тэгсэн Чулууны уруулаас маш их цус гарч Номин-Эрдэнэ цагдаад дуудлага өгсөн.  гэх мэдүүлэг /хх 23-25 /,

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх 01/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-40/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 49-51/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-53/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 76-77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгч Г.Дг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Г.Д нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Дгийн хохирогч Б.Чулууны бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Чулуун нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гийн Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ