| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1690/Э |
| Дугаар | 1765 |
| Огноо | 2020-10-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 1765
2020 10 08 2020/ШЦТ/1765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн,
шүүгдэгч Э.Э, Б.Ц, тэдний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Шгийн О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бн овогт Эны Э, Б овогт Бын Ц нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01162 0663 дугаартай хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э, Б.Ц нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И март” худалдааны төвд иргэн Б.Анирын эзэмшлийн Самсунг эс 9 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 534.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянзүрх зах дотор үйлчлүүлж байсан иргэн Б.Байгальмаагийн шубний халааснаас айфоне 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 730.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүннү молл худалдааны төвд үзэсгэлэн худалдаанд оролцож байсан иргэн У.Нурасылын цүнхэнд байсан бэлэн 370.000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 650.000 юанийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 634.594 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Номин худалдааны төвд байрлах Терранова дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн С.Алтанцэцэг айфоне 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 792.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүннү молл худалдааны төвийн Абсолют дэлгүүрээр үйлчлүүлж байсан Э.Мөнхзаяагийн халааснаас айфоне икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.352.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,
Э.Э нь ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Меркури худалдааны төвд үйлчлүүлж байсан иргэн Т.Дэвшлийн гадуур өмсдөг хүрмийн халааснаас айфоне плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Ш.О нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Анирын эзэмшлийн Самсунг эс 9 загварын 534.000 төгрөгийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Р.Бямбажаваас 200.000 төгрөгөөр худалдаж авсан,
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ч.Байгальмаагийн эзэмшлийн айфоне 8 загварын 730.000 төгрөгийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Р.Бямбажаваас 150.000 төгрөгөөр худалдаж авсан,
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хохирогч С.Алтанцэцэгийн эзэмшлийн айфоне 7 плас загварын 792.000 төгрөгийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Р.Бямбажаваас 100.000 төгрөгөөр худалдаж авсан,
2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Э.Мөнхзаяагийн эзэмшлийн айфоне икс эс загварын 1.352.000 төгрөгийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Р.Бямбажаваас 300.000 төгрөгөөр худалдан авч мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Э.Э, Б.Ц нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг,
Шүүгдэгч Э.Э нь ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн,
Шүүгдэгч Ш.О нь үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Р.Бямбажаваас шүүгдэгч Э.Э, Б.Ц нарын хулгайлсан гар утсыг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
“2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ойролцоогоор 16 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын И март худалдааны төв дотор хүнсээ цуглуулаад явж байсан юм. Бэлэн гоймон зардаг лангуун дээр нь ирээд хэсэг зогссон бөгөөд энэ үеэр миний хажууд масктай хоёр эмэгтэй ирж зогсоод хоорондоо юм яриад байсан. Тэгээд миний ойр орчимд хүмүүс ихсээд эхлэхээр нь би уг газраасаа холдох гээд өөр тийшээ явсан бөгөөд яваад удалгүй л өөрийн өмсөж явсан куртикний зүүн талын халаасан дотор байсан үзмэн ягаан өнгийн гадуураа өнгөгүй резинэн гэртэй Самсунг эс 9 плас загварын гар утсаа байгаа эсэхийг шалгаж үзэхэд уг гар утас маань алга болчихсон байсан. Камерын бичлэгийг шүүж үзэхэд тухайн үед миний хажууд юм яриад зогсоод байсан масктай хоёр эмэгтэй миний гар утсыг авах гээд халаас руу маань гараа явуулж байгаа нь харагдаж байсан” гэх мэдүүлэг/ 1хх-ийн 8-9, 3хх-ийн 89-90/,
“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн БЗД 2-20-1233 дугаартай:
“Самсунг эс 9 плас загварын гар утас 2020 оны 03 дугаар 03-ны өдрийн байдлаар 534.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /1хх-ийн 15-16/,
Шүүгдэгч Э.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр найз Цын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах бэлэн гоймонгийн тасагт үйлчлүүлж байсан үл таних эмэгтэйн цагаан өнгөтэй өвлийн куртикний зүүн талын гадна халааснаас самсунг эс 9 плас загварын гар утсыг авсан. Тухайн гар утсыг аваад Цын хамт гарч яваад гар утасны худалдааны төв болох Теди төвийн 2 давхарт утас зардаг Оогий гэх эмэгтэйд очиж 200.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 44-45/,
Шүүгдэгч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр найз Э.Эийн хамт явсан ба үл таних эмэгтэйн цагаан өнгөтэй куртикний зүүн талын гадна халааснаас самсунг эс 9 плас загварын гар утсыг Э.Э авах үед би хамт явж байсан юм. Би Эийг хууль бусаар хүний халааснаас гар утас авахыг харж байсан ба би гар утас хулгайлж байгааг нь мэдэж байсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 49/,
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх зах дээр явж байгаад өмсөж явсан шубаны баруун талын халааснаас гар утсаа хулгайд алдсан юм. Ай фоне 8 загварын гар утас байсан. 2019 оны 12 дугаар сард Скай төвөөс 900.000 төгрөгөөр худалдаж авсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 62-63, 3хх-ийн 83-84/,
Дамно хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн БЗД2-20-252 дугаартай:
“Ай фоне 8 загварын гар утсыг Скай худалдааны төвөөс 2019 оны 12 дугаар сард худалдаж авсан. Нийт үнэлгээгээр 730.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /1хх-ийн 75-76/,
Шүүгдэгч Э.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх зах руу Сувдаагийн хамт ороод талхны лангууны урд худалдаа хийж байсан хар өнгийн богино шубтэй эмэгтэйн баруун халааснаас хар билүү улаан өнгийн айфоне 8 маркийн гар утас хулгайлж аваад би өөрийнхөө халаасанд хийгээд гарсан. Сувдаа намайг хажуугаас шахаж өгсөн. Бид 2 гар утсыг Теди худалдааны төвийн 2 давхарт суудаг Оогий гэх эмэгтэй ченжид 200.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /1хх-ийн 68-69/,
Шүүгдэгч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн:
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Э утсаар яриад гадуур жаахан явъя гэсэн. Баянзүрх зах дотор явж байгаад Э талхны лангууны талх худалдаж авч байсан хар өнгийн богино шубтэй эмэгтэйн баруун халааснаас улаан өнгийн айфоне 8 маркийн гар утсыг авч байсан. Ингээд захаас гараад надад өгсөн. Утас дуугарахад Э аваад энэ гар утсыг олсон. Захын үүднээс ирээд аваарай гэж хэлээд унтраасан. Бид 2 гар утсыг Теди худалдааны төвийн 2 давхарт суудаг Оогий гэх ченжийн гэрийн ойролцоо Натурын тэнд очиж 200.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /1хх-ийн 70-71/,
“2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү молл худалдааны төвд зохион байгуулагдсан Цагаан сар үзэсгэлэн худалдаанд арьсан эдлэл, бэлэг лангуу гаргаж ажиллуулсан юм. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг өнгөрч байх үед лангууны ард байсан хэтэвчинд байсан орлогын мөнгө, юань алга болсон байсан юм. Би лангууны ард хэсэгт хэтэвчээ цүнх дээрээ тавьсан байсан. Тухайн үе арьсан бүс үзэж байсан 2 эмэгтэй авч байгааг хяналтын камерын бичлэгийг ухрааж үзээд мэдсэн юм. Тухайн өдөр орлогын 360.000 төгрөг, бэлэн 18.000 төгрөг, нийт 378.000 төгрөг байсан. Мөн миний Хятад улсад ажиллаж байгаад ирсэн цалингийн үлдэгдэл 650 юань байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 107-108/,
Гэрч Г.Жанцанчойгийн мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр найз Болдоо, Ц, эхнэр Э.Э нарын хамт Хан-Уул дүүрэгт байрлах Хүннү молл худалдааны төв рүү цагаан сарын бэлэг сонирхох гэж орсон. Ц, Э хоёр цаашаа явж, Болдоо, бид хоёр цамц малгай үзэх гээд тэр хоёроос салаад явсан юм. Би хулгай хийж байхыг хараагүй, Болдоо бид хоёр бараа үзээд зогсож байсан. Тэгээд гараад ирсэн чинь Э.Э, Б.Ц хоёр ай фоне 10 загварын гар утас, бэлэн 176.000 төгрөг гаргаж ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 124-125/,
Абсолют дэлгүүрийн хяналтын камерын хард диск дэх бичлэгт үзлэг хийсэн болон уг бичлэгийг хуулбарлан авсан сидиг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 151-152/
Шүүгдэгч Э.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14-15 цагийн хооронд найз Б.Цын хамт Хан-Уул дүүрэгт байрлах Хүннү молл худалдааны төвийн 2 давхарт явж байсан. Худалдагч эмэгтэйн цүнх дээр хар өнгийн түрүүвч байхаар нь авах үед найз Ц лангуунаас бүс зүүж үзэж байсан. Тэр хооронд би худалдагч эмэгтэйн түрүүвчнээс бэлэн 176.000 төгрөгийг авсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг / 1хх-ийн 183-184/,
Шүүгдэгч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед найз Э.Эийн хамт Хүннү молл худалдааны төвийн хоёр давхарт цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байсан учир үзэхээр орсон. Дээлийн бүс зарж байсан эмэгтэй дээр очиж бүс үзэж байх үед Э.Э худалдагчийн цүнхнээс бэлэн мөнгийг авсан. Тэгээд бид хоёр Абсолют худалдааны төв рүү орсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 189-190/,
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн үед Баянгол дүүрэгт байрлах Терронова худалдааны төвийн нэг давхарт явж байхдаа куртикнийхээ халааснаас айфоне 7 плас загварын улаан өнгийн гар утсаа хулгайд алдсан. Гар утсаа алдаад их айж сандарч байсан. Манай дүү Мөнхбилэг рүү цагдаагийн байгууллагаас залгаж “гар утас чинь олдлоо” гэж хэлсэн байсан. Намайг худалдан авалт хийж байх үед 2 эмэгтэй хажуу талаар шахаад байсан. Миний гар утсыг хулгайлж авсан гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэх мэдүүлэг / 1хх-ийн 208-209/,
- Дамно хөрөнгө үнэлгээний компанийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн НЦГ-20-045 дугаартай:
“2017 оны 07 дугаар сард Теди төвөөс худалдаж авсан ай фоне 7 плас загварын гар утсыг 792.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /1хх-ийн 226-227/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 223/,
- Эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 244-246/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 247-249/,
Шүүгдэгч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн үед найз Э.Эийн хамт Номин худалдааны төвд байрлах Терронова худалдааны төв дотор явж байсан. Манай найз Э.Э нь ай фоне 7 плас загварын гар утсыг аваад хувцас дунд тавиад намайг авчих гэхээр нь би аваад гарсан. Тэр өдрийн орой Оогий гэх ченжид Э.Э бид 2 очиж өгсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 26-27/,
Шүүгдэгч Э.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Би найз Б.Цын хамт 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Терранова худалдааны төв ороод үйлчлүүлж байсан эмэгтэйн баруун талын халааснаас ай фоне 7 плас загварын гар утсыг авсан. Би аваад найз Б.Цдаа дамжуулж өгсөн. Гар утсаа Теди худалдааны Оогий гэх ченжид найз Бямбажаваар дамжуулж 100,000 төгрөгөөр зарсан. Би найз Бямбажавын дансаар мөнгөө шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 34-35/,
“2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү молл худалдааны төвийн Абсолют дэлгүүрээр үйлчлүүлж байгаад халааснаасаа өөрийн ай фоне XS загварын гар утсаа алдсан юм. Тухайн үед өмсөж явсан гадна куртикний халаасанд хийсэн байсан. Би гар утсаа 2018 оны 12 дугаар сард 4.000.000 төгрөгөөр авч байсан. Гэтэл 1.352.000 төгрөгөөр үнэлсэн байна. Миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг / 2хх-ийн 61-62, 3хх-ийн 85-86/,
Гэрч Р.Бямбажавын мөрдөн байцаалтад өгсөн:
“Э 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн үдээс хойш над руу залгаж “надад хэдэн утас байна, энийг зарах гэсэн юм, надад таньдаг ченж байдаггүй ээ, чамд таньдаг ченж байна уу” гэхээр нь “надад харьцдаг ченж байгаа тэр ченж танихгүй хүнээс юм авдаггүй юмаа, би чамд зараад өгье” гэх хэлээд Теди төвийн үүдэн дээр уулзсан. Хулгайн гар утас гэдгийг би сайн мэдэж байсан. Миний аваачиж өгдөг байсан Оогий ченж хүртэл мэддэг байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 79-81/,
- Дамно хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ХУ2-20-103 дугаартай:
“Ай фоне экс эс загварын гар утсыг Хятад улсаас худалдан авч байсан. Нийт 1.352.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /2хх-ийн 109-110/,
- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 113-114/,
Шүүгдэгч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед найз Э.Эийн хамт Хүннү молл худалдааны төв дотор байрлах Абсолют үйлчилгээний төвөөр үйлчлүүлж яваад 30 орчим насны эмэгтэйн халааснаас нь ай фоне экс эс загварын гар утсыг Э.Э нь аваад надад өгсөн. Тэгээд бид хоёр тэндээс гарсан. Тэгээд 17 цагийн үед Теди худалдааны төв ороод Оогий гэх ченж эмэгтэйд аваачиж өгсөн” гэх мэдүүлэг / 2хх-ийн 150-151/,
Шүүгдэгч Э.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Би найз Цын хамт 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 14-15 цагийн хооронд Хүннү молл худалдааны төвийн абсолют худалдааны төв рүү ороод худалдан авалт хийж байсан эмэгтэйн баруун талын халааснаас ай фоне экс эс загварын гар утсыг аваад найз ченжид аваачиж өгсөн. Тухайн үед манай найз Бямбажав холбогдож өгсөн. Би найз Бямбажавын дансаар шилжүүлж авсан” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 161 -162/,
“2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нөхөр хүүхдийн хамт шинэ жилийн хүнсээ цуглуулахаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Меркури худалдааны төв дотор явж байгаад өөрийн эзэмшлийн ай фоне 7 плас маркийн ягаан өнгийн 32 гигабайт багтаамжтай гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед нөхөр 2.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Хайрцаг сав болон баримт бичиг гэрт байгаа. Би алдсан гар утсаа 2.000.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 22 , 87-88/,
“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн СБ1-19-03 дугаартай:
“2013 онд худалдан авсан, ягаан өнгийн 32 гигабайт багтаамжтай, ямар нэг сэв зураасгүй, эвдрэл гэмтэлгүй, ай фоне 7 плас маркийн гар утсыг 1.050.000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан /3хх-ийн 25-26/
Шүүгдэгч Э.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Меркури худалдааны төв дотор үйлчлүүлж байсан үл таних хүний халааснаас айфоне-7 плас загварын гар утсыг хулгайлан аваад урд хаалгаар нь гарч явсан. Энэ хулгайг хийхдээ ганцаараа явж байсан гэх мэдүүлэг /3хх-ийн 24/,
Шүүгдэгч Ш.Оын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зүс таних хоёр залуу ирээд “утас авах уу” гэхээр нь би “авахгүй ээ, надад мөнгө байхгүй байна” гэхэд “авчих л даа” гээд байсан. Над руу дансаа мессежээр явуулсны дараа 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би 450.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр 2 залууг сайн танихгүй. Эгчээ гээд сүрхий ирээд байхаар нь зүс таньдаг болсон. Эхэндээ хулгайн утас гэдгийг хэлдэггүй, өөрөө барьдаг гэж байсан. Сүүлдээ буруу замаар орж ирсэн гэж байсан. Тэрнээс хойш авахгүй гэхээр лангуун дээр үлдээчхээд явчихдаг байсан.
... айфоне икс гар утсыг авахгүй гэхэд лангуун дээр тавьчхаад яваад өгсөн. Дансны дугаар мсж-р явуулсан байхаар нь 300.000 төгрөг шилжүүлсэн. Айфоне-8 загварын гар утсыг 150.000 төгрөгөөр, самсунг эс-9 загварын гар утсыг 200.000 төгрөгөөр авч дансаар мөнгийг нь өгсөн. Айфоне 7 плас загварын гар утсыг 100.000 төгрөгөөр аваад сүүлд эзэнд нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 169-170, 184/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс:
Шүүгдэгч Э.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 21/, оршин суух газрын лавлагаа /1хх-22, 139/, хувийн байдлын талаарх баримт /1хх-24-26/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-72, 2хх-91/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-140/, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-143-144/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-218-220, 3хх-46-49/,
шүүгдэгч Б.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 27/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-28/, оршин суух газрын лавлагаа /1хх-29/, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-30/, хувийн байдлын талаарх баримт /1хх-31-37/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-73, 2хх-92/,
шүүгдэгч Ш.Оын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-136, 2хх-94/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1хх-241/, оршин суух газрын лавлагаа /1хх-242/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-243/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-108/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний тайланг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц, Э.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.О нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгч Э.Э, Б.Ц нарын бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөрсдөдөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан үйлдэл нь санхүүгийн тэнцвэргүй байдлыг алсдаа үүсгэдэг, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлсэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон нийгэмд аюултай үйлдэл юм.
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдийн өөртөө амар хялбар аргаар ашиг орлого олохыг хүссэн сэдэлтийг дэмжиж тухайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг өөртөө ашиг гаргах зорилготойгоор зах зээлийн бодит ханшаас бага үнээр худалдаж авч байгаа нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Б.Ц, Э.Э нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч Ш.О нь дээрх үйлдлийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдэж авсан гар утсыг авсан, бусдад эх үүсвэрийг нуун худалдан борлуулж ашигласан үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, шүүгдэгч нарын өөрсдийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Э нь ганцаараа хохирогч Т.Дэвшилийн гар утсыг хулгайлж авсан үйлдлийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирол болох 1.050.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Хохирогч С.Алтанцэцэгийн хулгайд алдсан гар утсыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас хураан авч түүнд буцаан хүлээлгэн өгсөн байх бөгөөд бусад хохирогч нарын хохирлыг шүүгдэгч нар нь шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан байна. Энэ нь хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн хариу тайлбар, шүүх хуралдаанд болон шүүхэд гаргаж өгсөн хохирол төлсөн гэх баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц, Э.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах,
шүүгдэгч Ш.Оыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ц, Б.Э нарийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, Б.Ц, Ш.О нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болсон байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Б.Ц, Б.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, шүүгдэгч Б.Эийн хохирогч Т.Дэвшилийн хохирлыг барагдуулаагүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтайгаар оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн талаарх камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хэргийн учир шүүгдэгч Э.Э, Б.Ц, Ш.О нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Ц, Бн овогт Эны Э нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б чоно овогт Шгийн Оыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг таван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч Б.Цыг гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар шүүгдэгч Ш.Оыг тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Э, Б.Ц нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч Ш.Оад хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ц, Ш.О нар нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эээс 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Дэвшил /хм80053162/-д олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ