Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 142/2017/01185/И |
Дугаар | 001/ХТ2018/01191 |
Огноо | 2018-09-18 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2018/01191
“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00015 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,
Д д холбогдох
2013 оны 06 сарын 25-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсонтой холбогдуулан “Э ” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, “Э ” ХХК-ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 201, 501, 502 тоот орон сууцны хэрэглээний зардлыг зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг иргэн Д д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Б.Оюунтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Э ” ХХК нь “Ижилманлай” ХХК-тай орон сууц барих гэрээг 2013 оны 01 сарын 15-ны өдөр байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 10 айлын 6 давхар орон сууцнаас тус бүр нь 132 м.кв талбай бүхий дотоод засал чимэглэл хийгээгүй 2 орон сууцыг авто машины зогсоолын хамт 554,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000192755 тоот, 000192758 тоот улсын бүртгэлийн гэрчилгээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 201, 501 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон болно. “Э ” ХХК болон иргэн Д нар нь 2014 оны 01 сарын 03-ны өдрийн 5/001-14 тоот орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 502 тоот орон сууцыг түрээслэх, түрээсийн төлбөрт сарын 1100 ам.доллар, 201, 501 тоот орон сууцуудын хэрэглээний зардал, СӨХ, харуул хамгаалалт, авто машины зогсоолын төлбөрт сарын 500 ам.доллар, нийт 1600 ам.долларыг сар бүр төлөхөөр гэрээ байгуулсан байна. Дээрх гэрээний хугацаа 2014 оны 07 сарын 01-ний өдөр дууссан бөгөөд 2014 оны 06 сарын 25-ны өдөр 5/001-14 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 502 тоот орон сууцны түрээсийн төлбөрийг 1200 ам.доллар, 201, 501 тоот орон сууцнуудын хэрэглээний зардал гэх төлбөрийг 800 ам.доллар болгож тус тус нэмэгдүүлэн, сар бүр 2000 ам.доллар түрээслүүлэгчид төлөх, гэрээний үргэлжлэх хугацааг 2014 оны 07 сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатайгаар байгуулсан. Энэхуү гэрээ хэрэгжиж байх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 502 тоот орон сууцыг “Э ” ХХК-д худалдаж, 2015 оны 01 сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, Ү-2101018338 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг манай компани авсан болно. Мөн дээрх гэрээнүүдэд 2016 оны 07 сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 201, 501, 502 тоот орон сууцнуудын нэг сарын хэрэглээний төлбөрт тус бүр 400 ам.доллар, нийт 1200 ам.доллар төлөхөөр гэрээ байгуулсан байна. Дээрх төлбөр нь зах зээлийн үнээс хэт өндөр, улсаас тогтоосон жишиг төлбөрөөс хэд дахин давсан байх бөгөөд уг төлбөрийг орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу авч байх тул уг гэрээг 2017 оны 04 сарын 01-ний өдрөөс цуцлах мэдэгдлийг иргэн Д д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Иймд дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахтай холбогдуулан “Э ” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, “Э ” ХХК-ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 201, 501, 502 тоот орон сууцны хэрэглээний зардлыг зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг иргэн Д д даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнхандын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний харилцаа нь талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэгдэн байгууллагддаг бөгөөд гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч талыг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, гэрээ байгуулахыг тулгасан зүйл байхгүй, тэгш эрхийн болоод чөлөөт байдлын үндсэн дээр байгуулагдсан. Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Нэгэнт хүчин төгөлдөр гэрээ тул түүнээс үүсэн гарах хохирол төлөх тухай үндэслэлгүй юм. Гэрээ байгуулахыг шүүх хариуцагч талд даалгах гэсэн шаардлага нь иргэний эрх зүйн гэрээний эрх зүйн ерөнхий зарчмыг зөрчсөн зүйл байхгүй тул зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00015 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2014 оны 06 дугаар сарын 25, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрүүдийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх нэмэлт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тус тус тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол гаргуулах, мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 201, 501, 502 тоот орон сууцны хэрэглээний зардлыг зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг иргэн Д д даалгахыг хүссэн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 149,324 төгрөг нөхөн төлүүлж төрийн санд оруулж, хариуцагч Д гээс 112,460 төгрөг гаргуулан “Э ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнхандын хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.13-ны өдрийн 38 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар “...анхан шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлж хариуцагчаас 112,871,040 төгрөг гаргуулах,...” тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлэхэд, тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр №1333 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхой бус, хохирлын хэмжээг мөнгөн үнийн дүнгээр тооцоогүй байхад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүхэд анх нэхэмжлэгч, нэхэмжлэлээ гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй, тогтоох боломжгүй байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах хүсэлт гаргаж байсан, энэ хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэхдээ анхан шатны шүүхийн энэ шийдвэр нь нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй учраас ийнхүү шийдвэр гаргасан. Гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнгээ нэгэнт тодорхойлсон тул хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой. Иймээс анхан шатны шүүх нэгэнт үнийн дүн тодорхой болсон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн эрхийг огт зөрчөөгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлээ хэрхэн гаргах нь өөрсдийнх нь эрхийн асуудал байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Тодруул гэсэн агуулга бүхий магадлал гаргаж, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь давж заалдах шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Үнэхээр л нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл заавал нэхэмжлэлийг тодорхой болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг давж заалдах шатны шүүх ноцтой зөрчиж байна.
Маргаан бүхий гэрээнүүдийг нэхэмжлэгчийн хууль, эрх зүйн газрын хуульчдын боловсруулсан гэрээний дагуу л хариуцагч үнийн саналаа хэлж байгуулсан байдаг. Нэмэлт өөрчлөлтүүдийн хувьд мөн адил. Нэхэмжлэгч тал бүхэл бүтэн хууль, эрх зүйн газартай, 30 орчим хуульч ажилладаг, байгуулсан гэрээнүүд нь бүгд давхар давхар шалгагддаг атал одоо хариуцагчийн буруугаас болж хохирол учраад байна гэж байгаа нь үнэхээр үнэнд нийцэхгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2014.06.25, 2016.07.20-ны өдрүүдийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх нэмэлт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тус тус тооцож шийдвэрлэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014.06.25-ны өдрийн гэрээний хугацаанд нэхэмжлэгчид түрээслэж байсан 502 тоот орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд бүрэн шилжсэн байдаг. Үүний дараа 2016.07.20-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах хэлцлээр зөвхөн нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны хэрэглээний зардал төлөх хэлцэл хийгдсэн байдаг. Иймээс анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр бусад тооцсон 2014.06.25, 2016.07.20-ны өдрүүдийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх нэмэлт гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч Д д холбогдуулан 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууцны түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, “Э ” ХХК-ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 201, 501, 502 тоот орон сууцны хэрэглээний зардлыг зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг иргэн Д д даалгахыг хүссэн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, тулгасан зүйл байхгүй, талууд тэгш эрх, чөлөөт байдлын үндсэн дээр гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр тул хохирол төлөх үндэслэл байхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж буруутган, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй тул улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасны дагуу хангаж шийдвэрлэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 01 сарын 03-ны өдөр нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагчаас гаргуулах хохирлын хэмжээг 112,871,040 төгрөг гэж тооцон, харин 201, 501, 502 тоот орон сууцны хэрэглээний зардлыг зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг даалгах тухай шаардлагаасаа татгалзаж, шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлсэн байна.
Гэвч анхан шатны шүүх өмнө нь нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан захирамж гаргасан атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодруулсныг хүлээн авахаас татгалзах тухай №1333 дугаар захирамжид улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэл заасныг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч Д тэй 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай, сард 1600 доллар, төлбөрийг 6 сараар урьдчилан төлүүлэхээр байгуулсан ба 2014 оны 06 дугаар сарын 25, 2016 оны 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт”-ийг тус тус байгуулсан нь хэрэгт авагджээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хохирол гаргуулах, зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 06 дугаар сарын 25, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх нэмэлт гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэхдээ шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийг буруутгах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Д гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 135,000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН