Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 18

 

  Ц.Оюунбатад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Ц.Оюунбатад холбогдох 1728000000064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1974 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, 7 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Шинэ малчдын хорооллын 7-22 тоотод оршин суух, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 45.000 төгрөгөөр торгох ял, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан гэх Цагаан ямаат овгийн Цэндоогийн Оюунбат, регистрийн дугаар КК74081911

Ц.Оюунбат нь 2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Зүүнсайханы 3-20 тоотод оршин суух З.Багахүүгийн гэрээс 42 инчийн “Эл си ди” зурагт, хромон гутал зэрэг эд зүйл хулгайлж, орон нутгийн зах зээлийн ханшаар 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Оюунбатыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ц.Оюунбатыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оюунбатад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оюунбатын цагдан хоригдсон 35 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оюунбатаас 500000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Баярчимэгт олгож,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9-д зааснаар битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн алх, цоожны толь төмөр зэргийг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оюунбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ. 

          Шүүгдэгч Ц.Оюунбат давж заалах гомдолдоо: Миний бие эхнэр 7 хүүхдийн хамт амьдардаг. Өрхийн амжиргааны түвшин нэн ядуу, эрхэлсэн тодорхой ажилгүй. Өвлийн цагаар галч хийж, хаврын цагт хөдөө айлаар ямаа самнаж хүүхдүүдээ өсгөж бойжуулж амьдардаг.

         Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Айлаас авсан зурагт, хромон гутал 2-ыг буцаан өгч бусдад төлөх төлбөр хохирол гомдол байхгүй болсон.

          Иймд миний амьдралын бодит байдлыг харгалзан үзэж 2 жил нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн хорих ялыг өөр төрлийн шийтгэлээр сольж биеэр эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

          Хохирогч Б.Баярчимэг давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Манай хохирлыг барагдуулаагүй нь үнэн болно. Бид нар Ц.Оюунбатаас ямар ч эд зүйл аваагүй. Манай хохирлыг барагдуулаагүй байж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна гэжээ.  

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хамгийн бага хэмжээгээр оногдуулсан ял байгаа. Энэ гэмт хэрэгт нь 2-8 жилийн хорих ялтай байдаг. Хөнгөрүүлэн үзэх ямар нэгэн боломжгүй байсан учраас хамгийн бага хэмжээг оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү? гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Оюунбатын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч Ц.Оюунбат нь 2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг, Зүүнсайханы 3-20 тоотод оршин суух З.Багахүүгийн гэрээс 42 инчийн “Эл си ди” зурагт, хромон гутал зэрэг эд зүйл хулгайлж, орон нутгийн зах зээлийн ханшаар 800000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс шинжлэн судлаад тогтоосон үйл баримт нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах  гэмт хэргийн шинжтэй тохирч байна.

       Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оюунбатад 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

          Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/71 тоот албан бичгээр тус аймгийн Цагдаагийн газарт Ц.Оюунбатын цахим иргэний үнэмлэхийн лавлагааг гаргаж өгснийг /хх-107/ харахад шүүгдэгч Ц.Оюунбатын ургийн овог Цагаан ямаат гэж бичигдсэн байхад хавтас хэрэгт яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд /хх-45/ Боржигон, яллах дүгнэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолд /хх-113, 127, 131/ Дух гэж тус тус зөрүүтэй бичсэн.

          Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бусдын эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгах талаар заасан Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлахгүйгээр хохирогчид учирсан гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтуудыг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.

         Шүүгдэгч Ц.Оюунбат нь тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй болох нь хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон тул  “биеэр эдлэх ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн” Ц.Оюунбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөхийн тулд давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлтийг хийгээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:        

 

            1. Шүүгдэгч Ц.Оюунбатын “биеэр эдлэх ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “Дух” гэснийг “Цагаан ямаат” гэж, 5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Ц.Оюунбатын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 /дөчин есөн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            4. Тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

           

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА