Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2018/0360/З |
Дугаар | 423 |
Огноо | 2018-07-02 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 423
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.А, Г.Ц, Ц.М, С.С
Хариуцагч: СЕХ
Гуравдагч этгээд: Б.Б, О.Б , Ц.Д, Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй, дахин сонгууль зарлаж, сонгуулийг зохион байгуулахгүй байгаа СЕХны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаж, Сонгуулийг хуульд заасан ерөнхий журмаар зохион байгуулахыг СЕХнд даалгах”-ыг шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.С, Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СЕХг яагаад хариуцагч гэж тодорхойлсон үндэслэл нь:
Захирамжийн үндэслэх хэсэгт “Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд Аймгийн сонгуулийн хороог СЕХ биш аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулж, татан буулгахаар заасан байх ба үүнээс үзэхэд уг маргаан нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн маргаан биш байж болохоор харагдаж байна” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэл гаргагч нарын зүгээс Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 тойрогт явуулсан сонгуулийг зохион байгуулсан Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны шийдвэр үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Харин Өмнөговь аймгийн сонгуулийн хороог СЕХны 2016 оны 4 сарын 18-ны өдрийн “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай” 21 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалтыг үндэслэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь заалтыг үндэслэн татан буулгасан байсан.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасны дагуу татан буугдсан сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн этгээдийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, мөн тухай хуулийн хорооны гаргасан сонгуулийн дүнгээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нэр дэвшигчтэй холбоотой хэсгийг хүчингүй болгох, дахин сонгууль зохион байгуулах үр дагаврыг СЕХ хариуцахаар байсан тул СЕХ-г хариуцагчаар татсан болно.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар 2018 оны 8 сарын 01-ний өдөр татан буугдсан Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны шийдвэр үйл ажиллагааны эрх зүйн үр дагаврыг СЕХ хариуцахаар байна. Гэтэл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт Монгол ардын намаас нэр дэвшиж хамгийн олон санал авсан О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нар нь сонгуулийн сурталчилгааны явцад Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14, 70.5.16 дахь заалтыг зөрчиж, хориглосон сурталчилгаа явуулсныг Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь сум, сум дундын шүүхийн 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 8 дугаар шийтгэвэр, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 82 дугаар магадлалаар тус тус тогтоосон.
Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлийн төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж заасан байх бөгөөд СЕХны 2016 оны 4 сарын 18-ны өдрийн “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай” 21 дүгээр тогтоолоор байгуулагдаж Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо нь 2016 оны 8 сарын 01-ний өдөр татан буугдсан байна.
Үүнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны үйл ажиллагааны эрх зүйн үр дагаврыг СЕХ хариуцах ёстой боловч өнөөдрийг хүртэл Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4 дэх заалтуудыг хэрэгжүүлж Сонгуулийн хууль зөрчсөн этгээдүүдийг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасаж, сонгуулийн дүнгээс тухайн нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн шинэлэг зохицуулалт болох 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг хэрэгжүүлж “Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2916 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлаж, сонгуулийг зохион байгуулахгүй байгаа СЕХны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаж, Сонгуулийг хуульд заасан ерөнхий журмаар зохион байгуулахыг СЕХнд даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.А, Г.Ц, С.С, Ц.М нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулсан Өмнөговь аймгийн сонгуулийн хороог СЕХны 2016 оны 262 дугаар тогтоолыг үндэслэн 2016 оны 8 сарын 1-ний өдөр татан буулгасан.
Татан буулгасан үндэслэл нь:
Иймд нэхэмжлэгч нар шинээр байгуулагдсан аймгийн сонгуулийн хороог татан буулгасан Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.
Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.5.2-т зааснаар аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах дээд шатны байгууллага нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороо бөгөөд СЕХны хувьд зөвхөн мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллана. Уг чиг үүргийнхээ дагуу дахин сонгууль зохион байгуулалтын асуудлаар Өмнөговь аймгийн сонгуулийн хороонд удаа дараа зөвлөмж өгч ажилласан. Иймд дахин сонгууль зохион байгуулалтын асуудлаар СЕХ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс татгалзсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм” гэжээ.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшсэн О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлаж, сонгуулийг зохион байгуулахгүй байгаа СЕХны эс үйлдэхүйг тогтоож, дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаж, сонгуулийг хуульд заасан ерөнхий журмаар зохион байгуулахыг СЕХнд даалгах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар харьяалуулсан захиргааны хэргийг анхан шатны журмаар, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийг давж заалдах шатны журмаар шийдвэрлэнэ” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.6 дахь хэсэгт “Сонгуулийн төв байгууллагад холбогдох маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэхдээ гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж шийдвэр гаргана” гэж хуулиар хэргийн харьяаллыг тогтоосон байна.
Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 113.6 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Гуравдагч этгээд нарын сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрсөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь 2016 оны 7 сарын 18-ны өдөр гарсан болно.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сонгуулийн 14 дүгээр тойрогт нэр дэвшсэн гуравдагч этгээд нар нь сонгогч нараас хамгийн олон саналыг авч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 сарын 18-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тэд нарын эрхийг баталгаажуулсан юм. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан тогтоолыг үндэслэлгүй гэж нэхэмжлэгч нарыг нэр дэвшүүлсэн нам нь шүүхэд нэхэмжлэлийг гаргасан юм. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2017 оны 5 сарын 29-ний өдрийн 195 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь хууль зөрчөөгүй хэмээн дүгнэсэн байна.
Хариуцагч байгууллагын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь дахин сонгуулийг явуулах тохиолдолд тухайн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон байх Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасан шаардлага хангагдахгүй байна.
Сонгуулийн хүчингүйд тооцоход гуравдагч этгээд нарын хууль тогтоомж зөрчсөний учраас нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг маргаан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогоогүй тул хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байна. иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Ц.А, Г.Ц, С.С, Ц.М нар “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй, дахин сонгууль зарлаж, сонгуулийг зохион байгуулахгүй байгаа СЕХны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаж, Сонгуулийг хуульд заасан ерөнхий журмаар зохион байгуулахыг СЕХнд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр Ц.А, Г.Ц, С.С, Ц.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд шүүх зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
СЕХ /цаашид “Хороо” гэх/-ны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай” дугаар 21 тоот тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахаар Өмнөговь аймгийн сонгуулийн хороог байгуулсан байна.
Улмаар СЕХны 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай” дугаар 262 тоот тогтоолоор Өмнөговь аймгийн сонгуулийн хороог татан буулгасан байна.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “СЕХ /цаашид “Хороо” гэх/ нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага мөн”, 3.3-д “Хороо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана” гэж тус тус заасан байна.
Мөн Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1-7.5.7-д аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах талаарх СЕХны бүрэн эрхийг тодорхой тоочиж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах, орон нутгийн хурлын сонгуулийн дүнгийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлах, орон нутгийн хурлын сонгуулийг дахин явуулах шийдвэрийг гаргаж, орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулах бүрэн эрхийг Хороонд хуулиар олгоогүй байна
Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасан тул СЕХг хариуцагчаар тодорхойлсон, Өмнөговь аймгийн сонгуулийн хороо татан буугдсан тул уг аймгийн сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны эрх зүйн дагаврыг түүнийг байгуулсан болон татан буулгах шийдвэр гаргасан СЕХ хариуцах ёстой гэсэн агуулгаар, энэ үндэслэлээр маргаж байх хэдий ч орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах, орон нутгийн хурлын сонгуулийн дүнгийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлах, орон нутгийн хурлын сонгуулийг дахин явуулах шийдвэрийг гаргаж, уг сонгуулийг зохион байгуулах бүрэн эрх СЕХнд хуулиар олгогдоогүй байна.
Сонгуулийн тухай хуулиар 2016 оны аймаг, нийслэлийн хурлын ээлжит сонгуулийг Улсын Их Хурлын сонгуультай зэрэг явуулахаар хуульчилснаас шалтгаалан СЕХны шийдвэрээр аймгийн сонгуулийн хороог байгуулж, татан буулгасан байх ба үүнээс шалтгаалан нэхэмжлэгч тал Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан заалтыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгон маргаж байгааг буруутгах боломжгүй боловч нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлон, томьёолсон бүрэн эрхүүдийг СЕХнд хуулиар олгоогүй байх тул шүүхээс нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.
Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна”, 31.2-т “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сонгуулийн төв байгууллагын шууд удирдлагын дагуу Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулна”, 31.4-д “Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна”, 31.5-д “Аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь заалтын агуулгаас үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг дангаар зохион байгуулах тохиолдолд уг сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулахаар байна.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 32.1.1-д “сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах”, 32.1.8-д “аймаг, нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох”, 32.1.10-д “аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх”, 32.1.13-д “дахин болон нэмэлт санал хураалт, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж тус тус заасан байна.
Дээрх Сонгуулийн тухай хуулийн зохицуулалтууд болон тус хуулийн бусад зохицуулалтуудын агуулгаас үзэхэд орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах, орон нутгийн хурлын сонгуулийн дүнгийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлах, орон нутгийн хурлын сонгуулийг дахин явуулах шийдвэрийг гаргаж, орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулах асуудал СЕХны бүрэн эрхэд биш харин аймгийн сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарч байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.А, Г.Ц, С.С, Ц.М нарын нэхэмжлэлийг шүүхээс хангах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т “Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан сонгуулийн төв байгууллагад холбогдох энэ хуулийн 111.5-д зааснаас бусад эрх зүйн маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ”, 115.6-д “Сонгуулийн төв байгууллагад холбогдох маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэхдээ гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж шийдвэр гаргана” гэж тус тус заасан байна.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.6-д зааснаас үзэхэд сонгуулийн төв байгууллагад холбогдох маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэх ёстой, захиргааны хэргийн анхан шатны шүүх уг маргааныг хянан хэлэлцэж байгаа нь шүүхийн харьяалал зөрчсөн гэсэн агуулга, үндэслэлээр тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.6-д заасан зохицуулалтын агуулга нь Улсын Их Хурал, ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсантай шууд холбоотойгоор сонгуулийн төв байгууллагад холбогдох маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэхдээ гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх харилцааг зохицуулсан байх ба тус хуулийн 115 дугаар зүйлийн 115.6 дахь заалт нь шүүхийн харьяаллыг зохицуулсан зохицуулалт биш тул гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, 32.1.10, 32.1.13, 159 дүгээр зүйлийн 159.3, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-д заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн О.Б, Ц.Доржсүрэн, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй, дахин сонгууль зарлаж, сонгуулийг зохион байгуулахгүй байгаа СЕХны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаж, Сонгуулийг хуульд заасан ерөнхий журмаар зохион байгуулахыг СЕХнд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий Ц.А, Г.Ц, С.С, Ц.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А, Г.Ц, С.С, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б