Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0328

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гомдол гаргагч “Ү” ХХК

Хариуцагч Нийслэлийн татварын газар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 219 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0108/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “Ү” ХХК-иас “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0291390 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 219 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 46 дугаар зүйлийн 46.5.1, 47 дугаар зүйлийн 47.3.2, 47.3.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0291390 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “Үг” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг шийтгэлийн хуудастай холбогдуулан ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул бид “ямар үндэслэлээр шүүх уг шийтгэл хууль ёсны гэж үзсэн болохыг” мэдэхгүй байгаагаа илэрхийлье.

3.3. Учир нь хариуцагчаас татвар төлөгч компанийн 2016-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй байна. Энэ талаар хэргийг өмнө анхан шатны журмаар шийдвэрлэхдээ мөн тогтоосон байдаг.

3.4. Тухайлбал, Хяналт, шалгалтын ХШ08 маягт буюу шийтгэлийн хуудсын хавсралтад татвар төлөгчийн төлсөн НӨАТ-ын 33 сая төгрөгийн төлөлтийг татварын төлбөр зохих өрийн дүнгээс хач тооцоогүй, үүнийгээ ХШ08 маягтад заасан хүснэгтэд оруулан тооцоогүй талаар хариуцагч тал ч мөн хүлээн зөвшөөрдөг.

3.5. Энэ тухай шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудаст энэ талаар дурьдаж 33 сая төгрөгийг төлсөн болохыг зөвшөөрсөн байдаг ч энэ нь шийтгэлийн хуудсыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй болох талаас нь шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс алдаатай шийдвэр гарахад хүрсэн байна.

3.6. Нөгөө талаар татвар төлөгчийн төлсөн мөнгөн дүн нь зөвхөн татварын албаны цахим тайлангийн системд бүртгэгдсэн байх ёстой гэж үндэслэлгүй дүгнэлтийг хариуцагчийн тайлбарт хөтлөгдөх шүүхээс өгсөн нь хуульд нийцэхгүй гэж үзнэ.

3.7. Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тэр дундаа татварын хяналт шалгалтын ажилтай холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдчилсан нөхцөл нь татвар төлөгч өр төлбөрийн талаар маргаангүй, өр төлбөрийн дүн хяналт, шалгалтын ажил хийгдэж дууссан өдрийн байдлаар эцэслэгдсэн дүн буюу нийт төлөлтүүд хасагдсаны дараах дүн байх бөгөөд уг дүн дээр талууд маргаангүй байхыг ойлгодог. Гэтэл татварын өр төлбөрийн дүн маргаантай төлсөн татварын дүнгүүдийг хасч тооцоогүй өндөр дүнгээс торгууль, алданги тооцож хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэж шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй юм.

3.8. Энэ ч утгаараа шийтгэлийн хуудаст баримталсан дүн нь бодит бус тоон дүнг удирдлага болгосон нь тухайн шийтгэлийн хуудас бүхэлдээ хүчингүй болох үндсэн нөхцөл юм. Гэтэл шүүх хүчингүй болгох шаардлагын хүрээнд бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн атлаа ямар учраас шийтгэлийн хуудаст заасан дүн нь бодит болох талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхээс өгөөгүй байна.

3.9. Шүүх маргаан бүхий акт хууль зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх учиртай ч энэхүү чиг үүрэг зорилгоо хэрэгжүүлж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй. Үүнд:

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... НӨАТ-ын 33 сая төгрөгийн төлөлтийг татварын төлбөл зохих өрийн дүнгээс хасч тооцоогүй, ... өндөр дүнгээс торгууль, алданги тооцож хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн, ... шийтгэлийн хуудсанд баримталсан дүн нь бодит бус” гэх давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

2.2. Анхан шатны шүүх тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 599 дүгээр магадлалд заасан “гомдол гаргачийн маргаж буй 33,000,000 төгрөгийг хасаж тооцсон эсэх”-тэй холбоотой болон маргаан бүхий актын бусад үндэслэлтэй холбогдуулан Үндсэн үйл ажиллагааны орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй, НӨАТ-ыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 11-355 хоног хоцроосон, Цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 13-107 хоног хоцроосон гэх зөрчлүүдтэй холбоотой бүхий л нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэжээ.

2.3. Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төсөв төлөх”, 18.1.2-т “татварын ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, 46 дугаар зүйлийн 46.5.1-д “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөөр өөрөөр нь засуулах” гэж зааснаар “Ү” ХХК нь 2016-2018 оны татвар ногдох зүйлээ үнэн зөв тодорхойлж, тайлангаа хуульд заасан тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлж, татвар төлөх үүргээ хэрэгжүүлэхээр байна.

2.4. Татвар төлөгч “Ү” ХХК нь татварын зөрчил гаргасан талаар маргаагүй, харин нийт өр төлбөрийн дүнд маргаж, давж заалдах гомдолд дурьдсан “... 33,000,000 төгрөгийн төлөлтийг татварын төлбөл зохих өрийн дүнгээс хасч тооцоогүй” гэж маргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй байхаас гадна, анхан шатны шүүхээс энэ талаар Татварын албаны цахим тайлангийн системийн мэдээллийг шалгаж дүгнэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчаас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлсөн гэж үзэхээргүй, харин 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь хариуцагчаас үгүйсгээгүй. Энэ нь цахим тайлангийн системд тусгагдсан талаар Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 85 дугаар тогтоолд дүгнэсэн бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан 33,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг хасч торгууль, алдангийг ногдуулж, татварыг хасч тооцсон нь үндэслэлтэй тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шийтгэлийн хуудаст баримталсан дүн бодит бус” гэх гомдлыг хүлээн авахгүй боломжгүй.

3. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 7.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж зааснаар татварын улсын байцаагч нараас гомдол гаргагчийн 2016-2018 оны татварын зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд уг зөрчил нь санхүүгийн болон татварын тайлан зэргээр тогтоогдсон байна.

3.1. Нэгэнт Үндсэн үйл ажиллагааны орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татварын ногдуулан төлөөгүй 2016 оны 310,899,396 төгрөгийн зөрчил, НӨАТ-ыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 11-355 хоног хоцроосон 2016 оны 33,535,644 төгрөгийн зөрчил, Цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 13-107 хоног хоцроосон 2016 оны 23,352,365 төгрөгийн зөрчилд тус тус “татварыг хугацаанд нь төлөөгүй гэж үзэн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 219 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН