Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1867

 

 

 

 

 

 

 

 

    2020        10          27                                   2020/ШЦТ/1867   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Цийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 03062 2484 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Нямбаатарын эзэмшлийн Хонор жи 8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Г.Ц нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч С.Нямбаатарын  мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Ц бид хоёр 0.75 литрийн хоёр шил архи хувааж уусан ба намайг түр унтаад сэрэхэд Ц миний Хонор жи 8 загварын гар утсыг хулгайлсан байсан. Тэгээд би “миний гар утас хаана байна, карт хаана байна” гэж асуухад Ц “ах нь гар утсыг чинь явуулын хүнд зарчихсан, картыг чинь эвдэрхий эмнэлгийн хажууд тоосгон доогуур хийсэн” гэж хэлсэн. Ц надтай цуг явж банкны картыг авч өгсөн. Би бэлэн мөнгөний машинаас таксины мөнгө авч өгөх үед Ц алга болсон байсан. Би хохирлоо төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

 

Гэрч Ж.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Нөхрийнхөө архи уугаад хоносон гэх айлд яваад очиход гурван хүн согтуу хэвтэж байсан. Би тэнд байсан хүмүүсээс 800.000 төгрөгөөр авсан гар утас, бичиг баримт хаана байна гэж асуухад бүгд мэдэхгүй гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн тэр гурван хүний нэг нь гар утсыг авсан хүнийг мэднэ гэж хэлсэн. Цагдаа нар ирээд тэр хүнийг хайгаад олоогүй учир би өргөдөл бичиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

“Арвижих эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/126 дугаартай:

“Хонор эс 8 маркийн хэрэглэж байсан шинэвтэр гар утас нь 2020 оны 05 дугаар сарын байдлаар 500.000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /хх-ийн 27/,

 

Шүүгдэгч Г.Цийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 он 05 дугаар сард Эрхэмбаяр ахын гэрт очиж Нямбаатартай 0.75 литрийн хоёр шил архи уусан. Архиа ууж дууссаны дараа Нямбаатар намайг өөрийн барьж явсан гар утсыг өгөөд “дэлгүүрт тавиад архи аваад ир” гэж хэлэхээр нь би гар утсыг авч гараад дэлгүүрт тавих гэхэд дэлгүүр хаалттай байхаар нь Нямбаатарын гар утсыг Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны хоёрдугаар буудлын орчим танихгүй эрэгтэй хүнд 50.000 төгрөгөөр зараад Нямбаатар дээр буцаж очоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

 

            - Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 08/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Г.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Нямбаатарын эзэмшлийн Хонор жи 8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч согтуурхахдаа надад гар утсаа өгөөд барьцаанд тавьчих гэсэн байх. Тэрнээс би хулгай хийгээгүй гэсэн тайлбар мэдүүлэг гаргасан бөгөөд түүний тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 Хохирогч нь хэрэв шүүгдэгчийн мэдүүлснээр түүнд гар утсыг “дэлгүүрт тавиад архи аваад ир” гэж өгсөн бол утасны хавтсанд байх банкны картаа яагаад авахгүйгээр цуг өгч явуулсан, картад нь мөнгө байхад яагаад гар утсаа барьцаалах болсон, шүүгдэгч гар утсыг зарсан гэх атлаа яагаад гар утасны хавтсанд байсан банкны картыг өөрөө авч гудамжинд тоосго доор нуусан, хохирогчийг АТМ-с таксины мөнгө авч өгөх гэж байхад нь яагаад зугтаасан зэрэг нь шүүгдэгчийн тайлбарыг үгүйсгэж байх тул шүүгдэгч Г.Цийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Өөрөөр тайлбарлахад хохирогч С.Нямбаатарт өөрийн нь банкны дансанд мөнгө байхад гар утсаа барьцаалж архи авах шаардлага байгаагүй байна.

 

Шүүгдэгч Г.Цийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Цийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Г.Цаас 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Нямбаатарт олгох нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Г.Цид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулаагүй байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Цийн цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 80 цагийн хугацааг оногдуулсан ялаас хасаж, нийт ялыг тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Гын Цийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цийг гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цийн цагдан хоригдсон 10 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 80 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан ялаас хасаж, нийт ялыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Цид оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаа тогтоож эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цаас 500.000 төгрөг гаргуулж хохирогч С.Нямбаатар / це73060311/-т олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ