| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0712/Э |
| Дугаар | 760 |
| Огноо | 2020-09-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 760
2020 09 17 2020/ШЦТ/760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: М.Энхбаатар,
Шүүгдэгч: А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын газрын прокурор Б.Чимгээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А.Н-д холбогдох эрүүгийн 2011 0000 00723 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 24-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн оюутан, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1-48-17 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овгийн А.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Н нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 48 дугаар байрны хонгилын давхарт цуг согтууруулах ундаа хэрэглэж байсан Н.Энхцэцэгийн цүнхнээс Самсунг А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлснаас 854.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй
Тухайн үед Н.Энхцэцэг надад нөхөр зоддог, намайг өмнө хутгалж байсан. ...Би сая хүүхдээ орхиод гараад ирсэн чинь нөхөр залгаад байна, нөхрөөсөө айгаад байна гэж байсан тул би түүнийг явуулахгүй гэж гар утсыг авч, маргааш нь өгье гэж бодсон. ... Маш их гэмшиж байна” гэв.
Хохирогч Н.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед найз болох А.Н-н гэр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт байрлах яг 5 дугаар сургуулийн хойд талд байрлах 48 дугаар байрны подвалд байрлах байранд нь очсон. Ингээд А.Н болон миний бас нэг Азжаргал хоёр хажуу талын айлынхаа нэг ахын гэрт сууж байсан тэд нар Боргио гэх нэртэй 2 литрийн пивог хуваагаад уугаад сууж байсан. Ингээд тэр байрны ах нь Азжаргал, А.Н бид гуравт нэмж том 2 литрийн Боргио гэх нэртэй пиво авч өгөөд би нар бүгдээрээ хувааж ууцгаасан. Дараа нь оройн 21 цагийн үед би найз болох Амарсанаа руу залгаад намайг ирээд авчихаа, найз нь жаахан уучихсан байна гэж өөрийнхөө гар утсаар хэлсэн. Мөн нөхөр болох Энх-Амгалан залгаад байхаар нь бас түүнд удахгүй 23 цагаас өмнө гэртээ очно гэдгээ утсаар хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо тэр ахын гэрт юм ярьж байгаад би бие засах гээд тэр ахын бие засах өрөөнд орох гэтэл засвартай байсан тул А.Нын гэрийнх нь бие засах өрөө лүү орсон. Ингээд бие засах өрөөнд орохоосоо өмнөхөн манай найз над руу залгаад 5 дугаар сургуулийн буудал дээр ирчихлээ, гараад ир гэсэн ба тэгэхээр нь би одоохон дахиж засах өрөө орчихоод гарлаа гэж хэлээд гар утсаа сальфетакаар арчаад цүнхэндээ хийгээд байж байхад А.Н нь чиний цүнхэн дотор юу юу байгаа вэ гээд сонирхоод үзье гээд байсан, тэгэхээр нь би юу байхав дээ будаг, шунх байгаа гээд цүнхээ А.Н-д өгөөд А.Н-н гэрийнх нь бие засах өрөө рүү нь орсон. Бие засах өрөөнөөс гарч ирээд А.Н-н гэрт байж байхад А.Н гадна талаас миний цүнх, малгай хоёрыг барьчихсан орж ирсэн. Тэгээд А.Н надад миний найз одоо явдаа гэж хэлээд миний цүнх, малгай хоёрыг надад өгсөн. Би цүнхээ авахад онгорхой байсан тэгээд би дахиж найз Амарсанаа руу залгах гээд цүнхнээсээ утсаа авах гэтэл цүнхэн дотор утас маань байгаагүй. Тэгээд би нөгөө ахын гэрт орхисон юм болов уу гэж бодоод тийшээ очоод хайсан чинь гар утас маань байхгүй байсан. Тэгээд гар утсыг маань гаргаж өг, та нар тоглоод байгаа юм уу гэж хэлэхэд бүгдээрээ мэдэхгүй гээд гаргаж өгөөгүй. Би гар утас руугаа залгахаар дуудаад байсан. Тэгээд А.Н нь надад яанаа чиний утас руу залгахаар дуудаад байгаа мөртлөө тасдаад байна гэж хэлсэн. Ингээд би шууд цагдаагийн байгууллагад өгсөн ба тэр байрнаас хайж байгаад бүр подвалд байсан нийтийн бие засах өрөөнөөс миний гар утас маань бид нарыг мэдүүлэг өгсний дараа гарч ирсэн. Гар утас маань олдохоос өмнө цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байхад А.Н нь чи өөрөө утсаа нуучихаад бид нарыг гүтгээд байгаа юм биш үү гэж хэлсэн. Харин гар утас олдсоны дараа чи гар утсаа арчаад хийсэн бол гар утсанд чинь миний гарын хээ байгаа байх, чи гомдолгүй гээд хэлчих гээд хэлээд байсан. Тэгээд А.Н миний утсыг зөвшөөрөлгүйгээр намайг ав гэж хэлээгүй байхад авсан байна лээ. Одоо би гар утсаа буцааж авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,
Гэрч Б.Азжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 53 минутын үед А.Н нь над руу залгасан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 17 буудлын Соёл төвийн урд уулзсан. Хөрш ахтайгаа хамт явж байсан. Тэгээд 3 уулаа А.Н-н гэр лүү явсан. ...Тэгээд Энхцэцэг нь 00-ийн өрөө ороод би Мөнххүслэнтэй юм яриад сууж байхад Энхцэцэгийг 00-ийн өрөөнөөс гарч ирэхэд А.Н нь хажуу айлаасаа орж ирэхдээ Энхцэцэгийн цүнхийг малгайных нь хамтаар барьж орж ирсэн. Тэгээд Энхцэцэг нь найзруугаа залгахгүй бол болохгүй гээд утсаа хайтал цүнхэн дотор нь утас нь байхгүй болохоор хажуу хөрш айлд нь орхисон юм байхдаа гэж буцаж орж үзтэл байхгүй байсан. Тэгээд тэр айлдаа цүнхээ дотор нь нэгжиж үзэхэд утас нь байхгүй байсан. Энхцэцэг рүү найз нь залгахад утасных нь дуу нээлттэй байсан хэрнээ алга болсны дараа дуу нь хаагдчихсан тэгээд бас дуудаад байсан болохоор цагдаагийн байгууллагат дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/
Гэрч Ө.Цолмон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хажуу айлын А.Н жоохон юм ярьж суух уу гээд байж байтал нэг найз нь гээд нэг охин орж ирсэн. Тэгээд би 3 ширхэг том пиво авч уунгаа юм ярьж сууж байгаад. Тэгээд хэсэг хугацааны дараа гаднаас дахиад нэг охин ирж 4 үүлээ болоод сууж байтал авсан пиво ууж дуусгачихаад байж байтал нэг охиных нь утас дуугараад би оройтчихлоо одоо явлаа манай найз ирж 5 дугаар сургуулийн үүднээс авна гэж утсаар ярьчхаад утсаа цүнхэндээ хийгээд нөгөө охин чинь гараад явсан юм. Тэгээд унтах гээд хаалгаа цоожлоод байж байтал буцаад тэр 3 орж ирснээ утсаа алдчихлаа гээд шууд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/
Шүүгдэгч А.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байхаа миний амьдарч байсан гэр болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 48 дугаар байрны подвалын 06 тоот өрөөнд 17 цагийн үед Азжаргалд ирсэн. Дараа нь оройн 20 цагийн үед байхаа Азжаргалын найз Энхцэцэг манай гэрт ирсэн. Улмаар манай хажуу талын айлын ах болох Цолмонгийн гэрт Азжаргал, Энхцэцэг, Цолмон ах болон би гээд бид нар бүгдээрээ “Боргио” нэртэй пивоноос нэг бүтэн, нэг талыг хувааж ууцгаасан. ...Манай гэр лүү бие засах гээд Энхцэцэг, Азжаргал хоёр явж байхад би ард талд нь явж байгаад Энхцэцэгийн гар утсыг өмд билүү, цамц билүү аль нэг хувцасныхаа баруун талын халаасанд хийгээд Энхцэцэг согтуу байсан болохоор түүнийг явуулахгүй байх санаатай, гар утсыг нь нуух гэж авсан. Улмаар Энхцэцэг, Азжаргал хоёр бие засах өрөөнөөс гарч ирээд шууд Цолмон ахын гэрт очсон ба би бас өөрөө гэрийнхээ бие засах өрөө рүү орж бие засчихаад Энхцэцэг, Азжаргал хоёрын араас нь очсон. Тэгтэл Энхцэцэг гар утас алга боллоо гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд улмаар цагдаагийн алба хаагч нар ирчихлээ гээд утсаар залгаад подвалын гадна талын хаалгыг нүдэхээр нь би гарч цагдаа нарт подвалын хаалгыг онгойлгох гээд байхдаа урьдчилаад айсандаа Энхцэцэгийн гар утсыг манай байрны коридорт байрлах нийтийн бие засах өрөөнд байсан уутан дээр тавьчихаад явсан. ...Би Энхцэцэгээс гар утсыг нь авахдаа ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй. Энхцэцэг миний урд талд явж байхад би түүний гар утсыг халаасандаа хийсэн. Гол нь Энхцэцэг согтуу байсан болохоор би явуулахыг хүсээгүй юм, тэгээд өөрөө Энхцэцэг би нөхрөөсөө айгаад байна гэж хэлэхээр нь явуулахыг хүсээгүй гар утсыг нь авч нуусан. ...Улмаар цагдаагийн алба хаагч нар ирээд гар утсыг хайгаад бие засах өрөөнөөс олоод Энхцэцэгт буцааж өгсөн. ....Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-15-р хуудас/
Дамно ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн №ЧД1-20-438 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлгээний дүн 854.100 төгрөг” /хавтаст хэргийн 26-27-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...Иргэн Э.Энхцэцэгт Samsung A51 маркын хар өнгийн хавтас, гэртэй, хар өнгийн гар утсыг хүлээлгэж өгөв” /хавтаст хэргийн 35-р хуудас/
Шүүгдэгч А.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43-р хуудас/
Шүүгдэгч А.Н-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 45-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй байна.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч А.Н нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 48 дугаар байрны хонгилын давхарт хохирогч Н.Энхцэцэгийн цүнхнээс Самсунг А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 854.100 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Н.Энхцэцэг, гэрч Б.Азжаргал, Ө.Цолмон нарын мэдүүлэг, шүүгдэгч А.Н-н мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Н нь хохирогч Н.Энхцэцэгийн гар утсыг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад 854.100 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Шүүгдэгч А.Н нь өөрийн үйлдлийн улмаас учирах хохирол, хор уршгийг мэдсэн, түүнийг зориуд хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн байна.
Прокуророос А.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Н-н үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад нийт 854.100 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч А.Н нь эд зүйлийг буцаан өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч А.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.Н нь хэдийгээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байгаагүй боловч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч А.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг эд зүйлийг буцаан хүлээлгэж өгөх замаар бүрэн нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө, сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтанд зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тэнссэн хугацаанд тогтоож шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон