| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2016/00301/И |
| Дугаар | 183/ШШ2017/00222 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2017/00222
| 2017 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2017/00222 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 21 дүгээр байр, 46 тоотод оршин суух, Сэргэлэн овогт Батсуурийн Бат-Оргилын /РД:ЧП77082716/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-3, өөрийн байранд байрлах “Монгол-Солонгосын политехникийн коллеж” ХХК-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Бат-оргил миний бие анх тус байгууллагад 2010 онд эдийн засгийн багшаар ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Гэтэл 2016.05.27-ны Б/115 тоот тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халагдах шалтгаан гэвэл 2015 оны 08 дугаар сарын сүүлээр одоо ажиллаж байгаа захирал Г.Оюунбилэг нь томилогдож ирснээс хойш ажилчдыг халж сольж эхэлсэн бөгөөд ажлаас халагдсан хэсэг нөхөд болох ҮЭ-ийн хорооны дарга Н.Эрдэнэтуяа, Х.Мижиддорж, Д.Буяндэлгэр нартай холбоотой учир үзэл бодол нийлэхгүй байна гээд захиргааны дарамт үүсгэж эхэлсэн. 2016.05.13-ны өдөр 2 цагт ажил тарсан тул хүүхдүүдийн дэвтэр шалгаж байгаад маргааш нь миний төгссөн сургууль болох 18 дугаар сургуулийн 60 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээнтэй байсан тул түүнд оролцох юм чинь гээд бие халаах зорилгоор спорт заал орон тоглохоор 3 давхрын 310 өрөөнд хувцсаа солиод 16 гээд заалруу орсон.
Ингээд багш нартайгаа сагс, волейбол тоглоод байж байтал гадны байгууллага заал авахаар болсон гэхээр нь явахаар болсон бөгөөд Б.Батсууриас 310 түлхүүрийг аваад заалнаас гарахаар явж байтал хяналтын менежер өөдөөс орж ирж байсан бөгөөд түүнтэй мэндлээд л гарсан. Ингээд хувцасны солиод гараад явж байтал араас Ш.Оюунчимэг багш утасдаад чи хаана байна зааланд архи уусан байна чи уусан уу гэхээр нь би уугаагүй, тэгээд ч би буцаж очих боломжгүй Их дэлгүүрийн энд хүнтэй уулзах гээд уулзах газраа хүрээд ирсэн байна. Тэгээд ч ажил тарчихсан байна гээд л тасалсан. 2016.05.16-ны өдөр ирэхэд хяналтын менежер н.Жавхлан та нар өнгөрсөн 5 дахь өдөр зааланд тоглож байхдаа архи ууцгаасан байна гэсэн. Тэгэхээр нь би уугаагүй гэтэл чи миний өөдөөс гарч ирэхдээ улайсан байсан тул уусан гэж тулгасан. Миний бие зааланд тоглоод гарч яваа хүн улайхгүй яадгийн гэхээр чи уугаагүй юм бол тайлбараа бичиж өг гэхээр нь бичиж өгсөн. Үүнээс хойш архи ууссан гэдэг үндэслэлээр 7 хүн хална гээд байхаар нь 2016.06.06-ны өдөр захиралтайгаа бид нар уулзсан чинь захирал архи уусан талаар ердөө ярихгүйгээр та нар өмнө ажлаас халагдсан хумүүстэй холбоотой байдаг энэ тэр гэсээр уг уулзалт ямар нэгэн үр дүнд хүрэлгүйгээр дууссан. Тухайн зааланд тоглодог өдөр нийдээ 20 гаран хүмүүс орж гараад байж байхад бид 5 багш болох Т.Эрдэнэбат, С.Сүхбаатар, Б.Баттогтох, В.Нэргүйбаатар, тэгээд миний бие ороод бид нарыг сонгоод архи ууссан гэсэн үндэслэлээр халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тухайн үед байсан зарим нар болох н.Адъадулам, н.Батмөнх, н.Болормаа нараар бид 5-ын нэрийг дээрх 20-д хүнээс сонгуулаад эдгээр 5 тойроод сууцгаагаад архи ууцгаасан бөгөөд дуу нь өндөрсөөд орилж чарлаад байсан гэсэн тайлбар бичүүлсэн байсан. Эдгээр хүмүүсийн бичсэн үгэн дээр ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ажлын байран дээр архи уугаад агсам согтуу тавиад байсан юм бол хэв журам дуудаж өгөхгүй яасан юм бэ. Уугаагүй байж өнөөдөр уусан гэсэн үндэслэлээр ажлаас халагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд гомдлоо гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Бат-Оргилын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийг гэрээг баталгаажуулах 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цагт зарлагдсан шүүх хуралд оролцуулахгүйгээр эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан учир бидний эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч Сэргэлэн овгийн Батсуурь овогтой Бат-Оргил гэх цаашид нэхэмжлэгч тал гэх / Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 21 дүгээр байр, 46 тоот, харилцах утас:96663254/ нөгөө талаас хариуцагч Монгол-Солонгосын политехникийн коллеж ХХК цаашид хариуцагч тал гэх түүнийг төлөөлж тус сургуулийн захирал Батаа овогтой Эрдэнэбат / хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-3, өөрийн байранд, байрлах, харилцах утас 11-342911/ (нар хамтад нь талууд гэх) дараах үндэслэлээр харилцан тохиролцож байгуулав. Үндэслэл: А. Нэхэмжлэгч хариуцагч нар 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдөр эдийн засгийн багшийн ажил албан тушаал дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Б. Хариуцагч 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/115 тоот тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
В. Нэхэмжлэгч, хариуцагч талд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговорт ажлаас халагдсан өдөр болох 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс энэхүү эвлэрлийн гэрээ байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар ажлын нийт 169 өдөр бөгөөд ажиллаж байсан хугацааны сүүлийн 3,4,5 сарын дундаж цалин хөлснөөс тооцоход нэг өдөрт 42 224 төгрөг гарч байгаа бөөөд үүнийг ажиллаагүй байсан бүх хугацаагаар үржүүлэхэд 7 135 856 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Талууд дараах байдлаар харилцан тохиролцов.
1. Хариуцагч энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил албан тушаал болох эдийн засгийн багшаар ажилд авах,
2. Ажилгүй байсан хугацааны олговорт ажлаас халагдсан өдөр болох 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс энэхүү эвлэрлийн гэрээ байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар ажлын нийт 169 өдөр бөгөөд ажиллаж байсан хугацааны сүүлийн 3,4,5 сарын дундаж цалин хөлснөөс тооцоход нэг өдөрт 42 224 төгрөг гарч байгаа бөөөд үүнийг ажиллаагүй байсан бүх хугацаагаар үржүүлэхэд 7 135 856 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардалагаас 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагч олгох бөгөөд нэхэмжлэгч үлдсэн 4 135 856 төгрөгөөс татгалзах,
3. Ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс энэхүү эвлэрлийн гэрээ байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт ажлын нийт 169 өдөр буюу 8 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар “Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын бүтээгдэхүүн, дундажийг тодорхойлох журам”-тогтоолын 2 дугаар хавсралтын 2Г-д зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон ажил олгогчийн төлбөл зохих хувь хэмжээгээр бүрэн төлж баталгаажилт хийлгэж өгөхөөр тус тус харилцан тохиролцож байгуулав.
Гэрээ байгуулах чадамж.
Нэхэмжлэгч, хариуцагч нь энэхүү гэрээг байгуулах хууль эрхзүйн бүрэн чадамжтай болохыг үүгээр мэдэгдэж байна.
Гэрээ ба эрх залгамжлагчийн ашиг сонирхол.
Энэхүү гэрээ нь гэрээний зүйлтэй холбоотойгоор талуудын байгуулсан бүрэн дүүрэн гэрээ (аливаа бусад гэрээ байхгүй) бөгөөд талуудын гүйцэтгэгч, хянан зарцуулагч, хувийн төлөөлөгч, залгамжлагч, эрх залгамжлагч болон эрх хүлээн авагчдын заавал дагаж биелүүлэх тэдгээрийн эрх ашигт үйлчлэх гэрээ байна.
Гэрээг уншиж ойлгосон болох.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан талууд нь энэхүү гэрээг байгуулахдаа гэрээнд дурдсан маргаан, зөрчилдөөний улмаас үүсэж буй нэхэмжлэл, гэмтэл, алдагдал, хохирол эсвэл эрхийн талаарх өөрсдийн үнэлэлт дүгнэлт, итгэл үнэмшил, болон мэдээлэлд бүрэн тулгуурласан бөгөөд талууд энэхүү гэрээг байгуулахтай холбоотойгоор өөрийн сонгосон хуулийн зөвлөхтэй зөвлөлдөх бололцоогоор хангагдсан болно.
Хуулийн зохицуулалт.
Энэхүү гэрээг Монгол улсын хуулиар зохицуулж тайлбарлана.
Нууцлал.
Нэхэмжлэгч нь хуулийн хүрээнд шүүхээс шаардсанаас бусад тохиолдолд энэхүү гэрээний нөхцөлийн нууцлалыг чанд хадгалах бөгөөд аливаа байдлаар үүнд, амаар бичгээр эсвэл хэвлэл /нийтлэлээр ба үүгээр хязгаарлагдахгүй/ бусдад (үүнд хариуцагчийн одоо ажиллаж буй болон өмнө нь ажиллаж байсан ажилтууд багтах бөгөд үүгээр хязгаарлагдахгүй) задруулахгүй байх үүрэгтэй.
Гэрээ хүчин төгөлдөр болох.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
Хүлээн зөвшөөрөх.
Нэхэмжлэгч, хариуцагч энэхүү гэрэнд гарын үсэг зурснаар тус дүүргийн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталгаажуулан захирамж гаргахыг зөвшөөрөх бөгөөд талуудын хэн аль нэг нь энэхүү хөдөлмөрийн маргаантай асуудлаар цаашид ямар нэгэн байдлаар хууль шүүхийн байгууллагад хандаж гомдол гаргахгүй байх гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бат-Оргил нь хариуцагч “Монгол-Солонгосын политехникийн коллеж” ХХК-иас ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.
Уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар тэдгээрийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дэх хэсэгт заасны дагуу Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагч
“ Монгол-Солонгосын политехникийн коллеж” ХХК-с 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1дэх заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Бат-Оргилын нэхэмжлэлтэй хариуцагч Монгол-Солонгосын политехникийн коллеж ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай иргэний хэрэгт өмнө эрхэлж байсан ажил албан тушаал болох эдийн засгийн багшаар ажилд авах, ажилгүй байсан хугацааны олговорт ажлаас халагдсан өдөр болох 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс энэхүү эвлэрлийн гэрээ байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар ажлын нийт 169 өдөр бөгөөд ажиллаж байсан хугацааны сүүлийн 3,4,5 сарын дундаж цалин хөлснөөс тооцоход нэг өдөрт 42 224 төгрөг гарч байгаа бөөөд үүнийг ажиллаагүй байсан бүх хугацаагаар үржүүлэхэд 7 135 856 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардалагаас 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагч олгох бөгөөд нэхэмжлэгч үлдсэн 4 135 856 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс энэхүү эвлэрлийн гэрээ байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт ажлын нийт 169 өдөр буюу 8 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон ажил олгогчийн төлбөл зохих хувь хэмжээгээр бүрэн төлж баталгаажилт хийлгэж өгөхөөр тус тус харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэн бичгээр хүсэлт гарган, түүнийг зохигчид хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дэх хэсэгт заасны дагуу Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бат-Оргилыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Монгол-Солонгосын политехникийн коллеж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ