| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2017/00150/И |
| Дугаар | 183/ШШ2017/00221 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2017/00221
| 2017 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2017/00221 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дүгээр байр 00 тоотод оршин суух У овогт П-ын А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Г-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.А, Б.Г нар нь 0000 онд танилцаж гэр бүл болж гэрлэлтээ 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж 0000 гэрчилгээ авч, дундаасаа Г.А, Г.А нарыг төрүүлсэн. Тэд одоогоор А улсад тус тусдаа амьдарч байгаа бөгөөд Б.Г нь сүүлийн 2 жил гаруй хугацааны өмнө өөр амьдрал зохиох болж 0000 оноос хойш тусдаа амьдрах болсон. Б.Г, П.А нар нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж охин Г.А, Г.А нарыг эх П.А-ын амрамжид үлдээнэ үү. Эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн маргаангүй. Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Б.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Б.Г, П.А нар 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин Г.А төрсөн болох нь Баянзүрх дүүргийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр бүртгэсэн тухай төрсний гэрчилгээний хуулбар/ хх 3 дахь тал/, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин Г.А төрсөн болох нь А улсын В хот дахь Монгол улсын Элчин сайдын яамны 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр бүртгэсэн тухай төрсний гэрчилгээний хуулбар/ хх 2 дахь тал/ гэрлэлтийн 0000 дугаартай гэрчилгээ /хх 7 дахь тал/, хүүхдүүдийн Г-00/00, Г-000 тоот төрсний гэрчилгээний хуулбарууд болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Зохигчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид гэр бүлийн маргаан, таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон, хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй, тус тусдаа өөр хүнтэй хамтран амьдарч байгаа нь тэдний тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэх боломжгүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй.
Зохигчид хүүхдийн асрамжийг эх П.А-д үлдээхээр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар У овогт П-ын А, Б овогт Б-ийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин Г.А, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин Г.А нарыг эх П.А-ын асрамжид үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А-д олгосугай.
4.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ