| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1905/Э |
| Дугаар | 1932 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1932
2020 11 04 2020/ШЦТ/1932
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хэрээд овогт Б.С од холбогдох эрүүгийн 2006 03682 2678 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Олимп” хотхоны хойд талд байрлах буй барилга дээр ажиллаж байхдаа иргэн Н.Мягмарсүрэнгийн гээгдүүлсэн самсунг А-51 загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад нийт 827.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-3-4, 19/, Самсунг А-51 маркийн гар утсыг 827.100 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-12-13/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-8, 25/, гэрч М.Мөнх-Одын мэдүүлэг /хх-26/, яллагдагч Б.Сын мэдүүлэг /хх-40-41/, Б.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/, хохирогч Н.Мягмарсүрэнг, яллагдагч Б.Сын нараас гаргасан гомдол, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-59-60/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд талд байрлах буй барилга дээр ажиллаж байхдаа иргэн Н.Мягмарсүрэнгийн гээгдүүлсэн самсунг А-51 загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад нийт 827.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-3-4, 19/
Самсунг А-51 маркийн гар утсыг 827.100 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мягмарсүрэнгийн “...2020 оны 06 дугаар сарын 30-ны 15 цагийн орчим ажил дээрээ буюу Олимп хотхоны хойд хэсэгт баригдаж буй барилга дээр ажиллаж байгаад өөрийн самсунг А-51 загварын хар өнгөтэй гар утсаа шалгаж үзэхэд миний халаасанд байгаагүй. Тэгээд барилгын талбайгаар хайсан. Мөн тус барилга дээр байсан ажилчдаас асуухад харсан хүн байгаагүй гэсэн. Хамгийн сүүлд би 13 цагийн үед барилгын хашаанд байрлах цайны газар хоол идэх үедээ өөрийн гар утсаа оролдож байгаад өмдний баруун талын халаасандаа хийсэн. Миний гар утасны байршил хороололд байгааг заасан. Тэгээд хайж олоход хамт ажиллаж байсан С нь миний гар утсыг олж аваад ломбарданд 450.000 төгрөгийн барвцаанд тавьсан байсныг мэдсэн. Сүүлд цагдаагаас ломбард ажиллуулж байсан эрэгтэй хүнтэй уулзаад миний гар утсыг хүүгүй 450.000 төгрөгөөр буцааж авахаар болж тэр газар захиж үлдээсэн. С надад 200.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 250.000 төгрөгийн хохиролыг тохирсон хугацаанд өгч гар утсаа буцааж авна...” /хх-8, 25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнх-Одын “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо Good нэртэй ломбарданд самсунг А-51 маркийн гар утсыг С гэх залуу бичиг баримтгүй болохоор дүүгийнхээ нэр дээр 450.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Сүүлд гэмт хэргийн замаар ирсэн гэдгийг нь мэдээд хохирогч залууд нь би хүүгүй 450.000 төгрөгөөр өгөөд авахаар харилцсан тохирсон...” /хх-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Сын “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Улаанбаатар хотод 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Баянмонгол хотхоны урд байрлах Олимп хотхоны инженер ажил хийж байх үед манай барилга дээр ажиллаж байсан Мягмарсүрэн гэх залуу утсаа газар унагаахыг би харсан юм. Тэгээд Мягмарсүрэнгийн утсыг аваад өөрт нь өгөөгүй. Тухайн үед мөнгөний хэрэг гараад би Мягмарсүрэнгийн утсыг хорооллын “Өргөө” кино театрын урд буланд байрлах ломбарданд тавьчихсан. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /хх-40-41/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.С нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд талд байрлах буй барилга дээр ажиллаж байхдаа иргэн Н.Мягмарсүрэнгийн гээгдүүлсэн самсунг А-51 загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад нийт 827.100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Б.С нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хэрээд овогт Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Сод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.С од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА