| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0028/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 29
2020 03 31 2020/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Т
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.М
Хохирогч Ц.А
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Н
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2019000470019 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын гудамжны 10-1029 тоотод оршин суух хаягтай, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 85 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны 93 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж, 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2019/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ХМШЗ/03 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж хяналт тогтоогдсон, Б.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хул шанд” ХХК-ны байранд байрлах хөрөнгө, даатгалын үнэлгээ гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ны төлөөлөгч Ц.А үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны өрөөний цонхоор нэвтэрч 210.000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 100 юань, эмэгтэй хүний монетон гинж, андройд утасны цэнэглэгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 669 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хөрөнгө биржрүү орж эд зүйл хулгайлсан нь үнэн, ...өөрийнхөө хийсэн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагийн орчимд гэр бүлийн хүн болох Г-н хамт Замын-Үүд сум руу албан ажлаар явсан. Тэгээд 2020 оны 01 сарын 29-ний өглөө ажил дээрээ ирэхэд манай ажлын өрөөний хаалга болон цонх онгойсон байдалтай байсан. Тэгээд ширээний нүд бас бичгийн шкаф онгорхой байхаар нь 102 луу залгаж дуудлага өгөхөд цагдаагийн бүрэлдэхүүн ирж шалган нотлох баримтуудыг бэхжүүлэн авч явсан. Тэгээд маргааш өглөө нь хулгайчийг олсон тул ирж мэдүүлэг өгнө үү гэж ярихад нь очиж мэдүүлэг өгсөн. Ямар нэгэн эд зүйл алдагдсан байгаа эсэхийг шалгаж үзэхэд ажлын өрөөний стэнк дотор байсан хүрэн хайрцгаас бэлнээр 20 мянгатын дэвсгэрт 3 ширхэг, 10 мянгатын дэвсгэрт 4 ширхэг, мөн ширээний шургуулгад байсан нэг боодол 100-тын дэвсгэрт, 20 мянгатын дэвсгэрт 2 ширхэг, БНХАУ-ын 100 юань, эмэгтэй хүний монетон гинж, андройд утасны цэнэглэгч зэрэг эд зүйлс алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нийт 459500 төгрөгийн зүйл хулгайд алдагдсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хулгай орсон гэх өрөө нь тасалгаагүй нэг өрөө байх ба ертөнцийн зүгээр зүүн тийш харсан, вакум цонхтой, тухайн цонх нь онгорхой байдалтай, цонхны түгжих хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй, байсныг шинжээч 2 кадр зургийн аргаар бэхжүүлсэн, цонхны онгойх хэсгээс шинжээч гар, хурууны мөр хайж, 3 ширхэг гарын мөр илрүүлэн тусгай наалтуур ашиглан бэхжүүлж авав. Цонхны баруун урд хэсэгт шаргал өнгийн мебель ажлын ширээ байрлуулсан, түүний дээд талд хар өнгийн суурин утас, нөүтбүүк, бичиг баримт, эмх цэгцтэй тавьсан ба гэрч Ц.А тухайн ширээн дээр бэлэн мөнгө байсан гэснийг тэмдэглэлд тусган шинжээч 3 дугаараар дугаарлан 1 кадр зураг авч, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ... Гэрч Ц.Алтантуяа мөнгө алдагдсан газрыг заасныг тэмдэглэлд тусган шинжээч 4 дугаараар дугаарлаж, 1 кадр зураг авч, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Тухайн стэнкны онгойх хэсэг орчмоос шинжээч тусгай багс ашиглан гар, хурууны ул мөр хайж, 4 ширхэг гарын мөрийг тусгай наалтуур ашиглан бэхжүүлж авав. Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/,
Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт хөрөнгө даатгалын үнэлгээ гаргах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ны төлөөлөгч юм. Манай нөхөр Г бид хоёр 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагийн орчимд Замын-Үүд сум руу албан ажлаар явсан. Тэгээд 2020 оны 01 сарын 29-ний өглөө ажил дээр ирэхэд манай ажлын өрөөний хаалга, цонх онгойсон байдалтай байсан. Тэгээд ямар нэгэн эд зүйл алдагдсан байгаа эсэхийг шалгаж үзэхэд ажлын өрөөний стэнк дотор байсан хүрэн хайрцгаас бэлнээр 20000-тын дэвсгэрт 3 ширхэг, 10000-тын дэвсгэрт 4 ширхэг, мөн ширээний шургуулгад байсан нэг боодол 1000-тын дэвсгэрт, 20000-тын дэвсгэрт 2 ширхэг, БНХАУ-ын юань, эмэгтэй хүний монетон гинж, андройд утасны цэнэглэгч зэрэг эд зүйлс алдагдсан. ...Б бол манай нөхөр болох Г-н төрсөн дүү Ш-н нөхөр, бид хоёр нэг айлын хүргэн, бэр юм ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл болон мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 дугаар хуудас/
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 343 тоот дүгнэлт, эд зүйл өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 47 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө тус аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хул шанд” ХХК-ны байранд байрлах хөрөнгө, даатгалын үнэлгээ гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ны төлөөлөгч Ц.А-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны өрөөний цонхоор нэвтэрч 210.000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 100 юань, эмэгтэй хүний монетон гинж, андройд утасны цэнэглэгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 669 500 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ц.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нөхөр болох Г бид хоёр 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 10 цагийн орчимд Замын-үүд сумруу албан ажлаар явсан. Тэгээд 2020 оны 01 сарын 29-ний өглөө ажил дээр ирэхэд манай ажлын өрөөний хаалга, цонх онгойсон байдалтай байсан. Тэгээд ямар нэгэн эд зүйл алдагдсан байгаа эсэхийг шалгаж үзэхэд ажлын өрөөний стэнк дотор байсан хүрэн хайрцгаас бэлнээр 20 мянгатын дэвсгэрт 3 ширхэг, 10 мянгатын дэвсгэрт 4 ширхэг, мөн ширээний шургуулгад байсан нэг боодол 100-тын дэвсгэрт, 20 мянгатын дэвсгэрт 2 ширхэг, БНХАУ-ын 100 юань, эмэгтэй хүний монетон гинж, андройд утасны цэнэглэгч зэрэг эд зүйлс алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ... Нийт 459500 төгрөгийн зүйл хулгайд алдагдсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 343 тоот дүгнэлт, эд зүйл өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд гэмт үйлдлийн талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд Б.Б-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хорих ял оногдуулж,
шүүгдэгч Б.Б нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 03 тоот шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж,хяналт тогтоогдсон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан эдлээгүй үлдсэн 3 сар 2 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хангах үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн хэдий боловч хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг удаа дараа үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, хорих ялаас хугацааны өмнө суллагдаж хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан хорих ялыг хуулиар тогтоосноос хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй “гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 85 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны 93 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2019/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 47 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот шүүгчийн захирамжаар хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 3 сар, 2 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН