Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/00220

 

  2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/00220

         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны М хотхоны 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух Д овогт Т-ын У-ийн нэхэмжлэлтэй

 

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны М хотхоны 01 дүгээр байрны 00 тоотод оршин суух, О овогт М-ын Б-д холбогдох

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар  оролцов.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 000 онд М.Б-той танилцан улмаар 0000 оны 00 дүгээр сарын 00-нд гэр бүл болж батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр хүү Б.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хүү Б.Б нар төрсөн. М.Б нь  0000 оноос архийг хэтрүүлэн уух болсноор зан харилцаад нь өөрчлөлт орж бидний амьдралд зөрчил маргаан байнга үүсэх болсон. Энэ үед би М.Б-д архидан согтуурч гэр бүл, үр хүүхэддээ дарамт үзүүлж байгаа талаар эхнэрийнх нь хувиар зөвлөдөг байсан гэвч байдал сайжраагүй өдий хүрч байна. Миний бие М.Б-д удаа дараа зодуулж байсан. 0000 оны 00 сард зодуулсны улмаас баруун нүдэндээ гэмтэл авч хагалгаанд орж байсан. Тухайн үед цагдаад мэдэгдэн дуудлага өгч байсан. Би 10 гаруй жил М.Б-ыг архинаас гарч хэвийн амьдрах болов уу гэж өнөөг хүртэл найдаж явсан боловч байдал сайжраагүй. Одоо бид тусдаа амьдарч байгаа, цаашид  хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Б, хүү Б.Б нарыг миний асрамжид үлдээж эцэг М.Б-оос хүүхдийн тэтгэмжийг хуульд заасны дагуу тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Тус шүүхийн иргэний хэргийн танхимд гаргасан Т овогтой У-ийн гаргасан нэхэмжлэлийг хариуцагч миний зүгээс бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. Нэгэнт эхнэр маань ийм шийдвэр гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн тул миний зүгээс татгалзах зүйл байхгүй болно. Хариуцагч миний зүгээс шүүх хуралдаанд оролцохгүй бөгөөд миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгөхийг хүсэж байгаа болно. Миний хоёр хүүхэдтэй хүссэн цаг хугацаанд чөлөөтэй уулзуулах боломжийг бүрэн хангаж өгөхийг хүсэж байгаа болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч М.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанд хариуцагч М.Б нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрийгөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар хүсэлт гаргасан, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Т.У нь хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Т.У , М.Б нар нь 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр хүү Б.Б төрсөн болох нь Баянгол дүүргийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр бүртгэсэн тухай төрсний гэрчилгээний хуулбар Г-0000 дугаартай /хх-7 хуудас/, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хүү Б.Б төрсөн болох нь Иргэний гэр бүл бүртгэлийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр бүртгэсэн тухай төрсний гэрчилгээний хуулбар Г-0000 дугаартай /хх-8 хуудас/ гэрлэлтийн лавлагаа /хх-4 хуудас/, болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

         Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид гэр бүлийн маргаан, таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон, хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй байх бөгөөд тэдний тайлбар, мэдүүлэг, үйл баримт зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэх боломжгүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

          Зохигчид хүүхдүүдийн асрамжийг эх Т.У-т үлдээхээр харилцан тохиролцсон,  хариуцагч хүүхдүүдийн тэтгэлэг төлөхөөр хүлээн зөвшөөрч тохиролцсон,  хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

                                                                                                                     ТОГТООХ нь:  

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Д овогт Т-ын У, О овогт М-ын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр төрсөн хүү Б.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх Т.У-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Б, Б.Б нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр эцэг М.Б-оос сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Т.У-т даалгасугай

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.У олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Т.У нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг М.Б, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.У нарт тус тус даалгасугай.

 

 8.Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, энэ талаар маргаангүй тохиролцсон гэсэн болохыг дурдсугай.

 

 9.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг зааснаар гэрлэлтээ цуцлуусан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийн сэргээж болохыг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.РЕНЧЕНХОРОЛ