Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 751

 

 

 

    2020         08         19                                     2020/ШЦТ/751

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

                шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

                улсын яллагч: Б.Мөнгөншагай;

              шүүгдэгч: Д.Г, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Г

              Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Яллагдагч Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интер ном” номын дэлгүүрийн орчим урьд нэг байгууллагад хамт ажиллаж байсан танил Б.Хонгорзулын эзэмшлийн “Самсунг Галакси Жи-7 Плас” загварын гар утсыг “найзтайгаа утсаар ярьчихаад өгье” гэж хуурч шилжүүлэн авч, 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “...Тухайн үед аавын бие муу байсан тул мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд хүний утсыг авсан. Буцаагаад аваад өгье гэж бодож байсан. Тэгтэл цагдаад өгсөн байсан...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 8/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/, СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/, хохирогч Б.Хонгорзул /хх-ийн 15/, иргэний нэхэмжлэгч Ө.Болортуяа /хх-ийн 17/, гэрч Г.Ууганбаяр /хх-ийн 18/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24/, Д.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/, Д.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35-36, 40-42/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Интер ном” номын дэлгүүрийн орчим иргэн Б.Хонгорзулын итгэлийг эвдэж түүний эзэмшлийн “Самсунг Галакси Жи-7 Плас” загварын гар утсыг “найзтайгаа утсаар ярьчихаад өгье” гэж хуурч шилжүүлэн авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Хонгорзулын /хх-ийн 15/: “...өмнө нэг байгууллагад хамт ажиллаж байсан Д.Гтэй таарсан. Д.Г “найз руугаа утсаар ярьмаар байна, утсаа өгч бай” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд өөрийн “Самсунг Галакси Жи-6 Плас” загварын гар утсыг өгөхөд нэг хүнтэй утсаар ярьж байх шиг харагдсан. ...нэг мэдэхэд Д.Г алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

            гэрч Г.Ууганбаярын /хх-ийн 18/: “...Би Д.Г гэдэг хүнийг таньдаггүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим явж байх үед нэг танихгүй залуу ирээд “би гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, би өөрөө бичиг баримтгүй болоод болохгүй байна, чи бичиг баримтаараа тавиад өгчих” гэж хэлсэн. Тэр үед анх удаа уулзсан. ...барьцаанд тавиад өгөөч гэж гуйсан юм. ...тэгээд би хамт ороод барьцаанд тавьсан. Тэгтэл тэр залуу “баярлалаа гээд надад 10.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч Ө.Болортуяагийн /хх-ийн 17/:  “...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаднаас хоёр залуу орж ирсэн. Хар өнгийн саравчтай малгайтай залуу нь “гар утсаар барьцаалах гэсэн юм, мөнгөний хэрэг гараад” гэж хэлсэн. Тухайн үед манай найзын бичиг баримт байгаа юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө найз нь гэх залуу араас нь орж ирсэн. ... “Самсунг Жи-6” маркийн гар утас байсан. Ууганбаяр гэх бичиг баримтаар 250.000 төгрөгт барьцаанд авсан. Тухайн гар утасныхаа кодыг тайлаад шалгуулсан. Тийм учраас өөрийнх нь гар утас мөн байна гэж итгээд авсан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Гийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 31-32/: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Хонгорзул бид хоёр нэг газар ажиллаж байсан. ...уулзаад зогсож байх үедээ би “найзтайгаа утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд авсан. ...Б.Хонгорзул найзтайгаа уулзах гээд цааш явахаар нь би эргээд хойш талбай тал руу гүйгээд явсан. ...Хүнсний 4 дэлгүүрийн орчим явж байгаад бичиг баримтгүй байсан учраас нэг залууг гуйж байгаад ломбарданд 250.000 төгрөгөөр барьцаалсан. Мөнгөөр нь байрны түрээс өгсөн, өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Б.Хонгорзулын гар утсыг буцааж өгсөн. Ломбардны 250.000 төгрөг өгөх дутуу байгаа. Би хохирлын мөнгийг төлөх болно...” гэх мэдүүлэг болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хохирогч нь Д.Гтэй урьд хамт ажиллаж байсандаа итгэж, түүний “утсаар чинь яриад өгье” гэсэн үг, үйлдэлд хууртагдан эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчоос худал хэлж “Самсунг Жи-6” загварын гар утсыг нь авсан, хохирогчийн гар утсыг ломбардад барьцаанд тавихын тулд бусдыг гуйж ашигласан, гар утсыг барьцаанд тавьж мөнгийг хувьдаа авсан” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх уг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү дээрх байдлаар хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч буй Д.Гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Хонгорзулд “Самсунг галакси Жи-6” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан,

 

иргэний нэхэмжлэгч Ө.Болортуяад учирсан 250.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчийн ар гэрээс шүүхийн шатанд нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Д.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Д.Г нь шунахай сэдэлтээр, итгэл эвдэх аргаар өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгчид эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, хувийн байдлын хувьд оршин суух бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй,  тогтвор сууршилтай эрхэлсэн ажилгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрөө төлөөгүй (ар гэрийнхэн нь нөхөн төлсөн), эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс оргон зайлж, санаатай саад учруулж байсан зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, ёс суртахуун, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслахад чиглэж түүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. 

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийн нийт 23 /хорин гурав/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

   

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ