Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/00175

 

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/00175

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохарйхан дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух,  Б овогтой Э-ын У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байр 00 тоотод оршин суух, Б овогтой Б-ийн Б-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар  оролцов.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид 0000 оны 00 дугаар 00-ны өдөр танилцсан. 0000 онд хамтран амьдарч эхэлсэн. 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хүү Б.А төрсөн. 0000 оны сүүлээс хамтдаа амьдрахаа больсон. Тухайн үедээ хоёулаа ажилгүй би оюутан байсан. Б хөдөөгүүр ажилд явдаг байсан. Цуг амьдарч байх хугацаанд хөдөө их явдаг байсан 0000 онд 4 сарын хугацаатай хөдөө явлаа гээд алга болсон. Холбогдох ямар ч боломжгүй байсан. Түүнээс хойш 2 удаа уулзсан. Тэндээ хамтран амьдрагчтай болсон гэдгийг хүнээс сонсож байсан. Одоо бол Б нь хүнтэй суугаад хүүхэдтэй болсон. Энэ хугацаанд би хүүтэйгээ хоёулаа амьдарч байсан. Надад гар хүрч байгаагүй. Би маш их гомдож байна. Манай хүүхэд 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр гулсууран тоглоомноос унаад гэмтсэн. Тархиндаа хүнд гэмтэл авч байсан. Цаашид энэ тал дээр хүүхдийн эмчилгээнд давхар тус нэмэр болоорой гэж хариуцагчид хэлмээр байна гэв. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг яваад салсан гэдэг нь худлаа. Надад тэнд өөр хүнтэй амьдарч байсан зүйл байхгүй. Миний ажилтай ажилгүй байдгаас болоод бид салахад хүрсэн. Мөн зан харилцааны хувьд тааламжгүй болсон. Э.У өөрөө их төвөгтэй ааштай зүгээр юм ярьдаггүй өөдөөс хашгирдаг. Өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би хүүхэддээ хадгаламж нээсэн байгаа. Цаашид тусалж дэмжихэд татгалзах юм байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Э.У, Б.Б нар нь 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр гэр бүл болж, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн нь 0000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-9 хуудас/, тэдний дундаас 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хүү Б.А төрсөн болох нь Сонгинохайрхан дүүргийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр бүртгэсэн тухай 0000 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-10 хуудас/  болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

         Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дүгнэлт хийж үзэхэд гэрлэгчид гэр бүлийн маргаан, таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон, хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй байх бөгөөд тэдний тайлбар, мэдүүлэг, үйл баримт зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэх боломжгүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

          Зохигчид хүүхдийн асрамжийг эх Э.У-т үлдээхээр харилцан тохиролцсон,  хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхөөр хүлээн зөвшөөрч тохиролцсон,  хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

                                                                                                                     ТОГТООХ нь:  

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Боржигон овогтой Э.У, Б овогтой Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.А-ыг эх Э.У-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.А-ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр эцэг Б.Б-аас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Э.У-т даалгасугай

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.У-т олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Э.У нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Б-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.У нарт тус тус даалгасугай.

 

 8.Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, энэ талаар маргаангүй тохиролцсон гэсэн болохыг дурдсугай.

 

 9.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг зааснаар гэрлэлтээ цуцлуусан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийн сэргээж болохыг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.РЕНЧЕНХОРОЛ