Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 799

 

 

 

 

 

 

 

2020         09          04                                   2020/ШЦТ/799     

 

 

                      

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Д.Даваадорж,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,  

Шүүгдэгч: Ц.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Ц.М т холбогдох эрүүгийн 1709007350941 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7 а байрны 70 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц.М

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Ц.М нь насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхнайрамдалд худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 29 дүгээр байрны урд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Самсунг Эс 5 загварын гар утсыг нь шилжүүлэн авч залилсан,

 мөн насанд хүрээгүй хохирогч Э.Золбаярт худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 29 дүгээр байрны урд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр айфоне 6 загварын гар утсыг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1709007350941 дугаартай хэргээс:

                 Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхнайрамдалын: “...2017 оны 08-р сарын 15-ны өдөр 14 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 10-р байранд байдаг ахындаа орж утасны цэнэглэгч авчаад гараад 100 айлын автобусны буудалруу алхаад явж байтал араас тайрмал үстэй хар савхитай, хар жинсэн өмдтэй, цагаан пүүзтэй охин ирээд буяны ажил болж байгаамаа манай эгчийнх энэ ойрхон байдаг юмаа боломжтой бол дагаад яваач гээд хамт явсан. Надтай хамт манай хамаатны Бат-Амгалан гээд хүүхэд хамт явж байсан. Тэгээд бид хоёрыг 29-р байрны үүдэнд авчирсан. Тэгээд нөгөө охин манай энэ буяны ажил дээр манайх сугалаа сугалж азтан нь нэгж хожно гэж хэлсэн. Тэгээд заавалчгүй энэ буяны ажилд ногоон өнгийн эд зүйл байна уу гэж асуусан. Тэгэнгүүт нь би зүүн гарандаа зүүж байсан эрхээ өгөх гэсэн чинь нөгөө охин иймэрхүү эрх болохгүй ээ хараал янз бүрийн юм дагуулаад болдоггүй юмаа гэж хэлснээ гар утаснуудаа кодыг нь гаргаад өгчих гэж хэлэхээр нь бид хоёр кодыг нь гаргаад өгсөн. Тэгээд тэр охин бид хоёрын утсыг аваад орсон. Удалгүй гарч ирсэнээ чиний утасны дэлгэцийн зурган дээр чиний зураг байдаг юм байна удалгүй манай эгч гарч ирээд чиний утсыг өгнө харин намайг нэг нь дагаад ББ супермаркет дагаад явчих тэр дэлгүүрээс сугалааны хонжворуудаа авна гэж хэлээд манай хамаатны хүүхэд Бат-Амгаланг дагуулаад явсан. Тэгээд би байрных нь гадаа хүлээгээд 30-аад минут болж байсан чинь манай хамаатны Бат-Амгалан гэх залуу гүйгээд хүрээд ирсэн тэгэхээр нь би яасан бэ гэсэн чинь Бат-Амгалан нөгөө охин чинь ирээгүй юу намайг 3-р сургуулийн урд нэг ахаас гадаад пасспорт авчих гээд хүлээлгээд зогсоосон ирдэггүй гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би 29-р байрны 3-н давхар руу гараад 24 тоотыг нь тогшсон чинь нэг ах гарч ирсэн тэгэхээр нь би ахаа энд нэг буяны ажил болж байгаа гэсэн би утсаа авах гэсэн юм гэтэл энд ерөөсөө буяны ажил болоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би энд Нарансолонго гэдэг охин амьдардаг уу гэж асуусан чинь байхгүй гэж хэлээд хаалгаа хаасан. Би гарч ирээд хүний утаснаас Бат-Амгалангын дугаарлуу залгахад холбогдож байсан мөртлөө утсаа авахгүй байсан” гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Золбаярын 2017 оны 08-р сарын 10-ны өдөр 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 10-р хороонд байрлах “Оюуны Тулга”-Сарафоны сургалтандаа явж байсан юм. Тэгээд сургуулийн хашааны хаалгаар орох гэж байсан чинь нэг савхин куркиктэй, цагаан подволктой, цагаан цэнхэр өнгөтэй, тайрмал үстэй нэг охин урдаас ирсэнээ цаг хэд болж байна гэж асуусан. Тэгэхээр нь би цүнхнээсээ утсаа гаргаж ирээд цагаа хараад 12 цаг 30 минут болж байна гэж хэлчээд цүнхэндээ утсаа далд хийчээд орох гэж байсан чинь нөгөө охин уучлаарай нэг юм асуух гэсэн юм гэсэн. Тэгээд би юу асуух гэж байгаан гэсэн чинь нөгөө охин манай найзын аав нас барсан юм. Аав нь Улсын Их Хурлын гишүүн Батзориг юм л даа. Аав нь хөтөлбөрөө хүргэж явж байгаад нас барсан юм. Тэгээд бид нар хүмүүст бэлэг тарааж байгаан гэж хэлсэн. Тэгээд 10.000 төгрөг гарын бэлэгтэй өгч байгаа юм түр хүлээж болох уу гэж надаас асуусан. Тэгээд би цуг дагаж явж байхдаа би Их Засаг их сургуульд сурдаг юм би бэлэгийг нь өдөрт тарааж явахаар өдрийн 50.000 төгрөг авдаг юм сар ажиллаад 500.000 төгрөг болгоод шууд сургалтын төлбөр маань төлөгддөг гэж хэлсэн. Тэгээд 10-р хорооны 29-р байрны урд талд нь очоод би орж бэлэгээ авах юм уу гэж асуусан чинь үгүй ээ чи гадаа байж бай би чиний бэлэгийг боогоод гаргаад ирье гэж хэлсэн. Манай сургуулиас 35 хүүхдэд бэлэг тараах судалгаа байгаа тэгэхээр чи орж болохгүй гэж надад хэлсэн. Тэгээд надаас зүүлт, гар утас, мөнгө 3-ын аль нэг нь байна уу аль нэгийг өгч оруулаач гэж хэлсэн. Тэгсэнээ утас болохгүй өчигдөр хоёр охин ном уншуулж байхад нь утас нь дуугараад би багшдаа загнуулсан юм гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь надад зүүлт байхгүй гэсэн чинь за тэгвэл утасныхаа дууг хаагаад өгчих бас кодыг нь гаргаад өгчих би өөрийнхөө утасны дугаарыг хадгална гэхээр нь би кодыг нь гаргаад өгсөн. Тэгээд 29-р байрлуу миний утсыг авч орчоод удалгүй гараад ирсэн. Тэгээд би бас айфоне 6-тай байсан манай ихэр Япон улсаас явуулж байсан тэр утас нь хуучин хэрэглэж байсан хүний хэрэг болоод байна. 3, 4 хоног хэрэглэчихээд өгье гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь надаас энэ хавьд байдаг CU гээд супер маркет мэдэх үү гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн чинь за чи наанаа байж байгаараа би яваад 150.000 төгрөг авчаад хүрээд ирье гэж хэлсэн тэгж хэлэхэд нь би за за би тэгвэл багшийг чинь гарч ирэхээр утсаа авъя гэж хэлсэн: Тэгээд тэр охин яваад ерөөсөө ирээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад 2 эрэгтэй хүүхэдтэй таараад тэр хүүхдүүдэд буяны ажлаар явж байгаа юм гэж хэлээд гар утсыг нь аваад нэг хүүхдийг нь тэнд үлдээгээд нөгөө хүүхдийг нь өөр газар руу дагуулж явж байгаад тэнд нь үлдээгээд гар утсыг нь аваад явчихсан юм. Яг юу гэж хэлж авсан аа сайн санахгүй байна. Гар утас Самсунг эс 5 маркийн хөх өнгийн хуучин гар утас байсан. Би гар утсыг нь аваад замд таарсан хүндээ зарсан. Яг хаана, хэнд зарсан талаар сайн мэдэхгүй байна. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүрэг 10-р хорооны нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын сургуулийн хувцас өмссөн 10 жилийн хүүхдээс юм асууя гэж хэлээд ойрхон цайллага болж байгаа үнэгүй юм тарааж байгаа юм чи оролцох уу гэж хэлэхэд тэр хүүхэд оролцоё гэхээр нь дагуулаад ойрхон байсан байрны орц руу ороод нөгөө хүүхдээ гадаа нь үлдээж байгаад орцонд жоохон зогсож байгаад эргэж гарч ирээд би симээ хийгээд нэг ярьчихъя гэж хэлээд утсыг нь аваад симээ солиод утсыг нь аваад Сансарын түнэлийн утас засварт 180,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн

Гэрч Б.Батсүхийн ”... 2017 оны 08-р сарын эхээр байх яг он сарыг сайн санахгүй байна, нэг охин орж ирээд айфоне 6 гар утас байна та хямд авах уу? 400.000 төгрөг зарна гэж хэлэхэд би үзээд зүгээр асуудалгүй байхаар нь 300.000 төгрөг байна гэж хэлээд байгаа мөнгөө өгөөд авсан. Дараа утас авсаны дараа 5 хоногийн дараа 350.000 төгрөгөөр зарсан нэг залуу ирээд авсан. Тэр охин ганцаараа явж байсан. Урьд нь би харж байгаагүй хүн байсан...” гэсэн мэдүүлэг,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 50 дугаар хуудас/,

Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 92-96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч Ц.М нь насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхнайрамдалд худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 29 дүгээр байрны урд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Самсунг Эс 5 загварын гар утсыг нь шилжүүлэн авч залилсан,

            мөн насанд хүрээгүй хохирогч Э.Золбаярт худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 29 дүгээр байрны урд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр айфоне 6 загварын гар утсыг нь шилжүүлэн авч залилсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнхнайрамдал, Э.Золбаяр нарын мэдүүлэг, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Мийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.М ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүх шүүгдэгч Ц.М ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа. 

Шүүх  Ц.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь Ц.М ээс нийт 732.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхнайрамдалд 132.000 төгрөгийг, хохирогч Э.Золбаярт 600.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Ц.М ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан 732.000 /долоон зуун гучин хоёр мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М ээс нийт 732.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхнайрамдалд 132.000 төгрөгийг, Э.Золбаярт 600.000 төгрөгийг тус тус олгосугай.

             5. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

             6.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН