Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/00155

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                                                                                                                

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,                                                     

Хариуцагч: С.Б-д холбогдох                                                                                                        

Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэгт 1 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б******* миний бие өөрийн эзэмшлийн С******* дүүрэг, ******* байрыг иргэн С.Б*******тай тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 03-р сарын 08-ны өдөр орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээг сунгаж 2015 оны 03-р сарын 10-ны өдөр дахин байгуулсан. Иргэн С.Б******* нь хоёр сарын түрээсийн төлбөр болох 1.400.000 төгрөгийг одоогоор өгөх боломжгүй байна удахгүй өгнө гэж байсан боловч 2016 оны 04-р сарын 22-ны өдөр мөнгө олдохгүй байна байрыг чинь суллаад түлхүүрийг нь жижүүрт үлдээлээ гэсэн мессеж бичээд алга болсон. Одоо утсаа авахгүй, гэрт нь очихоор Б******* гэдэг хүн байхгүй гээд хаалгаа тайлж өгөхгүй зугтаад байгаа тул үлдэлдэл 2 сарын түрээсийн төлбөр болох 1.400.000  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч С.Б*******д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний хөлс болох 1 4000 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Б******* хариуцагч С.Б******* нар нь  2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр С******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоотын 39.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 08-ныг хүртэл 12 сарын хугацаатай, нэг сард 700 000 төгрөгөөр, мөн 2015 оны 03 дугаар сарын 10-наас 2016 оны 03 дугаар сарын 10-н хүртэл сарын 700 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээгээр тус тус нотлогдож байна. /хэргийн 5-6-р хуудас/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууц хөлслөх гэрээний дагуу 2016 оны 02 дугаар сарын 10-н хүртэлх төлбөрийг бүрэн төлсөн, одоо 2016 оны 3, 4 дүгээр сарын төлөөгүй үлдэгдэл хөлсөнд   1 400 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардан авч, хариу тайлбараа 2016 оны 11 сарын 04-ны өдөр ирүүлэх байсан боловч ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Зохигч талууд орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж мэтгэлцээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалтай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл хөлсийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-д “орон сууцны нэг сарын түрээсийн төлбөр нь 700 000 төгрөг байх бөгөөд түрээслэгч талаас дансаар төлбөрийг 3 сараар урьдчилан төлнө”, 1.4-д “түрээслэгч тал нь дараа сарын түрээсийн төлбөр төлөх хугацаа эхлэхээс 10-н хоногийн өмнө доорх дансанд түрээсийн төлбөр 700 000 төгрөгийг түрээслэгч талд шилжүүлнэ” гэж тус тус харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг уг орон сууцыг 2014 оны 03 сарын 10-наас 2015 оны 03 сарын 10-ныг хүртэлх, мөн сунгалтаар 2015 оны 03 дугаар сарын 10-наас 2016 оны 03 дугаар сарын 10-н хүртэлх хугацаагаар хөлсөлсөн, 2016 оны 02 дугаар сарын 10-н хүртэлх түрээсийн төлбөрийг төлсөн, 2016 оны 04 дүгээр сарын 22-нд түрээслэгч байрыг хүлээлгэн өгсөн тухай утсаар мэдэгдсэн, одоо үлдэх 2 сарын хөлс 1 400 000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж, тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй тул орон сууц хөлсөх гэрээнд заасан хугацаан дахь 2016 оны 03 дугаар сарын 10-н хүртэлх 1 сарын орон сууцны хөлс 1 400 000 төгрөгийг /2016 оны 02 сарын 10-наас 2016 оны 3 сарын 10-ныг хүртэлх хугацааны 700 000  төгрөг/ гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахад хөлсийг төлнө” гэж зааснаар хариуцагч С.Б******* нь орон сууц хөлслөх гэрээний дагуу 2016 оны 02 дугаар сарын 10-н хүртэлх төлбөрийг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогдоогдож байх тул гэрээнд заагдсан хугацааны хөлс 2016.02.10-2016. 03.10-н хүртэлх 1 сарын хөлс 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчээс 2016.03.10-2016.04.20-н хүртэлх  нэхэмжилсэн 1 сарын төлбөр 700 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч С.Б*******аас орон сууцны 1 сарын хөлс 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 Хариуцагч С.Б*******д 2016 оны 1 дүгээр сарын 16-ний өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2016 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 2016 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийн шүүх хуралдааныг  хариуцагчийг эзгүйд хянан хэлэлцэх талаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч С.Б*******аас 700 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б*******аас 21 350 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                   Д.РЕНЧЕНХОРОЛ