Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2021/0166/З |
Дугаар | 221/МА2022/0351 |
Огноо | 2022-05-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2022/0351
Б.Н-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Н
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 193 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2021/0166/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлд тус тус холбогдуулан “...Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 193 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөл болон тус газрын даргад холбогдуулан гаргасан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
3.1. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлана. Захиргааны акт хуульд нийцсэн байхын тулд материаллаг болон процессын зөрчилгүй байх ёстой.
3.2. Маргаан бүхий захиргааны актууд хууль бус, холбогдох хууль журмууд болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгох үндэслэлтэй.
3.3. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 2.3-д зааснаар Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 28 хоног байхад тухайн хугацааг хэтрүүлэн 14 хоногийн дараа тушаал гаргасан.
3.4. Мөн Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2, 5.3-т зааснаар гомдол мэдээлэлд 28 хоногийн дотор шалгалт явуулна гэжээ. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эхлүүлсэн шалгалтаар хугацаа хэтэрснээс хойш 14 хоногийн дараа ёс зүйн хариуцлага тооцсон нь холбогдох журмуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
3.5. Шүүхийн шийдвэрт “Ө.Э, Б.А, Т.Б, Б.Э, Т.С, Б.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргээр зөрчил гаргасан нь тогтоогджээ” гэж дүгнэсэн. Гэтэл тэдгээр гэрчүүд нь нэхэмжлэгч Б.Н-тай таарамжгүй хувийн харилцаатай тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна. Энэ нь гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр нотлогдоно.
3.6. Түүнчлэн гэр асуусан ажиллагааг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад явуулсан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт гарах үед уг ажиллагааг бүрэн гүйцэд хийж, түүний үндсэн дээр шийдвэрийг гаргах байтал, шүүх захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдал үүсч байна.
3.7. Ёс зүйн зөвлөлийн тогтоол болон сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудад явуулсан гэх ажиллагаа, түүний баримтууд яг адилхан, тус бүрт нь хянан шалгах ажиллагааг хариуцагч нарын зүгээс гүйцэтгэсэн гэх боломжгүй.
3.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласнаар Ёс зүйн зөвлөлийн тогтоол хугацааны хувьд өмнө нь гаргасан гэсэн, Б/175 дугаар тушаалд тогтоолыг баримталсан зэргээс үзэхэд уг ажиллагааны баримтууд зөвхөн ёс зүйн зөвлөлийн 03 дугаартай тогтоолд хамаарна гэж үзэж байна.
3.9. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ заасан “... Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.1-д зааснаар “Энэ журмын зорилго нь тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэхэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж, тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн тул уг журмыг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд хэрэглэх үндэслэлгүй.
3.10. Эдгээрээс дүгнэхэд маргаан бүхий тушаалууд холбогдох хууль журмуудыг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.
3.11. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Н нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөл болон тус газрын даргад холбогдуулан “... Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгох, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
3.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Н-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
4. Маргаан бүхий Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ёс зүйн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” 03 дугаар тогтоолоор Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.2.2-т заасны дагуу ёс зүйн сануулах арга хэмжээг Б.Н, Ө.Э нарт ногдуулж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан
-Б.Н-гийн ажлын байранд архидан согтуурсан талаарх асуудлыг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтнуудаас ярилцлага хийж тодруулсан тэмдэглэл,
-Увс аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2/1654, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1668, 2020 оны 12 дугаар сарын 1/1817 дугаар албан бичиг,
-Аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 45/1683, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 45-04/399 дүгээр албан бичиг,
-Аймгийн Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/1732 дугаар албан бичиг, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б.Н-аад шийтгэл ногдуулсан 0018482 дугаар шийтгэлийн хуудас, гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Н нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүргээ зөрчсөн болох нь тогтоогджээ.
4.1. Аливаа төрийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох бөгөөд олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих үүрэгтэй. Гэтэл Увс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Н нь ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж, 1.33 хувийн согтолттой байсныг Цагдаагийн байгууллагаас тогтоож, шийтгэлийн хуудсыг үйлдсэн байхад нэхэмжлэгчийн “... холбогдох хууль журмуудыг зөрчиж, захиргааны актыг гаргасан” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авч, түүнийг согтууруулах ундаа хэрэглээгүй гэж үзэж маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.
4.2. Тодруулбал, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.4.д хэсэгт “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Н нь төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлагыг зөрчсөн энэ тохиодолд Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг үндэслэн шалгаж, зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагч Б.Н-маад мөн дүрмийн 4.2.2-д заасны дагуу сануулах арга хэмжээг ногдуулах эрхтэй байна.
4.3. Улмаар дээрх Ёс зүйн зөвлөлийн 03 дугаар тогтоолыг үндэслэн гарсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Б.Н-маад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/175 дугаар тушаалаар түүнийг ажлын цагаар ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундаа хэрэглэж хууль, хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
4.4. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 33 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталж, энэ дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан албан хаагчийн ёс зүйн зөвлөл /цаашид “Ёс зүйн зөвлөл” гэх/ төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана” гэж, 6.3-д “Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана” гэж тус тус зааснаар Ёс зүйн зөвлөлийн 03 дугаар тогтоолыг үндэслэн гарсан Б/175 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг албан үүргээс чөлөөлж байгаа нь сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэх үндэслэл хамаарахгүй юм.
4.5. Өөрөөр хэлбэл, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл шийдвэрлэх эрхтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтан /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга/ нь Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг үндэслэн Төрийн албаны тухай хуульд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож болохоор байна.
5. Нэгэнт нэхэмжлэгч Б.Н ажлын цагаар ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.4-д “төрийн албанаас халах” гэж зааснаар нэхэмжлэгчийг албан үүргээс чөлөөлсөн нь хуульд нийцжээ.
5.1. Мөн түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” зөрчлийн хэргийн дугаар 2035000511 дугаар тогтоолоор гэрч Б.Б, Б.А, Т.С, Б.Э, Я.Я, Б.О, Д.Э, Н.Э, Г.З, С.Г нар болон холбогдогч Н.Ө, Б.З, Х.Г, Б.Н нарын мэдүүлэг зэргийг үндэслэсэн бөгөөд анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх...” гэж зааснаар дахин Ө.Э, Б.А, Т.Б, Б.Э, Т.С, Б.Б нарыг гэрчээр асуусныг буруутгахгүй бөгөөд нэхэмжлэгчийн “...маргаан бүхий захиргааны акт гарах үед уг ажиллагааг бүрэн гүйцэд хийж, түүний үндсэн дээр шийдвэрийг гаргах байтал, шүүх захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдал үүсч байна” гэх гомдол үндэслэлгүй байна.
6. Иймд нэхэмжлэгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
6.1. Шүүхээс нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангасан, нэхэмжлэгчээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ бичгээр шүүхэд хүргүүлсэн боловч, байгаа газраасаа шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх нотлох баримтаа ирүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд оролцож байгаа тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН