| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0082/Э |
| Дугаар | 202 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 202
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Т.Б , улсын яллагч Э.Гантулга, хохирогч Ш.Т ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, М.Даваасүрэн,
Шүүгдэгч Х.Х , Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Х.Х т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.С ид тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005390034 дугаартай, 163/2020/0082/Э индекстэй хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Х.Х.
Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Б.С. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Х ыг бие махбодын зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусадтай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар,
Шүүгдэгч Б.С ийг бусадтай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х ын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн цагаан хаалганы урд хүнсний дэлгүүрийн хажууд болсон. Тэр өдөр Н Т С бид нар архи ууж маргалдаад зодолдсон. Н хажуугаас хөндлөн юм ярихад Т ах боль чи гэж хэлсэн. Тэгээд байж байтал Т ах С ийг цээж рүү нь цохиход С баруун гараараа шанаа руу нь цохиод авсан. Тэгээд тэлээг нь тайлаад мотоциклийн улсын дугаарын доод талын хөндлөн төмөрнөөс уяад чирсэн ийм зүйл болсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С ийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн цагаан хаалга гэх газар архи уугаад Т ах бид хоёр тэр хавийн хүмүүсийг яриад байж байтал Х т Н том том юм яриад байсан. Тэгтэл Т ах Н ийг дуугай бай боль гэж хэлсэн. Тэгээд хэн хэний хүүхэд үү гэхээр нь ээж аавынхаа нэрийг хэлтэл Д гийн хүүхэд Б.хүүхэд гэтэл Ж Д гуайн хүүхэд үү? гээд Х ыг хэлсэн. Тэрнээс болоод энэ хоёр хоорондоо маргаж байсан. Би бие засчихаад эргээд иртэл дээр доороо ороод ноцолдоод байсан. Т гуай ёо ёо гэж орилоод байсан. Та нар яагаад байгаа юм больцгоо гээд салгасан. Х Т ахын тэлээг тайлаад мотоциклийн арын хөндлөн төмөрнөөс уясан байсан. Түүнээс мотоцикль асааж чирсэн зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Т ын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэг айлд ажил хийх гээд очсон байсан. Тэгтэл Н гэх залуу орж ирээд архи авч уусан. Тэгсэн энэ хоёр залууг дагуулаад ороод ирсэн. Тэр авч орж ирсэн архиа уучихаад С гуйлгачингууд гээд ер нь агсам тавьчих гээд байсан. Тэгээд би утсаа зараад нэг архи аваад хамт уугаад замын зүүн талд гараад миний тэлээг мулт татаж аваад хоолойгоор боогоод, төмсөгнөөс Х базаад авсан. Төмсөг базахаар хүн хөдөлж чадахгүй байдаг юм байна лээ. Х оосорлож С чирсэн шинэ мотоцикль байсан учир хянахын гэрэл асаалттай байсан нь тод харагдаж байсан. Тэгээд гутлаа үнсүүлсэн. Тэгээд тавихаар нь би зугтсан. Тэгтэл намайг эргүүлж мотоциклний гэрэл тусгаж барьж аваад дахиж чирээд гүйцээнэ гэж ярьсан. Дахиж чирэхэд би тэлээнээсээ барьж чирэгдсэн. Тэгээд зогсохоор нь үхсэн болоод хэвтсэн. Тэгээд тэлээгээ авч яваагүй маргааш нь цагдаатай очсон тэлээг хайгаад олоогүй. Гомдол саналгүй С надад 3 сая төгрөг өгнө гэсэн гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 1915005390034 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Х.Х , Б.С нар нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын “Цагаан хаалга” гэх газарт цуг архи ууж байсан Ш.Т тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүнийг хоолойг суран тэлээгээр оосорлон боомилж, мотоциклийн араас уяж Б.С оор 20-30 метр газар чирүүлсэн, “наадахыг чинь гүйцээчихье, бид хоёрт гай болно” гэж дахин мотоциклийн араас хүзүүгээр нь суран бүсээр оосорлож Б.С оор 8-9 метр орчим газар чирүүлж бүлэглэн хүнийг алахыг завдсан, мөн Х.Х нь Ш.Т ын төмсөгнөөс базаж татсан, зугтаахад араас нь хөөж очин дахин төмсөгнөөс нь базаж Б.С ийн гутлыг үнсүүлсэн зэргээр бие махбодын зовиур үүсгэж Ш.Т ын биед зүүн төмсөггүй, баруун шанаа ташаанд зулгаралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан зэрэг үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Т ын өгсөн: “...Тэгээд ууж байхдаа М ганцаараа яриад бид хэдийг яриулахгүй байсан. Д гийн хүүхэд М руу дайраад “гурван гуйлгачин” гээд агсараад байсан. Хамт явсан залуу нь мөн М руу дайрах маягтай байгаад байхаар нь би “боль” гэж хэлээд Х ыг “Ж Д гийн хүүхэд” энэ тэр гээд хэлчихсэн байх. Тэгсэн над руу дайраад унасан. М тэндээ сууж байсан газраа тасраад унасан. Тэгээд Д гийн банди миний өмдний суран тэлээг тайлж хоолойг минь боож оосорлоод нөгөөх нь асаалттай мотоцикль дээр гараад суучихсан хаазлаад байсан ба Д гийн банди хоолойгоор минь оосорлосон. Тэлээгээ мотоцклийн араас уяад чирж нилээд хэсэг газар явж байгаад зогссон. Тэгээд тэр хоёр залуу миний дээрээс дэвсээд Д гын банди нь миний араас бэлэг эрхтэнээс хүчтэй базсан. Тэгсэн би өөрийн эрхгүй босоод ирсэн ба доошоо тонгойчихсон нөгөөх залуу араас засаанаас базчихсан чигээрээ байж байхад хамт явсан залуу нь миний гутлыг үнс гээд өөрийнхөө өмсөж явсан хромон гутлыг 2-3 удаа үнсүүлсэн. Төмсөгнөөс тавингуут нь би зугатаагаад засмал зам хөндлөн гарчихсан. Араас Д гийн банди гүйцэж хүрч ирээд дахиад төмсөгнөөс базаад авсан. Тэгсэн нөгөөх нь мотоциклоо унаад гэрлээ тусгаад араас хүрээд ирсэн. Тэгээд нэг мөсөн гүйцээчихье гэж хоорондоо яриад Д гийн банди миний суран тэлээгээр дахиж хоолойгоор оосорлоод гүйцээчихье гээд нөгөөх нь мотоциклоороо чирсэн. ...Ойролцоогоор 20-30 орчим метр газар чирсэн. Тэгээд би худлаа үхсэн юм шиг хэвтээд байсан чинь хоолойноос маань тэлээг маань мултлаад сундлаад тэр хоёр яваад өгсөн. ...Д гийн банди л хоёр удаа базаж гэмтээсэн. Түүнээс хамт явсан нөгөө залуу нь бол миний бэлэг эрхтэн рүү гар хүрээгүй ойртоогүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалаа нэхэмжилж авна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 тал/, гэрч Т.О ийн өгсөн: “...Тухайн үед гэртээ ирэхдээ Орхоны хоёр залуу
намайг зодсон л гэж ярьсан. Мотоциклоос чирээд нэг нь бэлэг эрхтэнээс базсан. Тэгээд мотоциклын араас миний тэлээгээр оосорлож чирсэн гэж ярьсан. ...Нөхрийн маань өмсөж явсан өмдний өвдөгний залгаа оёдол болон салтаа нь урагдчихсан байхаар нь би гараараа оёсон. Тэгээд мэс заслын эмч нартай уулзахад “хагалгаанд орно, хүнд хагалгаа хийх гэж байна” гээд ар гэрийнхэн болох биднээс гомдол саналгүй гэсэн бичиг хийлгэж авсан. Тэгээд хагалгаанд орсон. Т ыг эмнэлэгээс гараад 4-5 хонож байхад С нь хадам ээж, хоёр эгч, хүргэн ахынхаа хамт ирээд С , Т т хандаж “ахаа би гар бие оролцсон, таны өмдний тэлээг Х аар тайлуулаад би таны хүзүүг тэлээгээр боосон. Х таныг мотоциклийн арын улсын дугаарын урд байрлах хөндлөн төмөрнөөс уясан. Х таны төмсгийг базсан. Танаар би гутлаа үнсүүлсэн нь үнэн” гэж хэлээд” та энэ хэргээс намайг салгаад өгөөч цагдаа дээр байхад нь салгаад өгчих заавал шүүх, прокурор гээд яахав дээ, би таны эмчилгээний мөнгө төгрөгийг төлье энэнээс л салгаад өг танд портер машин, морь өгье” гэж хэлэхээр нь би манайд тийм юм хэрэггүй шүү, манайх гадаанаа машинтай авчираад хэрэггүй шүү гэж хэлсэн чинь С ийн эгч нь /нэрийг нь мэдэхгүй/ “ахаа одоо энэ хэргээс л манай дүүг салгаад өгөөрэй эмчилгээний мөнгө төгрөг дээр санаа зоволтгүй” гэж хэлчихээд яваад өгсөн. Т ыг эмнэлэгээс гараад 7-8 хонож байхад Х нь өөрийн дүү болон нэг танихгүй эрэгтэй хүний хамт гурвуулаа ирсэн. С нь хадам ээж, хүргэн ахынхаа хамт ирсэн ба тэдгээр хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй. С хэлэхдээ “Х бид хоёр нийлээд таныг зодсон” гэж хэлсэн чинь Х “тийм ээ ах аа бид хоёр нийлж байгаад таныг зодсон” гэж хэлсэн. Х Т т хандаж “ах аа би таны төмсөгийг базсан. С надаар таны өмдний тэлээг тайлуулчихаад С таны хүзүүг оосорлоод гутлаа үнсүүлээд байсан” гэж хэлэхэд С “тэгсэн ах аа намайг уучлаарай” гэж хэлэхэд Т би угаасаа болсон үйл явдлыг мэдэж байгаа цагдаад гомдол гаргасан байгаа гэж хэлсэн. С , Х хоёр Т т хандан бид хоёр танд тав таван сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд бүгд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р ххийн 54-55 тал, 238-239 тал/, гэрч Т.Б гийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 5 цагийн үед хүргэн дүү Т орж ирсэн. Тэгээд хоёр хүнд алуулах дөхлөө, намайг мотоциклоор чирсэн гэж ярьсан ба өөр ямар нэг зүйл хэлэлгүй газарт дээлээ нөмрөөд унтаад өгсөн. Өглөө би нөхрийнхөө цай хоолыг хийгээд байж байхад хүүхэд Дашням нь Т ын нүүр, хамарных нь цусыг ариун цэврийн цаасаар арчаад байсан ба хальт харахад нүүр ам цус болсон байсан. ...дүү Т.О утсаар залгаад Т өглөө таныг гаргахад ямар байсан юм бэ, эмнэлэгт түргэнээр хүргэгдэн очиж байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд би түргэний хаалгаар ороод тосож авахад явж чадахгүй, тэргэнцэр дээр суулгасан эмч нь авч орж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 тал/, гэрч Д.Э гийн өгсөн: “...Т гийн нүүр нь цус болчихсон, өмд нь салтайгаараа цус болчихсон алцаганаад явж чадахгүй бөхийчихсөн байдалтай байсан. Т надад хандан “эгчээ надад түргэн дуудаад өгөөч” гэхээр нь тэр дороо 7034103 дугаар луу залгаж “манай Аз Хур дэлгүүр дээр хүнд зодуулсан байдалтай хүн ирсэн” гэж түргэн тусламжид дуудлага өгсөн. …Т гийн баруун хацар, шанаа цус болчихсон байсан. Шалбарч гэмтсэн үү, цустай гараараа барьсан уу гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61 тал/, гэрч Д.О ийн өгсөн: “...Х нь С ийг хүн цохиод авахаар нь би тэр хүнийг заамдаж аваад цохиж унагаагаад төмсөгнөөс нь базсан гэж хэлэхээр нь би “чи чинь хүний төмсөг базчихаад юун бахархалтай ярьдаг юм билээ дээ” гэсэн чинь Х “яадаг юм, базчихсан юм чинь тэгээд дуудаж байгаа биз” гэж ярьсан. Тухайн үед нь байгаагүй болохоор болсон асуудлыг би мэдэхгүй банйа. Х ын надад ярьсаныг нь л хэллээ...” гэх мэдүүлэг /1-р ххийн 62-63 тал/, гэрч Д.Алтанзулын өгсөн: “...Тэр хоёр 2019 оны 11 сард цагдаагаас дуудсан гээд манайд хоносон. Х нь хүний төмсөг базсан гэж ярьсан. Тэгэхэд нь би “хүний төмсөг базчихаад юун бахархалтай ярьдаг юм” гэж хэлсэн. Х “яадаг юм, базчихсан тэгээд цагдаагаас дуудаж байгаа биз” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-3 тал/, гэрч А.А ийн өгсөн: “...Т гэдэг хүн манай эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагт зүүн төмсөгний гэмтэл ил шарх үхжилт гэдэг оноштойгоор 103 түргэн тусламжаар дамжиж ирснийг би хүлээн авч 15 цагт эмч нарын хамтаар хагалгаанд орсон. Т ын биеийн байдал хүндэвтэр дотуур өмд нь цус /салтаа/ болчихсон ухаан санаа саруул асуусан асуултанд хариулж байсан. Яасан талаар асуухад хүнд зодуулсан, төмсөг базсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 тал/, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 309 дугааратай: “Магадлуулагч Ш.Т ын биед зүүн төмсөггүй, баруун шанаа ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шарх нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Зүүн төмсөггүй гэх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шанаа, ташаанд зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна. Эдгээр гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 67-68 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугааратай: “...Уг хүрэмний баруун гарын суганы оёдлоос эгц доош 52 см зайд ханцуйны үзүүрийн залгаас оёдол хэсэгт 15х9 см хэмжээтэй урагдалтай байна. Дээрх урагдалтууд нь хүчтэй татаж чангаах хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байж болно. Гутланд үүссэн салалт болон ханзарсан урагдалт нь удаан хугацааны эдэлгээнээс үүссэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 72-76 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай: “Х.Х нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг болох үед архи уусан согтуу байсан гэх боловч үйл явдлын ярилцлагын явцад үнэн зөвөөр тусган мэдүүлж байгаа нь сэгтгэцийн хувьд өөрийгөө удирдан жолоодох чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсныг харуулж байна. Мөн Х.Х нь одоо хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /1-р хх-ийн 78-79 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүгдэгч Х.Х нь хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй бөгөөд энэ талаархи нотлох баримт хавтас хэрэгт хангалттай нотлогдоогүй.
Мөн шүүгдэгч Х.Х нь хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдээгүй гэж мэтгэлцжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нь шүүгдэгч Б.С нь бүлэглэн хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхийг завдаагүй түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.
Хохирогч Ш.Т нь өөрт учирсан гэм хорын хохиролтой холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд шүүгдэгч Х.Х нь 3.000.000 төгрөг, хоёр тооны адуу, шүүгдэгч Б.С нь нэг тооны хонь, унагатай гүү, 550.000 төгрөг хохиролд төлсөн байна.
Шүүгдэгч Х.Х , Б.С нарын үйлдэл идэвхтэй, хохирогч Ш.Т ын амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарласан, дээрх хор уршигт зориуд хүргэсэн нь Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж хүнд хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзнэ.
2. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай:
Шүүгдэгч Х.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.11т заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.С ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Х , Б.С нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.Х , Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн Х.Х ын эзэмшлийн 4725000 төгрөгийн үнэ бүхий 50 тооны бог мал, Б.С ийн эзэмшлийн **-** БУЗ улсын дугаартай Даюун загварын мотоциклийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигч нарт нь буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Ч овогт Х.Х ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бие мах бодын зовиур үүсгэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүнийг алахаар завдсан гэмт хэргийг тус тус бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Ч овогт Б.С ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д бүлэглэж хүнийг алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Шүүгдэгч Ш.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Шүүгдэгч Б.С г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгтзааснаар шүүгдэгч Х.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 /арав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Х.Х ын 10 /арав/, шүүгдэгч Б.С ийн 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.Х , Б.С нар нь цагдан хоригдсонхоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
Хэрэгт битүүмжлэгдсэн Х.Х ын эзэмшлийн 4725000 төгрөгийн үнэбүхий 50 тооны бог мал, Б.С ийн эзэмшлийн **-** БУЗ улсын дугаартай Даюун загварын мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х , Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Х , Б.С нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС
Н.ИДЭР