| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 101/2016/08033/И |
| Дугаар | 183/ШШ2017/00086 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2017/00086
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Н-д холбогдох
22 205 378 /хорин хоёр сая хоёр зуун таван мянга гурван зуун далан найман/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“У*******” нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж дунд сургуулийн боловсрол эзэмшүүлэх сургалт олох чиглэлээр 1992 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 2005 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн Г******* овогтой ******* манай Улаанбаатар дахь олон улсан дунд сургуульд 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2015 оны хичээлийн жил дуустал суралцсан. Г.*******ыг Олон улсын дунд сургуульд суралцуулах гэрээг түүний эх С.Н******* 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ба 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 22 205 378 төгрөг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс С.Н*******д үлдэгдэл төлбөрийг барагдуулахыг шаардаж олон удаа цахим шуудангаар захидал, мэдэгдэл хүргүүлэх, сургууль дээр дуудаж уулзах үүгээр үл
барам хүүхдийн эмээтэй нь хүртэл ярилцаж үзсэн. Гэтэл хариуцагч манай шаардлагийг хүлээн аваагүй. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* би хариуцагчийн ажил дээр очиж биечлэн уулзаж бичгээр шаардлага хүргүүлсэн. С.Н******* нь үлдэгдэл мөнгөө хүүгийн аавтай ярилцаж байгаад төлнө гэж амласан боловч 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдөр цахим шуудангаар ирүүлсэн захидлаараа сургалтын төлбөр мөнгийг төлж чадахгүй гэж мэдэгдсэн. Хэдий эцэг, эх нь сургалтын мөнгөө төлөөгүй байсан ч сургуулийн зүгээс хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж түүнийг 2014-2015 оны хичээлийн жилд сургуульдаа чөлөөтэй суралцаж амжилттай дүүргэх бүх бололцоогоог олгож, тухайн ангиа төгсөн гэрчилгээ, суралцсан байдал, хүмүүжил, зан төлөвийн талаархи тайланг нь өөрт болон эцэг, эхэд нь өгч хүүхдэд зохих шатны боловсрол олгох үүргээ бүрэн биелүүлсэн билээ. Иймд С.Н*******гоос гэрээний үүрэг гүйцэтгүүлж 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 22,205,378 төгрөг гаргуулж өгнө үү.
Сургалтын төлбөрийн гэрээнд С.Н******* төлнө гэж гарын үсэг зурсан. Сургалтын төлбөрийг Ж.Г******* төлнө гэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Хэн төлөх нь тухайн гэр бүлийн асуудал Ж.Г******* сургалтын төлбөрийн тодорхой хувийг төлсөн байдаг. Н******* нь дараа нь Г*******аас төлбөр нэхэмжлэх асуудал тусдаа яригдах ёстой гэжээ.
Хариуцагч С.Н*******гоос шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.******* нь тус сургуульд 2014-2015 оны хичээлийн жилд суралцсан нь үнэн. Г.*******ын сургалтын төлбөрийг гэрээний дагуу төлсөөр ирсэн. Харин 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг хүүгийн аав Ж.Г******* хариуцан төлөх байсан боловч үүргээ биелүүлэлгүй тус сургуулийг хохироож байгааг ойлгож байна. Г.******* хүүгийн эцэг эх хоёр таарч тохирохгүйн улмаас гэрлэлтээ албан ёсоор 2013 онд цуцлуулсан, 2 хүүхэд эхийнхээ асрамжид байдаг. Гэрлэлт цуцлагдаагүй хүчин төгөлдөр байх үед Г.******* тус сургуульд суралцаж байсан. Хариуцагч С.Н******* нь хэрэв гэрлэлт цуцалснаас хойш би 3 нь хүүхэд тэжээн тэтгэж байх үед ийм өндөр төлбөртэй сургуульд сургахгүй байсан тухайн үед аав нь сургуульд оруулсан өөрөө бүх зардалыг хариуцана гэсэн байдаг. Д.Г******* нь байнга хөдөө явдаг ажилтай тэгээд С.Н*******г чи гэрээг нь хийчих дараа нь би мөнгийг нь өгнө гэж хэлдэг байсан гэсэн. Иймээс Н******* нь сургууль дээр очиж гэрээ хийсэн байдаг. Сургуулийн төлбөрийг С.Н******* нь хүүхдийн хадгаламжнаас авч төлсөн үүнийгээ нэхэмжлэгчийн цахим шуудангаар явуулсан хариунд хүртэл тусгасан. С.Н******* нь хүүхдийн тэтгэлэг огт авдаггүй сургалтын төлбөрийг Гэрэлт дархан хариуцна гэсэн болохоор авдаггүй байсан. Монгол улсын гэр бүлийн тухай хуульд зааснаар хүү Г.*******ын эцэг Ж.Г******* нь хүүхэддээ суурь боловсрол эзэмшүүлэх, сурч боловсрох эрхийг нь хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул хүүхдийн сургалтын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна. Иймд Эцэг Г*******ыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтээ дэмжиж байна. Орчин нөхцөлөө сайжруулж өөр байранд орсон болохоос дахин байр аваагүй. Н*******, Г******* хоёр нь тэтгэлэг төлөхгүйгээр сургалтын төлбөр төлнө гэж хоорондоо тохиролцсон.
Тэтгэлэг төлбөр мөнгөний асуудлаар шүүхэд яагаад хандаагүй талаар би хариулж мэдэхгүй байна. Тэр Н*******гийн мэдэх асуудал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очоогүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг авдаггүй гэсэн баримт байхгүй.
С.Н******* Гаалийн байцаагч ажилтай. Сургалтын асуудал нь тухайн үед яригдаагүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “У*******” нь хариуцагч С.Н*******д холбогдуулан сургалтын зардал 22 205 378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь С.Н*******гоос 2012 оны 08 дугаар сарын 22-ноос эхлэн 2015 оны хичээлийн жил дуустал суралцсан хүү Г.*******ын гэрээг түүний эх С.Н******* нь байгуулсан ба 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл нийт 22 205 378 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Хариуцагч нь миний хүү ******* 2012-2015 оны хичээлийн жилийг дуустал амжилттай суралцсан энэ талаараа маргаагүй, сургалтын төлбөрийг гэрээний дагуу төлсөөр ирсэн, харин 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг аав Ж.Г******* хариуцан төлнө учир нь бид 2013 онд гэрлэлтээ цуцлуулсан хүүхэд ээ сурч боловсроход нь туслах үүрэгтэй тул энэ үүргээс чөлөөлөгдөхгүй тул хариуцахгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч С.Н******* нь 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль”-тай гэрээ байгуулсан болох нь тэдний хооронд байгуулсан гэрээ, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар тус тус нотлогдож байна. /хэргийн 28-р хуудас/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч гэрээг байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй тул талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан “гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий” нэрлэгдээгүй гэрээ байгуулсан байна гэж үзэв.
Зохигч талуудын байгуулсан 2014-2015 оны хичээлийн жилийн эргэн элсэх өргөдөл буюу гэрээнд эргэн элсэх сурагчийн хувийн мэдээлэл, төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авах үүргийг хариуцагч С.Н******* хүлээжээ.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээтэй маргаагүй, С.Н******* нь 2014-2015 оны хүү Г.*******ын хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлөөгүй болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн мэдэгдлүүд зэргээр нотлогдож байх тул төлбөр төлөх үүргийг хүлээсэн гэж үзэхээр байна гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хүүхдийн сургалтын зардлын 50 хувийг түүний эцэг Г******* хариуцна гэж маргасан боловч түүний эцэг Г******* төлбөрийн 50 хувийг Улаанбаатар дахь олон улсын дунд сургуульд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн төлбөрийн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул энэ талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд хариуцагч С.Н*******гоос сургалтын төлбөрт 22 205 378 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У*******”-д олгож, нэхэмжлэлийг бүрэн хангасантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч С.Н*******гоос 22 205 378 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У*******”-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “У*******”-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268 977 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 268 977 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “У*******”-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ