| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1772/Э |
| Дугаар | 1898 |
| Огноо | 2020-10-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 1898
2020 10 30 2020/ШЦТ/1898
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Л.Галав,
Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Н.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-эд холбогдох эрүүгийн 1906 07290 1893 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн цэцэрлэгийн хашаанд иргэн Б.Мөнгөнтуулын нүүрэн хэсэгт гараараа цохиж хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт, дээд уруул, зүүн хүзүүнд зулгаралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Мөнгөнтуулыг цасан дээр түлхэж унаган өмдийг нь шувталж хүчиндэхийг завдсан,
Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Мөнгөнтуулыг хүчиндэхийг завдах явцдаа гар цүнхтэй эд зүйлийг нь хүч хэрэглэн авч 880.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Мөнгөнтуулын мэдүүлэг /хх-16-23/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан дүгнэлт /хх-47-49/, яллагдагч Б.Бийн мэдүүлэг /хх-111-112/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн цэцэрлэгийн хашаанд иргэн Б.Мөнгөнтуулын нүүрэн хэсэгт гараараа цохиж хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт, дээд уруул, зүүн хүзүүнд зулгаралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, түүнийг цасан дээр түлхэж унаган өмдийг нь шувталж хүчиндэхийг завдсан, мөн гар цүнхтэй эд зүйлийг нь хүч хэрэглэн авч 880.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнгөнтуулын “...Би 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөрт шилжих шөнө гэртээ нөхөртэйгөө муудалцаад 4 шил Сэнгүр пиво уучхаад 00:00 цагийн орчим 72 дугаар хотхоны генерал гэх бааранд ганцаараа орсон. Би бааранд ороод 1 шил пиво уугаад хэсэг бүжиглэж байгаад харих гээд баарнаас 02:00 цагийн орчим гараад такси барих гээд ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд зам дагуу зогсож байтал араас үл таних эрэгтэй хүн гүйж ирээд намайг нэг газар хамт сууя гэсэн.Тэгэхээр нь би үгүй гэж дургүйцтэл нөгөө залуу надтай зууралдаад гараас татаж чангаагаад эхэлсэн.Тэгсэн нөгөө залуу такси зогсоогоод намайг такси руу хүчээр суу гээд араас түлхээд такси руу оруулсан. Би таксины арын суудал дээр суугаад нөгөө үл таних залуу таксины жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Би таксинд ороод бууя гэж хэлтэл нөгөө үл таних залуу чи дуугай байж бай гээд жанжин клубийн ойролцоо нэг айлын үүдэнд нөгөө таксигаар хүргүүлж буусан.Тэр үл таних залуу бид хоёр таксинаас буугаад тэр залуу намайг энэ айл руу ор гэж намайг дарамтлаад миний араас 2 гараараа түлхээд нөгөө айл руу оруулсан.Тэр айлд ороход гэрэлгүй харанхуй байсан.Тэгээд нөгөө залуу нэг эрэгтэй хүнтэй юм яриад хоноё гээд гуйгаад байсан.Тэгсэн нөгөө эрэгтэй хүн нь үгүй гэсэн бололтой, намайг дагуулж ирсэн үл таних залуу аймар уурлаад миний баруун гараас угз татаж чирээд тэр айлаас гарсан.Тэгээд тэр айлаас гараад нөгөө залуугаас би гэртээ харимаар байна. Намайг явуулаач, би ингээд явъя миний цүнхийг өгөөч гэж хэлтэл намайг явуулахгүй, цүнхийг минь өгөхгүй байсан болохоор би цүнхээ хаяад тэр залуугаас зугтаагаад явтал, миний араас гүйж ирээд намайг бариад авсан.Тэгээд тэр залуу аймар уурлаад нэг хашааны булан руу намайг чирээд явсан.Тэгээд Ботаникийн цэцэрлэгийн хашааны орчим очоод намайг 2 цементэн чулууны хажууд зүүн талын шанаа нь тус газар гараараа цохиж намайг газар унагаасан.Тэгээд надад хандаж өмдөө тайл гичий минь гээд миний дээр гарч суучхаад миний нүүр, хамар ам руу гараараа нэлээн олон удаа цохисон. Би алдах гээд манартал миний хоолойг нэг гараараа боож, нөгөө гараараа аман дээр дарсан.Тэгээд тэр залуу нэг гараараа миний хоолойг боож байгаад нөгөө гараараа өмд, турсик тайлаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийх гэж оролдсон.Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлж нэг гараараа тэр залуугийн бэлэг эрхтэнг бариад, нөгөө гараараа өөрийнхөө бэлэг эрхтэнг хааж дарсан.Тэгээд миний биеэ хамгаалж байгаа байдалт тэр залуу маш их уурлаж, амьсгалж чадахгүй амь тэмцэж байхдаа нөгөө залуугийн зүүн талын нүдэн тус газар нь маажсан. “Би авраарай туслаарай” гээд хамаг байдлаараа орилсон. Тэгсэн тэр залуу ийш тийшээ харж байгаад, миний цүнхийг үүрээд зугтаагаад явчихсан. Тэгээд би ганцаараа уйлж алхаж яваад жанжин клубийн зам руу ороод таксинд гар өргөөд цагдаагийн хэлтэс дээр хүрч ирсэн. Би дунд зэргийн согтолттой байсан.Болж байгаа үйл явдлыг мэдэж, санах чадвартай байсан. Тэр залууг архи уусан байсан үгүйг нь би мэдэхгүй байна. Надтай бэлгийн харилцаанд ороогүй, намайг хүчиндэх гэж завдаж, зодсон. Би тухайн үед өөрийгөө маш ихээр хамгаалж тэмцсэн. Би одоо харвал танина.Би тэр залууг танай эрүүгийн мөрдөгчтэй хамт яваад таньж олж тогтоож цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би гар утсаа хэдэн сарын өмнө “Теди” төвөөс лизингээр 840000 төгрөгөөр худалдаж авсан. Тергарацен бугуйвч нь мөнгөн оруулгатай бугуйвч байсан манай охин хийж зардаг юм. Тэр бугуйвчийг 80000 төгрөгөөр зарах гэж байсан юм. 7 ширхэг тергарацен хос ээмэг байсан нэг бүрийнх нь үнэ 35000 төгрөгөөр зардаг. Тэгээд миний бүх л баримт тэр цүнхэнд байсан. Би өөрт учирсан хохирлоо одоогоор үнэлж хэлж чадахгүй байна. Би эмнэлгээр явж үзүүлснийхээ дараа хохирлоо нэхэмжлэх мөнгөн дүнгээ хэлье гэж бодож байна. Би маш их гомдолтой байна. Тэр үл таних намайг зодож, дээрэмдэж, хүчиндэх гэж оролдсон залууд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Би сэтгэл санааны маш их дарамтад байна. Би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо жанжин клубийн ойролцоо гудамжинд хоёр давхар байшинтай хашаанд байрлах монгол гэрийн гэр лүү заналхийлж оруулаад наанаа сууж бай гэж хэлээд суулгаад нэг эрэгтэй хүнтэй юм ярьж байгаад гаръя гээд намайг дагуулаад гарсан.Тэр айлаас гараад жанжингийн төв засмал зам дээр гараад би тэр залууд миний цүнхийг надад өгөөч гэж гуйсан ч надад өгөхгүй байсан. Тэгээд байж байтал зам дээр нэг такси ирэхээр нь би урдуур нь алдалж зогсоод таксиг зогсоогоод жолоочоос нь гуйгаад байхад туслаагүй араас нь нэг эмэгтэй хүн ирээд таксинд явах уу гээд урд нь суухаар нь би “миний дүү эгчдээ туслаач” гэхэд нөгөө жолоочийн хажууд суусан эгч жолоочид “наад хүүхэн чин худлаа хэлж байгаа цуг явж байгаа биз” гэхэд нөгөө надтай явж байсан залуу араас татаад намайг өөртэйгөө цуг явж байгаа гэж хэлээд аваад үлдсэн. Тэгсэн такси явсны дараа нөгөө залуу намайг “яасан овоо зэвүүн гичий вэ” гэж хэлээд миний ар талаас куртикнээс чирээд ботаникийн цэцэрлэгийн зүгт ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү чирээд дэлгүүртэй мухар гудамжинд аваачсан. Тэгээд шууд намайг цасан дээр цохиж унагаагаад миний хоолойг нэг гараараа боогоод нөгөө гараараа миний зүүн шанаа руу хоёр удаа цохисон. Намайг цохиж байх хоорондоо өөрийнхөө өмдийг шувталсан байсан ба дараа нь миний хоёр давхар өмдийг доош нь шувтлаад өөрийнхөө бэлгэ эрхтнийг миний бэлгэ эрхтэн рүү хийх гээд зүглүүлэхээр нь би тэр залуугийн бэлэг эрхтнийг нэг гараараа бариад нөгөө гараараа өөрийнхөө бэлгэ эрхтэнг дараад байхаар нь “би туслаарай” гэж орилох гэтэл тэр залуу миний амыг дараад байхаар нь би толгойгоо хоёр тийш нь хөдөлгөж байгаад завсар гарахаар нь “туслаарай” гэж 5 минут хиртээ орилсон. Тэгсэн тэр залуу ийш тийшээ харж байгаад босоод баруун хойшоогоо гүйгээд явахаар нь би зүүн урагшаа гүйсэн. Миний цүнхийг намайг зодож, хүчиндэх гэж байхдаа нуруундаа үүрсэн байсан. Тэр залуу намайг бол хүчиндэж чадаагүй би өөрийгөө байдаг чадлаараа хамгаалсан. Тэр залуу намайг хүчиндэх гээд дайрч байхад би зүүн гараараа тэр залуугийн бэлэг эрхтнийг барьж байгаад миний амыг таглахаар нь би зүүн гараараа нүүрийг нь маажсан. Тэр залуу намайг хүчиндэх гэж намайг боож нүүр лүү цохсон. Гэхдээ миний цүнх болон бусад эд зүйлсийг дээрэмдсэн. Би хохирлоо барагдуулж тэр хүнийг дахин ийм гэмт хэрэг хийлгэхээргүй болгомоор байна...” /хх-ийн 18-23/ гэх мэдүүлэг,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Б.Мөнгөнтуулын биед хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалга, баруун дал, баруун өгзөгт цус хуралт, дээд, уруул, хүзүүнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Мөнгөнтуулын охин хальс 1-2 цаг, 4-5 цаг, 11-12 цагийн түвшинд төрсний дараах үлдэц төдий байдалтай байна. Б.Мөнгөнтуулын цус, шээсэнд спиртийн зүйл илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Б.Мөнгөнтуул нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Б.Мөнгөнтуул нь жирэмсэн биш байна...” /хх-ийн 64-69/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Бийн мэдүүлэг: “...Би уг өдөр Мөнгөнтуул гэх эмэгтэйг хүчиндэхийг завдаагүй, ямар нэгэн байдлаар тийм зүйл болоогүй. Би 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Анх танилцуулахдаа Мөнгөнтуул гэж танилцуулсан. Тэр үед Мөнгөнтуул нь бага зэргийн согтолттой байсан. Өөрийгөө авч явах чадвартай байсан. Би мөн бага зэргийн согтолттой байсан, гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. Бид хоёр уулзсанаасаа хойш ямар нэгэн байдлаар архи пиво уугаагүй, такси барьж явсан мөнгийг өөрийн санаачилгаараа өгсөн. Миний цүнх хаана байна гээд над руу дайраад орилоод байхаар нь би нүүр рүү нь хоёр удаа цохчихсон юм. Би Жанжинд ирээд таксинд мөнгө өгөхөд нь харсан. Баттулга ахынд орж гарахад байгаагүй. Би Мөнгөнтуулыг гар цүнхээ таксинд үлдээсэн байх гэж бодож байна. Намайг цохиход газар унаагүй. Би 2 удаа цохичхоод хоолойг нь багалзуурдаж шахсан. Ямар нэгэн байдлаар бэлгийн харилцаанд орсон асуудал болоогүй. “Архи зардаг дэлгүүр хаана байдаг вэ” гээд надаас асуухаар нь “би ботаникт байдаг юмаа” гэж хэлээд бид хоёр такси бариад ботаник ортол хаалттай байхаар нь шууд нөгөө такситайгаа Баттулга ахынх руу явсан. Хүмүүс зардаг гэж ярьдаг байсныг гэнэт санаад тийшээ явах санаа төрсөн. Би 2018 онд 12.1.1 дүгээр зүйл ангиар 1 жилийн тэнсэн харгалзах ял авсан...” /хх-111-112/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн цэцэрлэгийн хашаанд иргэн Б.Мөнгөнтуулын нүүрэн хэсэгт гараараа цохиж хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалганд цус хуралт, дээд уруул, зүүн хүзүүнд зулгаралт, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, түүнийг цасан дээр түлхэж унаган өмдийг нь шувталж хүчиндэхийг завдсан, мөн явцдаа гар цүнхтэй эд зүйлийг нь хүч хэрэглэн авч 880.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалт гэхийг 1 дэх заалт мэтээр бичсэн нь нэг тоо андуурч бичсэн нь техникийн шинжтэй алдаа болох талаар улсын яллагч санал хэлсэн, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар зөвшөөрч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд 1 /нэг/ жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа “...1. Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. “...2.Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. “2.1.торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг...” гэж заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар сольж, 30 хоногоор тооцон ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бийн ялыг нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Уг ял дээр урьд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 06 сар 19 хоногийг ялыг нэмж нэгтгэн 2 /хоёр/ жил 7 /долоон/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 38 хоногтой, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар сольж 30 хоног хорих ял болгон дээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бийн эдэлбэл зохих хорих ялын нийт хэмжээг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр заалтыг журамлан шүүгдэгч Б.Бэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 01 сарын хорих ял дээр, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бийн биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 02 жил 07 сар 19 хоногоор тогтоосугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 02 жил 07 сар 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА