| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1890/Э |
| Дугаар | 1914 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 1914
2020 11 03 2020/ШЦТ/1914
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Тайж овогт О.Эд холбогдох эрүүгийн 2006 03423 2398 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 63 дугаар байр 22 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Отгонбатын Э, РД:МЮ99123017,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Э нь 2020 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 50 дугаар байрны 109 тоот гэртээ байсан иргэн Г.Самбуунямаас “дансыг нь цэнэглэж өгнө” гэж хууран 1.505.000 төгрөг дансаар авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Самбуунямын мэдүүлэг /хх-15-16/, депозит дансны хуулга /хх-35-43/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Э нь 2020 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 50 дугаар байрны 109 тоот гэртээ байсан иргэн Г.Самбуунямаас дансыг нь цэнэглэж өгнө гэж хууран 1.505.000 төгрөг дансаар авч залилсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Самбуунямын “...2020 оны 08 дугаар сарын 01-ний 02:30-03:30 цагийн хооронд болсон асуудал байгаа юм. Тухайн үед Австрали хөл бөмбөгийн лиг болсон бөгөөд дэмждэг баг дээрээ бооцоо тавих гээд хайсан бөгөөд нэг цахим хуудсанд хандаж чатаар Credit авья гэхэд өдрийн 105.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би уг мөнгийг төлөөд одоо болно биздээ гэж хэлсэн. Гэтэл надаас 1xbet данс чинь мөнгөтэй юу гэж асуугаад бооцоо тавих мөнгө чинь байгаа юу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгтэл би цэнэглээд өгье гэж хэлээд надаас 1.400.000 төгрөгийг өөрийн Голомтын данс руугаа шилжүүлж аваад намайг блок хийгээд алга болчихсон юм. Тэгээд би уг хүнтэй холбогдож чадахгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” /хх-15-16/ гэх мэдүүлэг,
Г.Самбууням, О.Э нарын хоорондоо чатаар харилцсаныг гэрэл зургаар бэхжүүлсэн тэмдэглэл /хх-10-12/,
Г.Самбууням, О.Э нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-36-39/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч О.Э нь 2020 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 50 дугаар байрны 109 тоот гэртээ байсан иргэн Г.Самбуунямаас дансыг нь цэнэглэж өгнө гэж хууран 1.505.000 төгрөг дансаар авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч О.Э нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 6 сарын хугацаанд сар бүр 75.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Отгонбатын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА