| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1898/Э |
| Дугаар | 1928 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 1928
2020 11 04 2020/ШЦТ/1928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч С.Чимэдцэеэ,
Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Цд холбогдох эрүүгийн 2006 03865 2708 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Аман хуур хотхоны 33а байрны 1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Мажигсүрэнтэй маргалдаж түүний толгойн тус газар гараараа цохиж, хөлөн тус газарт өшиглөж, ар нуруу, баруун гар хэсэгт нь ганжингаар цохисны улмаас иргэн Б.Мажигсүрэнгийн биед зүүн чихний дэлбэн, зүүн шилбэ, баруун бугалга, зүүн даланд цус хуралт, хоёр хацарт зулгаралт гэмтэл үүсч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мажигсүрэнгийн мэдүүлэг /хх-22-23/, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11282 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-29-30/, яллагдагч Д.Цын мэдүүлэг /хх-38-39/, гэрч Ц.Элбэгсайханы мэдүүлэг /хх-26-27/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Аман хуур хотхоны 33а байрны 1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Мажигсүрэнтэй маргалдаж түүний толгойн тус газар гараараа цохиж, хөлөн тус газарт өшиглөж, ар нуруу, баруун гар хэсэгт нь ганжингаар цохисны улмаас иргэн Б.Мажигсүрэнгийн биед зүүн чихний дэлбэн, зүүн шилбэ, баруун бугалга, зүүн даланд цус хуралт, хоёр хацарт зулгаралт гэмтэл үүсч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мажигсүрэнгийн “...Би тухайн өдрийн өмнөх өдөр архи уугаад архи гараагүй архи үнэртүүлээд гэртээ ороход эхнэр намайг гэртээ хоносонгүй гадуур хонолоо гэж уурлаад гурлын ганжин аваад миний нуруу руу 2 удаа цохиод гарын баруун гарын ар булчин руу 2 удаа цохисон. Тэгээд эхнэрээсээ би айгаад зугтаад балкон дээрээ гараад хаалгыг нь гараараа дараад зогсож байхад гэнэт эхнэрийн том хүү болох Элбэгсайхан гаднаас орж ирээд балконы хаалгыг онгойлгоод ярилцья ахаа гээд намайг татаад гэрт оруулах үед миний гарын булчингаас татаж гаргах үед би довжоонд нь бүдэрч унаад өөрийн доод, дээд уруулаа цохисон. Тэгээд Элбэгсайхантай барьцалдаад зогсож байхад гаднаас цагдаа орж ирсэн...” /хх-ийн 22-23/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Ханхүүгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11282 дугаартай: “Б.Мажигсүрэнгийн биед зүүн чихний дэлбэн, зүүн шилбэ, баруун бугалга, зүүн даланд цус хуралт, хоёр хацар, доод уруулд зулгаралт гэмтэд тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 29-30/ гэх шинжээчийн дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Цын “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхөр Б.Мажигсүрэн гэртээ ирж хоноогүй гадуур хоносон. Маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим шиг санагдаж байна. Надтай утсаар ярьсан. Такси бариад явж байна. Баянхошуунаас ирж байна гэсэн. Таксины жолоочоос нь асуусан чинь Баянхошуунаас биш бичил хороололоос такси бариад ирж байна гэхээр нь 6000 төгрөгийг нь мобайл банкаар жолооч руу шилжүүлсэн. Миний уурласан шалтгаан нь өмнө явалдаж байсан хүүхэн бичил хороололд амьдардаг. Урьд нь 5 хоног алга болчихсон байж байгаад бичил хорооллоос олж авч байсан. Ингээд миний уур хүрчихсэн юм. Энэ явдал нь нэг удаагийн асуудал биш олон удааг ийм зүйл болж байна. 18 цаг болох гэж байхад Б.Мажигсүрэн архи уусан байдалтай гаднаас орж ирсэн ороод ирэхээр нь бөөрөнхий гулууз модоор нуруу руу нь нэг удаа цохисон аль талын хөл гэдгийн нь мэдэхгүй байна. Хөл рүү нь нэг удаа өшиглөсөн тэгсэн зугтаагаад балкон дээр гарчихсан энэ үед манай дүү Ц.Элбэгсайхан гаднаас орж ирж таарсан 7 настай охин маань ах руугаа ярьчихсан байсан. Манай хүү ээжийг маань зодож байна гэж ойлгоод цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед жаахан ууртай байсан учраас зарим зүйлийг нь санахгүй байна. Балконы довжоон дээрээс буухдаа гал тогооны тейк мөргөчихсөн ингээд удаагүй байхад цагдаа нар орж ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” /хх-38-39/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Аман хуур хотхоны 33а байрны 1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Мажигсүрэнтэй маргалдаж түүний толгойн тус газар гараараа цохиж, хөлөн тус газарт өшиглөж, ар нуруу, баруун гар хэсэгт нь ганжингаар цохисны улмаас иргэн Б.Мажигсүрэнгийн биед зүүн чихний дэлбэн, зүүн шилбэ, баруун бугалга, зүүн даланд цус хуралт, хоёр хацарт зулгаралт гэмтэл үүсч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Д.Ц нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хийсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА