Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 208

 

Б.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч С.Санжаажамц,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Н-т холбогдох 17110000000298 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Н, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт хх дүүргийн хх дүгээр хороо, хх дүгээр гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Б.Н- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусанд зорчиж явахдаа Ж.О-ын халааснаас “Ай фоне 6” загварын гар утсыг хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Н-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Н- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Н- давж заалдах гомдолдоо: “...Миний бие 1-5 насны 2 хүүхэд, тэтгэвэрт гарсан эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 40 дүгээр гудамжны 580 тоотод оршин суудаг. Хүүхдүүдийг надаас өөр харж хандах, цэцэрлэгт нь өгч, авах тэжээн тэтгэх хүн байхгүй. Хоёр хүүхдийн эх Ариунзаяа нь 1 жилийн өмнөөс гэр бүлээ орхиод гэр бүлийн амьдралаас зугтаад явсан. Түүнийг хайгаад эрэн сурвалжлуулаад олж чадаагүй. Би хорооны бүртгэл дээр өрх толгойлсон эцэг гэж явдаг, хорооны засаг захиргаа намайг хоёр хүүхэд, тэтгэврийн эх нарыгаа асран хамгаалж явдгийг мэднэ. Би ар гэртээ маш их санаа зовж байна. Миний энэ тулгарсан байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч С.Санжаажамц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Н- нь 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан нь 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиудаар ял шийтгэлтэй байх хугацаа дууссан. Иймд Б.Н- анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх бүрэн үндэслэлтэй. Б.Н- нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч адил хүсэлт гаргасан байхад хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн. Нэг ширхэг гар утас “хуучин гар утас” хулгайлсан хүнд хорих ял өгч байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Уг гар утасны үнэлгээ нь эргэлзээтэй, элэгдэл хорогдлыг нь тооцоогүй. Мөн Б.Н-ын хувийн байдал ар гэрийнхнээс нь тодруулж асуугаагүй, хэргийн бүрдүүлэлт дутуу байхад хэргийг шийдвэрлэсэн. Б.Н- нь 1-5 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг бөгөөд өндөр настай эхийнхээ хамт амьдардаг. Иймд шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийг баримтлан ял хойшлуулж өгч, 2 хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх эрхээр нь хангаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Б.Н-ыг 2015 оны Эрүүгийн хуулиар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Н-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Б.Н- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж байсан нийтийн тээвэрт зорчиж явахдаа Ж.О-ын халааснаас “Ай фоне 6” загварын гар утсыг хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.О-ын “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 08:40 цагийн үед Гандангийн автобусны буудлаас “Сансар 3, 4 дүгээр хороолол” чиглэлийн автобусанд суугаад Тэнгис кино театрын урд талын автобусны буудал дээр ирэх үед автобусны урд талын хаалганы хажууд зогсож байхад хүрэн өнгийн савхин куртиктэй, саарал өнгийн өмдтэй, маск зүүсэн залуу миний араас шахсан, миний урдаас хар өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай залуу шахаад байсан. Тухайн үед хүмүүс урд талын хаалгаар бууж байхад зам тавьж өгөхгүй зогсоод байсан. Харин хүмүүс орох гэхэд би буух байсан юм гээд гарсан, араас нь нөгөө хүрэн савхитай залуу гарсан. Энэ үед чихэвчээр сонсож байсан дуу явахаа болихоор нь харсан чинь миний чихэвч утаснаасаа салаад унжчихсан байхаар нь би тэр хоёрыг хулгай хийсэн гэж мэдээд араас нь шууд буугаад хүрэн өнгийн савхитай залуу нь автобусны буудлаас баруун тийшээ алхаж байхаар нь араас нь очоод та миний гар утсыг авчихлаа, гар утсаа авъя гэтэл би аваагүй, тэнэг гичий, тэр цагдаагаа дуудаач гэсэн. Энэ үед миний ойролцоо нэг цагдаа байхаар нь болсон хэргийн талаар хэлсэн...” /хх-ийн 7 тал/,

Б.Н-ын “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө Гандангийн автобусны буудал дээр зогсож байх үед нэг охин автобусанд суух гэж байхад нь куртикний баруун талын халааснаас нь гар утсыг суйлж авсан. Чихэвч нь залгаатай байсан учраас би салгаж авсан. Би автобусанд суулгүй гандан дээрээс яваад өгсөн юм. Хэсэг хугацааны дараа цагдаагаас тэр охины дугаар луу залгаад гар утас авчирч өг гэхээр нь би автобусанд уначихсан байсан гэж хэлчихээд сүлжээг нь хаачихсан...” /хх-ийн 9, 15 тал/,

хохирогч Ж.О-ын хулгайлагдсан “...“Айфоне-6” загварын гар утсыг 600,000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ /хх-ийн 32 тал/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 34 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Б.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх Б.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлөөс хорих ялыг сонгон оногдуулсан нь хуульд нийцсэн төдийгүй, оногдуулсан хорих ялын хугацаа нь Б.Н-ын “...“Хулгайлах” гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан...” хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга зэрэгт тохирсоноос гадна Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шүүгдэгч Б.Н-ын “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...”, Б.Н-ын өмгөөлөгч С.Санжаажамцын “...Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийг баримтлан ял хойшлуулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Б.Н-, хохирогч Ж.О нар тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр мөрдөн байцаалтад хүсэлт гаргасан /хх-ийн 52, 53 тал/-ыг прокурор хянан шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана...” гэж заасныг зөрчсөн байгаа боловч уг хэрэг энгийн журмаар хянан шийдвэрлэгдсэн, цаг хугацааны хувьд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжийг нэгэнт үгүй болгосон байх тул Б.Н-ын мөрдөн байцаалтад гаргаж байсан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ