| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0803/Э |
| Дугаар | 792 |
| Огноо | 2020-09-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 792
2020 09 02 2020/ШЦТ/792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;
улсын яллагч: С.Болорзул;
шүүгдэгч: Б.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Д
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Д нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын хооронд иргэн Г.Номин-Эрдэнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 2.600.000 төгрөг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бэлэн мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-17/, хохирогч Г.Номин-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 19-20, 21/, Г.Номин-Эрдэнийн “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22-23/, Б.Дын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30/, Б.Дын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-35/, Б.Дын “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 41-66/, Г.Номин-Эрдэнийн хүсэлт /хх-ийн 70/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын хооронд “машин авах гэтэл мөнгө дутчихлаа, машинаа засуулах гэсэн юм, өвөө өнгөрчихлөө” гэх зэргээр иргэн Г.Номин-Эрдэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Номин-Эрдэнийн / хх-ийн 19-20, 21/: “...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үерхэж байсан Б.Д нь “машин авах гээд мөнгө дутчихлаа, мөнгө зээлээч, ...7 хоногийн дараа 10 хувийн хүүтэй буцаагаад өгнө” гэхээр нь 1.000.000 төгрөгийг ээжийн дүүгээс аваад өгсөн. 7 хоног болсны дараа ээжийн дүү болох Энхтунгалаг нь мөнгө нэхээд байхаар нь Б.Дт хэлэхэд “одоо надад мөнгө алга, 2 хоногийн дараа хадгаламжийн хугацаа дуусахаар мөнгийг чинь аваад өгье, тэр болтол чи аргалаад хүнээс мөнгө олоод өгчих” гэж хэлсэн. Би Баярцэцэгээс 1.100.000 төгрөг зээлээд Б.Дын өмнөөс өгсөн. Шинэ жилийн өмнө 160.000 төгрөг өгсөн, ямар учиртай өгснөө санахгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Б.Д залгаад “өвөө Завханд өнгөрчихлөө, явах хэрэгтэй байна, мөнгөний хэрэг байна” гэхэд нь 260.000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн. Би “хөдөөнөөс ирлээ, нэг машин авсан чинь тэр нь эвдэрхий юм байна, энийг зараад бүх өрөө өгье, тэр болтол 500.000 төгрөгөөр засуулах юм байна” гэхэд нь Б.Дын данс руу сургалтын төлбөр болох 500.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа дахиад машиндаа засвар үйлчилгээ сэлбэг авна гээд 370.000 төгрөг, 150.000 төгрөг надаас авсан. Хамгийн сүүлд 3 сард “Өмнөговь явж том машин барина, зардлын мөнгө” гээд 100.000 төгрөг дансаараа авсан. Энэнээс хойш холбоо тасарсан. 7 дугаар сард Б.Дтой холбоо барихад cap болгон 300.000 төгрөг өгье гэж тохиролцоод эхний сарын 300.000 төгрөгөө өгөөд алга болсон. Б.Д байнга “машин засна, өвөө нас барчихлаа, хадгаламжийн хугацаа дуусна” гэж худлаа ярьж, хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж намайг залилдаг байсан...” гэх мэдүүлгээр,
Б.Дын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 30/: “...Би Г.Номин-Эрдэнэтэй 2018 оны 12 дугаар сард үерхэж найзалж байсан. Мөнгөний хэрэг гараад “...хүнд өрөө төлөх гэсэн юм, 1.000.000 төгрөг зээлээч, би 14 хоногийн дараа 1.100.000 төгрөг болгоод өгье” гэж хэлээд зээлж авсан. Түүнээс хойш цувуулж авсаар байгаад 2.600.000 төгрөг болсон. Би 300.000 төгрөг Г.Номин-Эрдэнийн ээж Ганцэцэгийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Дын “машин авах гэтэл мөнгө дутчихлаа, машинаа засуулах гэсэн юм, өвөө өнгөрчихлөө” гэх зэрэг үг, үйлдэлд хууртагдан 2.600.000 төгрөг шилжүүлснээ тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчийг хуурч 2.600.000 төгрөгийг авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү дээрх байдлаар хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан Б.Дын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыгдараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Г.Номин-Эрдэнийн “...одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Дыг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Д нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ