Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1904

 

 

 

 

 

 

 

 

2020        11          02                                  2020/ШЦТ/1904

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч С.М түүний өмгөөлөгч Н.Яринпэл нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М д холбогдох эрүүгийн 1906 06088 2356 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч С.М нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явууладаг “Хан хөхий” зочид буудлын 2 дугаартай өрөөнд хохирогч Д.Бат-Эрдэнийн биед хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас баруун гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний алимны доргилт, салтстын шарх, цус хуралт, болорын мултрал, шилэнцрийн цус хуралдалт, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын төвгөрийн цус хуралт, баруун зүүн чих, нурууны зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-44/, гэрч Ц.Дуламсүрэнгийн мэдүүлэг /хх-44-45/, гэрч Д.Мөнхтүвшингийн мэдүүлэг /хх-48/, гэрч Б.Батжаргалын мэдүүлэг /хх-50/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12198 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-57/, хохирогч Д.Бат-Эрдэнийн өвчний түүхийн хуулбар /хх-18-31/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч С.М нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явууладаг “Хан хөхий” зочид буудлын 2 дугаартай өрөөнд хохирогч Д.Бат-Эрдэнийн биед хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас баруун гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний алимны доргилт, салтстын шарх, цус хуралт, болорын мултрал, шилэнцрийн цус хуралдалт, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын төвгөрийн цус хуралт, баруун зүүн чих, нурууны зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл үүсгэсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бат-Эрдэнийн “...2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Консулын 1-11 тоотод гэртээ унтаж байтал үүрээр 04 цагийн үед манай найз бамбарууш буюу Мөнхтүвшин нь Самбуу ахтай хамт ирсэн. Ганбаттай уулзаад хоёулаа Самбуу ахтай хамт ирсэн. Гэрийнхээ нь гадаа очиход Самбуу ах Мөнхтүвшин нар гадаа гараад ирсэн байсан. Тэгээд дөрвүүлээ уулзаад Мөнхтүвшингийн машиныг Ганбат унаад дөрвүүлээ Бөхийн өргөөний тийшээ явж очоод Мөнхтүвшинтэй хамт ажилладаг гээд нэг ах хүүтэй уулзаад тэр ахтай хамт тавуулаа Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын Баянцээлийн гудамжинд байрлах нэг зочид буудалд өрөө авч орсон. Буудлын өрөөнд ороод тавуулаа нэг шил архи авч уусан. Архи уугаад би тасраад согтсон. Тухайн үед нэлээд согтуу байна лээ. Нэг мэдэхэд эмнэлэг дээр хэвтэж байхдаа ухаан орж сэрсэн. Тэгтэл эмч үзээд наад хүн чинь сохорсон байна гэж хэлж байхыг сонссон. Тэгээд 1 дүгээр эмнэлэг рүү оч гэж хэлсэн. Буудлын өрөөнд архи ууж эхэлснээс хойш би юу ч санахгүй байна. Тэр өдрөөс хойш 2, 3 хоногийн дараа манай эхнэр Самбуу ахтай утсаар яриад Самбуу ах намайг эмнэлэгт хэвтэж байхад эргэж ирсэн. Самбуу ах бид хоёр тохирсон юм. Бэлэглэлийн гэрээгээр хашаа байшингаа миний нэр дээр шилжүүлж өгсөн. Самбуу ах өөрөө гуйгаад байсан юм. Би ч тэгээд хөгшин хүнийг яаж шоронд оруулах вэ гэж бодоод худлаа мэдүүлэг өгсөн...” /хх-44/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дуламжавын “...15 цагийн үед гэртээ нүүр, ам нь битүү цус болсон байдалтай бамбаруушийн жолооч найз миний нүдийг ухчихлаа гэж орилсоор орж ирсэн. Нөхөр Бат-Эрдэнэ нэлээн согтуу байсан. Бамбаруушийн найз жолооч гэж юм яриад байсан. Тэр хүнийх нь дугаар 99286468 гэх дугаартай. Яг юунаас болж маргалдсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Биеийн байдал нь хүнд байдалтай эмчлэгдэж байна...” /хх-45-46/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнхтүвшингийн “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 08 цагт хамт ажилладаг Самбуу, Бат-Эрдэнэ, Бааска бид 4 Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо “Яруу” хоолны газрын зүүн талд байх зочид буудалд орсон. Орохдоо 0.75 литрийн 2 шил архи хараа архи авч ороод бөнөөрөө уусан. Бааска бид хоёр гадагшаа гаран АТМ-ээс мөнгө авах болсон бөгөөд мөнгөө авчихаад эргээд ороод иртэл Самбуу, Бат-Эрднэ хоёр нөгөө буудалд байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би хаашаа явчихсан юм бол гэж бодоод залгатал утас нь буудлын орон дээр дуугарсан бөгөөд би харьчихсан юм байхдаа юм байхдаа гэж бодон Бат-Эрдэнийн эхнэр рүү залгатал Бат-Эрдэнэ гэртээ ирчихсэн нүд нь хавдчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тус буудлаас утсыг нь аваад шууд             Бат-Эрдэнийн гэр рүү нь явсан бөгөөд Бааска харих гээд надаас салаад явсан. Ингээд Бат-Эрдэнийн гэрт очиход нүд нь хавдчихсан гэртээ сууж байсан бөгөөд удалгүй цагдаа, түргэн ирсэн. Би өөрийн нүдээрээ хараагүй ч Бат-Эрдэнэ надад хэлэхдээ тус буудалд Самбуутай ууж байхад Самбуу гэнэт Бат-Эрдэнийн нүдийг ухаад эхэлсэн гэсэн өөр зүйл хэлээгүй. Мөн болсон явдлыг харсан хүн байхгүй Самбуу, Бат-Эрдэнэ хоёр л үлдсэн...” /хх-48/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батжаргалын “...Дорж овогтой Бат-Эрдэнэ миний аавын төрсөн дүү байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Бат-Эрдэнэ ахын эхнэр Дуукаа над руу залгаад ах чинь хүнд зодуулаад одоо улсын нэгдүгээр төв эмнэлэгт хагалгаанд орох гэж байна. Цуг архи уусан Самбуу гэх хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан...” /хх-50/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12198 дугаартай “...Д.Бат-Эрдэнийн биед баруун гайрмоны хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний алимны доргилт салстын шарх, цус хуралт, болорын мултрал, шилэнцрийн цус хуралдалт, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын төвгөрийн цус хуралт, баруун, зүүн, чих нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хх-57/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

           

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.М нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явууладаг “Хан хөхий” зочид буудлын 2 дугаартай өрөөнд хохирогч Д.Бат-Эрдэнийн биед хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас баруун гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний алимны доргилт, салтстын шарх, цус хуралт, болорын мултрал, шилэнцрийн цус хуралдалт, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын төвгөрийн цус хуралт, баруун зүүн чих, нурууны зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч С.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.М нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 1 жилийн хугацаанд сар бүр 375.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Мгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Хохирогч нь гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Алаг адуут овогт С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мг 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд сар бүр 375.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Хохирогч нь гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

          6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА