Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 410

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Их мянган овогт Н*******ын Э

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн улсын ахлах байцаагч А.Ц, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ё, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.С, Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б

Гуравдагч этгээд: “З” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Шалгалт хийсэн тухай” № 02-01-023/1**** тоот “Шалгалт хийсэн тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн улсын ахлах байцаагч А.Ц, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ё, Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б, гэрч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 02-01-023/1**** дугаартай “Шалгалт хийсэн тухай” дүгнэлт нь илт хууль бус болоод иргэн Н.Э миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

     Нэг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 02-01-023/1**** дугаартай “Шалгалт хийсэн тухай” дүгнэлт нь илт хууль бус болох тухайд:

  1. Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад анх хандахдаа “З” ХХК болон түүний захирал н.Т********* нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 104 айлын орон сууцны гадна шугам сүлжээг таслах, гэмтээх зэргээр тус байрны оршин суугчдын эрхийг ноцтойгоор удаа дараа зөрчсөнтэй холбоотой хууль бус үйлдлийг шалгуулахаар өргөдөл өгсөн. Энэхүү өргөдлийн бүртгэл хяналтын картаас харахад А.Ц, У.Ё, Б.С, С.Б гэх байцаагч нарт хамааралгүй, тэдэнд цохогдоогүй байхад хууль бус бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргасан болно.

     Тодруулбал, А.Ц гэх байцаагч дээрх дүгнэлтийг гаргахад ямар чиг үүрэгтэйгээр оролцсон нь ойлгомжгүй байгаа юм. Учир нь тэрээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн байцаагч буюу дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй атал дээрх дүгнэлтийг гаргасан бүрэлдэхүүнд оролцсон байгаа нь ойлгомжгүй байна.

     Түүнчлэн бид 2015 оны 8 сарын 27-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар (байцаагч У.Ё, Ц***********)-ын хууль бус үйл ажиллагааг шалгуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдэд хандан өргөдөл гаргасан ба тэрхүү өргөдлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн байцаагч А.Цд хуваарилсан байдаг. Гэтэл дотоод хяналт шалгалтынхаа хүрээнд У.Ёг шалгах ёстой А.Ц байцаагч нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 02-01-023/1**** дугаартай “Шалгалт хийсэн тухай” дүгнэлтийг гаргахад оролцсон. Өөрөөр хэлбэл, шалгагч, шалгуулагч 2 хамтран дүгнэлт гаргаж буй нь хууль бус гэж үзэж байна.

     Бидний гаргасан өргөдөл, гомдлыг анх н.А******* гэж байцаагч хариуцан ажиллаж байсан ба 2015 оны 8 сарын 22-ны өдрийн 02-07-94/274 дүгээр актаар “З” ХХК-ийн барилгын ажлыг зогсоохоор шийдвэрлэсэн боловч 2015 оны 8 сарын 23-ны өдөр н.А******* байцаагчтай уулзтал ахлах байцаагч танай хэргийг авсан. У.Ё гэх байцаагчаас мэдээлэл аваарай гэсний дагуу түүнтэй холбогдтол ээлжийн амралтаа авсан байсан. Ээлжийн амралттай байх хугацаандаа бидний өргөдөл, гомдлыг авч шийдвэрлэсэн, мөн У.Ё байцаагч нь Хан-Уул дүүргийг хариуцан ажилладаг атлаа Баянзүрх дүүрэгт болсон асуудлаарх иргэний гомдлыг шалгасан нь хууль бус юм.

  1. Биднийг дүгнэлтээ гаргасан эсэхийг удаа дараа буюу 2015 оны 11 сарын 09-ний өдрөөс хойш 11 сарын 30-ны өдрийн хооронд лавлан асуухад У.Ё, Г.С байцаагч нар гараагүй байна гэдэг. Өөрөөр хэлбэл, байцаагч нарын дүгнэлт гарсан өдрөөс хойш буюу 2025 оны 11 сарын 11-ний өдрөөс хойш биднийг асууж тодруулахад дүгнэлт гараагүй гэснээрээ дээрх дүгнэлтийнхээ хугацааг нөхөж тавьсан байх магадлалтай байна. Ийнхүү нөхөж гаргасан шалтгаан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 11 сарын 24-ний өдрийн 505 дугаар тушаалаар байцаагч нар дүгнэлтээ гаргах боломжгүй болсон учраас дүгнэлтийнхээ хугацааг нөхөж тавьсан гэж үзэж байна.

     Хоёр. Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 02-01-023/1**** дугаартай “Шалгалт хийсэн тухай” дүгнэлт нь гомдол гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухайд:

  1. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар дүгнэлтээрээ “З” ХХК-тай холбоотой ямар ч зөрчил дурдаагүй байгаа нь тухайн дүгнэлт илт нэг талыг барьсан, гомдол гаргасан иргэн Н.Эын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах биш харин зөрчсөн асуудлыг үнэн зөв дүгнээгүй, бодит бус болсон.

     Мөн газрын болон зураг зүйн хэмжилтийг бодитой хийгээгүй, “З” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны талаарх мэргэжлийн байгууллагын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад мэдээллүүдийг судлаагүйгээр дүгнэлт гаргасан нь миний гомдлын дагуу шалгалт хийлгүй, улмаар огт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 02-01-023/1**** дугаартай “Шалгалт хийсэн тухай” дүгнэлт нь илт хууль бус болохыг тогтоож тус дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч А.Ц, У.Ё, С.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-02/7***тоот удирдамжийн хүрээнд Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс улсын ахлах байцаагч А.Ц ахалж, БОГУУХХ, ДБХХ-ийн даргын хуваарилснаар Барилгын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ё, байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б нар хамтран хяналт шалгалтыг хийж, зохих дүгнэлтийг гаргасан болно.

            Монгол улсын төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь /энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуй нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол,  мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ/ хэсэгт заасны дагуу геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй “М-Эйч-И” ХХК-иар хйилгүүлсэн хяналтын хэмжилтийг үндэслэн зөрчлийг илрүүлэн улсын байцаагчийн эрхийн хүрээнд GS-11-0223:2013 дугаар стандартын дагуу дүгнэлт гаргасан.

  1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 сарын 30-ны өдрийн А/9**дугаартай захирамжаар иргэн Н.Эад 2861м2 газрын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн өмчийн харилцааны газар 13600/0163 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 оны 10 сарын 30-ны өдөр олгож, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын ******* дугаартайгаар бүртгэгдэж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2013 оны 3 сарын 18-ны өдөр 142 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байна.

     Иргэн Н.Эын барилгын цэвэр усны шугам нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн сангийн зураг ба геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “М-эйч-И” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн хэмжилтийн үр дүн, зургуудыг хянахад Ус сувгийн удирдах газрын 122/13 дугаартай техникийн нөхцөлийг зөрчиж “З” ХХК-ийн газар дээгүүр цэвэр усны шугамаа татсан байна.

     Ингэхдээ “З” ХХК-ийн эзэмшил газар дээгүүр тус компанитай зөвшилцөлгүй шугам татсан нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь /Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болох бусад зориулалтаар бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй/, 48.3 дахь /Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ/ хэсгүүдийг тус тус зөрчсөн байна.

  1. Иргэн Н.Э нь 2015 оны 12 сарын 15-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан “02-01-123/1****тоот улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, “А*******” ХХК-ийн хэмжилтийг тусгуулах тухай” өргөдөл гаргасныг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 04/4395 тоот албан бичгээр манай газарт шилжүүлсэн байна.

     Дээрх албан бичигт дурдсан “А*******” ХХК-ийн  хэмжилтийг шалгахад цэвэр усны шугамын байрлалыг тогтоохдоо багаж төхөөрөмж ашиглаагүй бөгөөд энэ тухай тус компанийн инженер Б.М******* “Цэвэр усны шугамын хэмжилтийг барилгаас гарсан гаралт, орсон оролтыг хараад хэмжилтийг тухайн байгууллагын хүнээр залгуулж хэмжсэн” гэж тайлбарласан. /00******* дугаартай шалгалтын тэмдэглэлээс харах/

     “А*******” ХХК нь баталгаажсан хэмжилтийн багаж ашиглаагүй байгаа нь Геодези, зураг зүйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь /хэмжилтийн багажиндаа баталгаажуулалт хийлгэх/, мөн хэмжилтийг ITRF-******* солбицлын тогтолцоонд хийж гүйцэтгэсэн байгаа нь Геодези, зураг зүйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь /Хэмжилтийг солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоонд хийх/ заалтуудыг, Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолуудыг тус тус зөрчсөн тул иргэн Н.Эын хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан.

  1. Иргэн Д.Эын орон сууцны барилгын гадна цэвэр усны шугамын ажлын гүйцэтгэл нь Ус сувгийн удирдах газраас 2013 онд олгосон 122/13 дугаартай техникийн нөхцөлийн дагуу боловсруулж, тус газрын инженер Ж.Ганчимэгтэй зөвшөөрөлцөж, батлагдсан УХАТ 04 маркийн гадна цэвэр, бохир усны шугамын ажлын зургаас зөрүүтэй хийгдсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 /Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно/ дахь заалтыг зөрчсөн.
  2. “З” ХХК нь орон сууцны барилгынхаа зоорийн давхрын пандусын газар шорооны ажлыг гүйцэтгэхдээ иргэн Д.Эын орон сууцны барилгын гадна цэвэр усны шугамыг тасалж байсан байна. Дээрх цэвэр усны шугам батлагдсан зургийн дагуу хийгдсэн эсэх, барилгуудын байршил шилжсэн эсэхийг тогтоох геодезийн хэмжилт хийж, хот байгуулалтын мэдээллийн санд орсон зургийг хянахад дээрх барилгуудын байршил шилжээгүй, харин иргэн Д.Эын барилгын гадна цэвэр усны шугам нь батлагдсан зургийн дагуу хийгдээгүй байна. Тус барилгын зоорийн давхрын төлөвлөлтийг өөрчилж дулааны зангилааны өрөөний байршлыг шилжүүлсэн, цэвэр, бохир усны гадна шугамын ажлыг батлагдсан ажлын зургаас өөрчилсөн ба ингэхдээ гүйцэтгэлийн зураг үйлдэж баталгаажуулаагүй байсан. 
  3. Гадна цэвэр усны шугам нь “З” ХХК-ийн орон сууцны барилгын гаражийн пандусын сууриас 1,2 м зайд байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”-ийн 14 дүгээр хүснэгт /Ус дамжуулах хоолойг ... барилга байгууламжийн сууриас хэвтээгээр 5 метрээс багагүй зайд/-д заасан хэмжээг хангахгүй байна. /Энэ шугамын угсралт ашиглалтын байдалд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах тухай улсын ахлах байгаагчийн 2015 оны 10 сарын 02-ны өдрийн 02-07-095/1*****дүгээр албан шаардлагыг И Э*П*ХХК-д өгсөнийг үзэх/
  4. Иргэн Н.Эын орон сууцны гадна дулаан хангамжийн шугамыг “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас олгосон 31/2014 дугаартай техникийн нөхцөлийн “12в магистраль шугам эзэмшигчтэй зөвшилцөн ахмадын хорооллын салаа шугамыг тооцон өргөтгөж тусдаа салаа шугам татаж холбох” гэсэн заалтын дагуу шугамын өргөтгөл хийгээгүй бөгөөд үүнээс шалтгаалан ахмадын хорооллын дулаан хангамж доголдох нөхцлийг бүрдүүлжээ.

Дээр дурдсан зөрчлүүд болон газар дээр нь хийсэн хэмжилт, бодит нөхцөл байдлыг үндэслэн улсын ахлах байцаагч А.Ц, У.Ё, улсын байцаагч Б бид нар хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлж улсын байцаагчийн 02-01-123/1****тоот дүгнэлтийг гаргасан тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Н.Э нь тус шүүхэд хандан НМХГ-ын улсын ахлах байцаагчийн 2015.11.11-ний өдрийн 02-02-023/1877 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гарган, уг захиргааны хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа болно.

            Манай компани нь дээрхи захиргааны хэрэгт хуульд заасан үндэслэлээр гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд иргэн Н.Эын гаргасан нэхэмжлэл нь “...НМХГ-ын улсын байцаагчийг огт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан нь миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ... “З” ХХК-тай холбоотой ямар ч зөрчил дурдаагүй байгаа нь тухайн дүгнэлт илт нэг талыг барьсан, гомдол гаргасан иргэн Н.Эын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах биш, харин зөрчсөн, асуудлыг үнэн зөв дүгнээгүй, бодит бус болсон...” гэсэн утгатай байна.

            НМХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт нь хуульд нийцсэн дүгнэлт байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэмэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна” гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох баримт шинжлэн судалсан баримтууд болон хэргийн оролцогчдын гаргасан тайлбарууд маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт гаргах журам процессыг зөрчиж доторх агуулгаар тогтоосон дүгнэлт нь үндэслэлгүй байна. Гадна болон дотроосоо тус маргаан бүхий дүгнэлт нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн эрх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэсэн байгаа. Энэ дүгнэлт өнөөдрийн хувьд ямар нэгэн үр дагавар үүсгээгүй мөн ямар нэгэн үүрэг үүсгээгүй гэж ярьж байгаа боловч бидний хувьд үр дагавар үүсч байна. Харин гуравдагч этгээдэд ямар нэгэн үр дагавар үүсгэсэн байдал огт байхгүй. Гэтэл хариуцагчтай нийлээд нэхэмжлэгч рүү дайраад байгаа байдал нь маш сонин байна. Харин нэхэмжлэгчийн хувьд тус дүгнэлт бол танайх зөрчлөө арилгах ёстой гэж тогтоож өгсөн. Нэг ёсондоо нэхэмжлэгчид арилгах үүрэг үүсч байгаа. Хэрэв засч янзлахгүй бол дараагийн арга хэмжээ авах хууль зүйн зохицуулалт байдаг” гэжээ.

            Хариуцагч У.Ё шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид холбогдох норм дүрмийн дагуу ажил хийгдэх ёстой. Холбогдох норм дүрмийн дагуу батлагдсан зураг төслийн дагуу ажил гүйцэтгэх ёстой асуудлаар тухайн дүгнэлт явж байгаа. Яасан ч хууль дүрэм заалт ярьдаг хүмүүс вэ? Өөрсдөө ямар хууль дүрэм зөрчсөн асуудлаа ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь шугам батлагдсан зургийн дагуу хийгдсэн бол энэ асуудал хэзээ ч үүсэхгүй байсан. Зургийн дагуу хийх шаардлага тавьж байгаа тул энэ дүгнэлт бол хүчинтэй ямар ч худлаа зүйл байхгүй. Мөн хууль зөрчсөн процессын алдаа байхгүй” гэжээ.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаантай холбоотой асуудлаар манай байгууллагын хэмжээнд 10 гаруй дүгнэлт гомдол давхацсан тоогоор ирсэн. Энэ бүх өргөдөл гомдлыг нийлүүлээд бид нар тухайн үед нь хариуг нь өгч улмаар эцсийн байдлаар тус зөрчил нь яг юунаас үндэстэй тухай дүгнэлтээр гаргаж ирсэн байгаа. Шалтгаан нь бол зургийн дагуу бариагүй асуудал юм. Улмаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй улмаас улсын байцаагчийн дүгнэлт гарсан” гэжээ.

Хариуцагч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгийн гол нь дүгнэлтийн дагуу цаашид гарах үр дагавар нь одоогоор үргэлжилж байгаа тул маш ноцтой байдалтай байна. Тийм учир та бүхэн тус дүгнэлтийн дагуу заагдсан ажлуудыг хийчих юм бол энэ маргаан таслагдаад явах боломжтой” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З” ХХК нь Мэргэжлийн хяналтын газартай нийлсэн асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд хохирсон асуудал байхгүй. Нэхэмжлэгч нь зургийн дагуу хийсэн байсан бол ийм асуудал болохгүй байх байсан. Яагаад “З” ХХК-ийн эрх ашиг хохирохгүй гэж яриад байгаа юм бэ? Бидний эрх ашиг маш их хохирсон. Та бүхний ярьсан асуудал ямар ч ойлгомжгүй байна. Тухайн үед гарсан зөрчлийг зааж арилгах нөхцөлийг заагаад өгсөн. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын дүгнэлт бол үндэслэлтэй гуравдагч этгээд хохирч байна. Хохирох битгий хэл цагдаад дуудагдсан асуудал зөндөө байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэж заасан. Ямар нэгэн хэл амгүйгээр асуудлыг зохицуулах юм бол оршин суугчдын эрх ашиг хүртэл хөндөгдөхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Н.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Эрдэнэ нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-01-023/1**** дугаартай “Шалгалт хийсэн тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба уг шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн улсын ахлах байцаагч А.Ц, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ё, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.С, Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б нарын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Шалгалт хийсэн тухай” № 02-01-023/1**** тоот дүгнэлтийн дүгнэх хэсгийн

1-д иргэн Н.Эын орон сууцны барилгын цэвэр усны гадна шугамын угсралтын ажлыг УСУГ-тай зөвшөөрөлцөн батлагдсан ажлын зургийн дагуу гүйцэтгээгүй, гадна дулаан хангамжийн шугамыг техникийн нөхцөлийн дагуу холбоогүй бөгөөд цэвэр усны шугамыг “З” ХХК-ийн эзэмшил газар дээр зураг төсөл, БНбД зөрчин хамгаалалтын зурвасгүйгээр угсарсан байна.

2-т Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгээгүй гадна шугам сүлжээний ажлыг баталгаажуулж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2015/303 дугаар актаар иргэн Н.Эын захиалгаар “И Эн Пи” ХХК-тай барьсан 24 автомашины дулаан зогсоолтой 104 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулсан нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.12-т заасан эрх, үүргийг ноцтой зөрчсөн байна гэж тус тус дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь дараах агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргаж байна. Үүнд:

  • А.Ц, У.Ё, Б.С, С.Б гэх байцаагч нарт хамааралгүй, тэдэнд цохогдоогүй байхад хууль бус бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргасан,  А.Ц байцаагч дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй атал уг бүрэлдэхүүнд оролцсон нь хууль бус, А.Ц нь дотоод хяналт, шалгалтын байцаагчийн чиг үүргийн дагуу У.Ёг шалгах ёстой байтал уг бүрэлдэхүүнд орсон нь хууль бус,
  • Удирдамжгүйгээр хяналт, шалгалтыг явуулсан
  • Бид “З” ХХК-ийн барилга барьж буй үйл ажиллагааг шалгуулахаар гомдол өгсөн ба “З” ХХК-ийг шалгах ёстой байтал Н.Эын барилгын үйл ажиллагааг шалгасан нь хууль бус
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан

Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж заасан байна.

Мөн Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 10.9.1-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж тус тус заасан байна.

Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.2-т “Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна дараах хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ”, 47.2.1-д “барилга байгууламжийг барих, тэдгээрийн шинэчлэл, их засварын ажлын чанарт”, 47.2.3-д “барилга байгууламжийн зураг төслийн хэрэгжилтэд”, 47.3-д “Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага зураг төсөл зохиогч, барилгын материал үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийн техникийн дотоод хяналтын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавина”, 47.4-д “Барилга байгууламж баримт бичгийн дагуу баригдсан эсэхийг тодруулах зорилгоор эрх бүхий улсын хяналтын байцаагч барилга байгууламжид тухайн чиглэлээр нэмэлт шалгалт хийж болно” гэж заасан байна.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч А.Ц нь улсын байцаагчийн хувьд Барилгын тухай хуулийн дээрх зохицуулалтуудад заасан чиг үүргийг хэрэгжүүлж, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дээрх зохицуулалтуудад заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг эдэлж, дүгнэлт гаргах эрхтэй.

Иймд мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй А.Ц байцаагч нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудалд оролцож, шалгалтын бүрэлдэхүүнд орж, маргаан бүхий дүгнэлтийг гаргасан нь хууль бус гэсэн үндэслэлээр маргаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч “удирдамжгүйгээр хяналт, шалгалт хийж дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргаж байх хэдий ч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно” гэж заасан байх тул хариуцагчдыг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь “бид “З” ХХК-ийн барилга барьж буй үйл ажиллагааг шалгуулахаар гомдол өгсөн ба “З” ХХК-ийг шалгах ёстой байтал Н.Эын барилгын үйл ажиллагааг шалгасан нь хууль бус” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь иргэн Н.Эын болон “З” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан барилгууд нь зэргэлдээ, хөрш залгаа барилгууд ба   “З” ХХК-ийн барилгын баруун талаар, “З” ХХК-ийн барилгын суурьтай ойрхон зайд Н.Э шугам сүлжээ байгуулсантай шууд холбоотойгоор үүссэн, нэг нь нөгөөгөөс шууд хамааралтай, уялдаа холбоотой асуудал байх тул гомдолд заагаагүй асуудлаар хяналт, шалгалт хийсэн гэж хариуцагчдыг буруутгах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч тал мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан нь хууль бус гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргаж байх боловч шугам сүлжээ батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөл, барилгын норм, дүрмийн дагуу баригдсан эсэхэд буюу барилгын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт, шалгалт хийсэн байх тул хариуцагчдыг мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан гэж үзэхээргүй байна.

Дээрх үндэслэлүүдэд үндэслэн дүгнэж үзвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Шалгалт хийсэн тухай” № 02-01-023/1**** тоот дүгнэлтийг хууль зөрчсөн, хууль бус гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна. 

Иймд шүүх Н.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.1, 10.9.11, Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.3, 47.3, 47.4-д тус тус заасныг баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Шалгалт хийсэн тухай” № 02-01-023/1**** тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАТЗОРИГ