Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 209

 

Э.Г-, Г.Б-, Ө.Э- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Э.Г- /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч Э.Ганбаганын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Г.Б- /цахим сүлжээгээр/, Ө.Э- /цахим сүлжээгээр/, шүүгдэгч Г.Б-, Ө.Э- нарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжавын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Г-, Г.Б-, Ө.Э-, шүүгдэгч  Г.Б-, Ө.Э- нарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Г-, Г.Б-, Ө.Э- нарт холбогдох 1705006660088 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Э.Г, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт хх аймгийн хх сумын хх дугаар баг, хх дүгээр байрны хх тоотод оршин суух бүртгэлтэй,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулиар 2017 оны 7 дугаар сард суллагдсан,

 

2. Г.Б, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хх аймгийн хх сумын хх дүгээр баг, газар оршин суух бүртгэлтэй,

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 240 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 29 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

 

3. Ө.Э, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт хх аймгийн хх сумын хх дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Э.Г-, Г.Б-, Ө.Э- нар бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 10а байрны гадна иргэн П.Энхбаярт хүч хэрэглэн зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимны салст, баруун чихний ар хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хацар, баруун нүдний гадна булан, хамрын нуруу, баруун чихний ар хэсэг, зулайн хуйханд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан гар утас, мөнгөн бугуйвч, гутал зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Э.Г-, Г.Б-, Ө.Э- нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Г, Г.Б, Ө.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Г-д 3 жил хорих ял, Г.Б-,  Ө.Э- нарт тус бүр 2 жил хорих ялаар шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон Э.Ганбаганы 100 хоног, Г.Б-ий 12 хоног, Ө.Э-ын 5 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Г-, Г.Б-, Ө.Э- нараас тус тус 110,000 төгрөг гаргуулж хохирогч П.Энхбаярт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн куртик 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэгийг Э.Г-д өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Прокурор Ням-Очир цагдан хорих 461 дүгээр ангид ирж уулзахдаа хохирлыг барагдуулах уу гэж асуусан. Тухайн үед хохирогчийн эмчилгээний зардлыг төлөх болно гэж хэлэхэд прокурор эмчилгээний зардал гэж байхгүй. Хохирогч эмчлүүлсэн гэх баримт байхгүй болохоор хохирол гарч ирэхгүй. Харин хохирогчийн мөнгөн бугуйвч үнэлгээгээр 80,000 төгрөг болсон байна. Энэ хохирлыг төлөх үү гэсэн. Би мөнгөн бугуйвчийг нь аваагүй болохоор төлөхгүй гэсэн. Эхнэр, нөхөр хоёрын бугуйвчны талаарх мэдүүлгүүд зөрүүтэй. Хохирогч бугуйн дээр шалбарсан гэдэг боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11656 дугаартай хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд бугуйн дээр шалбаралт тогтоогдоогүй. Хохирогч цохиулаад газар унахад ар нуруун дээр нь 2 талаас гурван зэрэг өшиглөөд байсан гэж мэдүүлсэн. Дээрх үзлэг хийсэн тэмдэглэлд нуруу, цээж бусад газарт хөхрөлт зулгаралт тогтоогдоогүй. Бид гуравыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж биед үзлэг хийхэд хохирогчийн мөнгөн бугуйвч гараагүй. Би хохирогчоос салж явахдаа газар унасан байсан утсыг авсныг гэрч П.Батдулам гэрчилж мэдүүлсэн. Прокурор гэнэт шүүх хурал дээр 330,000 төгрөгийн хохирол гаргаж ирсэн. Иймд энэ хохирлыг гэрч нарыг шүүх хуралдаанд суулгаж бодит байдлыг үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлттэй байна. Урьд нь эмчилгээний зардал төлөх гэхэд байхгүй гэсэн. Эхнэр, нөхөр хоёрын зөрүүтэй мэдүүлэг, бугуйвчны үнэлгээг гаргаж ирсэн. Ө.Э-, Г.Б- нар энэ хэрэгт холбогдолгүй. Би мөрдөн байцаалт, прокурорын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Зөвхөн хохирогч, гэрч нарын үгээр уг хэргийг шийдвэрлэсэн болно. Энэ гомдлыг хүлээн авч үнэн зөвөөр, хуулийн хүрээнд шийдэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 9 дүгээр сарын 11-ний орой болсон уг хэрэгт хохирогч П.Энхбаяр, гэрч П.Батдулам нар нь Ө.Э- болон намайг хэт гүтгэсэн мэдүүлэг өгсний улмаас бид хоёр уг хэрэгт холбогдож, 2 жилийн хорих ял шийтгүүлсэн болно. Хэрэг болсон орой бид гурав 3 дугаар хорооллын 10А байрны баруун гар талын караокед үйлчлүүлчихээд гарахад Э.Г- түрүүлж гарсан. Ө.Э- бид хоёр тооцоогоо хийгээд гарахад Э.Г- хүнтэй муудалдаж байсныг салгаж хамт явсан. Гэтэл Э.Г- малгайгаа унагасан байна гээд буцаад гүйсэн. Бид хоёр хэсэг явж байгаад ирэхгүй болохоор нь буцаад явж байтал цагдаагийн машинтай ирсэн. Мөрдөн байцаах явцад бид хоёр энэ хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдүүлсэн. Мөрдөн байцаагч хөндлөнгийн гэрчээс мэдүүлэг аваагүй, камерын бичлэг шалгаагүй. Хэрэг болсон газрын хажууд барилга баригдаж байсан. Тэр барилгын харуул хамгаалалтын ажилтнаас мэдүүлэг аваагүй, гадна талын камерын бичлэгийг үзээгүй. Мөн тус газарт 4-5 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ тос масло зардаг газар ажиллаж байсан. Тэдгээрийг ажиллуулж байсан хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Караокений гадна талын камерын бичлэг шалгаагүй, караокений ажилтнаас мэдүүлэг аваагүй. Уг караокений эсрэг талын байрны нэг давхарт хүнсний зах, эмийн сан зэрэг гадна талын камерын бичлэгийг шалгаагүй. Хөндлөнгийн гэрч болох 1-2 хүнээс мэдүүлэг авахад бид хоёрын уг хэрэгт холбогдолгүй гэдгийг батлах байсан. Хохирогч П.Энхбаяр согтуу байсан. Гэрч П.Батдулам нь Э.Ганбаганыг хохирогчоос салгаж авч явсан. Э.Г- буцаж очсоны дараа гарч ирсэн. Эргүүлийн цагдаагийн албан хаагч хэрэг болсны дараа очсон байдаг. Э.Ганбаганыг аваад явж байхад бид хоёрыг хохирогч, гэрч нар таниагүй. Э.Г- бид хоёрыг зааж өгсөн байдаг. Хохирогч болон гэрчийн хоёр удаагийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр ялласанд гомдолтой байна. Уг хэргийн үнэн зөвийг тогтоож, Ө.Э- болон миний гомдлыг эцэслэн шийдвэрлэж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ө.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэмт хэргийн гол холбогдогч Э.Г- нь удаа дараа тухайн гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн гэж хэргээ үнэн зөв хүлээн мэдүүлсээр байтал улсын яллагч Н.Ням-Очир хэт нэг талыг баримтлан гэрч Батдулам, хохирогч Энхбаяр нарын бодит бус мэдүүлэгт тулгуурлан гэмгүй явсан намайг гэмт хэрэгтэн болгон шүүхээр оруулж хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Дээрэмдэх гэмт хэрэг зөвхөн хохирогчийн мэдүүлгээр шийддэг нь учир дутагдалтай гэж миний зүгээс үзэж байна. Яагаад гэвэл энэ хэрэг дээр ганцхан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдийг авч хэлэлцсэн нь хэргийн үнэн зөв шийдвэрлэх явцыг үгүй хийсэн гэж үзэж байна. Хохирогч П.Энхбаяр, гэрч Батдулам нар нь нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр юм. Тиймээс тэдний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд урьдчилан бэлтгэж, үг яриагаа нэгтгэсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Уг хоёр хүний худал мэдүүлэгт тулгуурлан гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн үйлдэл хийгээгүй хүнд хилсээр ял тулган оногдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.Б-, Ө.Э- нарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолд доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Ө.Э-, Г.Б- нарыг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг 10а байрны гадна иргэн П.Энхбаярт хүч хэрэглэн түүний биед хөнгөн гэмтэл учруулан гар утас, мөнгөн бугуйвч, гутал зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авсан гэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Э-, Г.Б- нарт тус бүр 2 жилийн хорих ялаар шийтгэсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч Ө.Э-, Г.Б- нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл холбогдол нь бүрэн дүүрэн хөтөлбөргүй нотлогдсон зүйл байдаггүй бөгөөд хэрэг гардаг өдөр нь хохирогч П.Энхбаяр нь биеэ хянах чадваргүй согтуу байсан, болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадваргүй болтол согтсон байсан гэдэг нь өөрийнх мэдүүлэг болон түүний эхнэр П.Батдуламын мэдүүлгээр нотлогддог.

Энэ нь хохирогч П.Энхбаярын мэдүүлэг ...Би согтолтой байсан, ганцаараа явж чадахгүй байсан тул найзыгаа дуудаж байрныхаа орчимд хүргүүлсэн. Гэрч П.Батдуламын мэдүүлэгт ...Нөхөр чинь хир их согтуу байсан бэ гэсэн мөрдөгчийн асуултанд ...их согтуу байдалтай байсан... гэдэг ба мөн хэрэгт авагдсан ялтан нарын мэдүүлгээр нотлогддог.

Мөн хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэж авсан талаар хохирогч П.Энхбаяр эргэлзээ бүхий мэдүүлдэг.

Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгт ...зодуулж газар унахад өмдний халааснаас утас унасанг нэг нь авсан байсан. Бугуйвчаа яаж авсанг мэдэхгүй байна. Хүзүүн дэх сахиусыг яасанг мэдэхгүй хэмээн мэдүүлсэн байна. Мөрдөгчийн ...тэдгээр 3 этгээдийн хэн нь ямар үйлдэл хийсэн бэ гэсэн асуултанд ...булан тойртол зүүн нүд рүү нэг нь цохиж газар унагаад босох сөхөөгүй хэдэн талаас өшиглөж зодсон. Хэнийг нь яасанг хэлж мэдэхгүй харах ч боломж гараагүй. Энэ үед манай эхнэр цонхоор харж таарч орилж чарласан юм. ...нэг нь яах аргагүй миний утсыг газраас авсан байсан, түүнийг нь манай эхнэр хараад чулуу авчихлаа гэж бодоод чи чулуу авчихав уу гэсэн чинь үгүй гэж хэлсэн байсан. Гэтэл нь тэр нь миний гар утас байсан юм билээ гэх мэдүүлэг.

Хохирогчийн эхнэр П.Батдулам мэдүүлэхдээ ..тэр үед харанхуй байсан болохоор би эхлээд анзаараагүй нөхрийн маань хажууд үлдсэн намхавтар тонгойгоод газраас юм авах шиг болохоор нь газраас чулуу авч толгой рyy нь цохих гэж байгаа юм байх даа гэж бодтол сүүлд цагдаагийн машинд ороод мэдэхэд нөхрийн маань гар утсыг авчихсан нь тэр байсан юм билээ. Намайг гарч очиход нөхрийн маань гутал малгай 2 тайлагдсан байдалтай байрны зүүн талд нөхрийн маань явган сууж байгаа газрын наахан талд газар хэвтэж байсан. гэх мэдүүлгээр болон мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Э.Ганбаганын мэдүүлэг зэрэг нь хэргийн газар нэг хүн байсныг нотолдог бөгөөд тэр хүн нь Э.Г- байсан гэдэг бүрэн нотлогддог. Мөн утсыг хүч хэрэглэж аваагүй гэдэг нь дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна хэмээн үзэж байна.

Хохирогчийн мэдүүлэг нь хэргийн талаар хөтөлбөргүй үнэн зөвийг мэдүүлсэн гэж үзэх боломжгүй байдаг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан түүний өөр өөр мэдүүлгээр нотлогддог. Хохирогч нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ миний гар утас, мөнгөн бугуйвч, гутлыг дээрэмдсэн гэж мэдүүлдэг.

Хохирогчид мөнгөн бугуйвч байсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Учир нь түүний эхнэр П.Батдуламын авагдсан мэдүүлэгт ...мөнгөн бугуйвч алга болсон гэдэг гэсэн мөрдөн байцаагчийн асуултанд... зэс шиг өнгөтэй бугуйвч нөхөр маань зүүдэг, гэхдээ тэр нь сүүлийн үед харагдахаа байгаад байгаа юм. Э.Г- нь мөрдөн байцаалтын эхэн үеэс хохирогчтой маргалдан түүний биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ үед Эрдэнэбаатар болон Билгүүн нарыг байгаагүй гэдгийг мэдүүлсэн байдаг. Иймд Ө.Э- Г.Б- нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.Г өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн гэмт хэргийг хэрхэн нэмж нэгтгэх талаар зохицуулалт шинэ Эрүүгийн хуульд байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхийн тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Э.Г-, Г.Б-, Ө.Э- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар дээрэмдэх гэмт хэргийн явцад хохирогчийн биед гэмтэл учруулсан бол нийлмэл гэмт хэргээр зүйлчлэхээр хуульчилсан ба 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 10а байрны гадна болсон гэмт үйлдлээс иргэн П.Энхбаярын бие махбодид “...зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимны салст, баруун чихний ар хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хацар, баруун нүдний гадна булан, хамрын нуруу, баруун чихний ар хэсэг, зулайн хуйханд зулгаралт...” гэсэн гэмтэл учирсан болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн:

хохирогч П.Энхбаярын “...миний зүүн талын нүд юм харахааргүй хавдаж хөхөрсөн, толгой дагзаар битүү хавдар, хөндүүр, орой дээр 2 газарт хагарч язарсан, баруун гарын бугуй бугуйвчны ормоор шалбарсан, хөлийн хумснаас цус гарсан гэмтэлтэй байна...” /хх-ийн 12 тал/,

Гэрч П.Б-ын “....03 цагийн үед манай байрны орцны үүдэнд манай нөхрийн дуу гараад орилоод байхаар нь цонхоор харахад манай нөхрийг одоо энд баригдаж ирсэн 3 согтуу залуу нийлээд зодож байхаар нь би гүйгээд гараад очиход 2 залуу нь алга болчихсон, халзандуу үстэй гэмээр залуу манай нөхрийг явган газар суулгачихсан цохиод зогсож байхаар нь...” /хх-ийн 14 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11656 дугаар “...Д.Э-ын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимны салст, баруун чихний ар хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хацар, баруун нүдний гадна булан, хамрын нураа, баруун чихний ар хэсэг, зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 тал/ зэргээр тогтоогдсон байхад ба энэхүү гэмт хэргээр холбогдох этгээдүүдийн үйлдлийг зүйлчлээгүй орхигдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Мөн шүүгдэгч Э.Г- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолоор шийтгүүлснийхээ маргааш буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөр гэмт хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 575 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.

 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол...” гэж зөвхөн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд оногдуулсан ялуудыг нэгтгэх журмыг хуульчилж, тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг зохицуулалгүй орхигдуулсан учир тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, тус тусдаа яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлэгдэж, хэд хэдэн шийтгэх тогтоол гарсан нөхцөлд шүүх ялуудыг хэрхэн нэгтгэж, тухайн хүний жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох хууль зүйн боломжгүй болсон.

 

Иймд Э.Г-ны холбогдсон хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Г-, Г.Б-, Ө.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Г- нь мөрдөн байцаалтад /хх-ийн 49 тал/ болон шүүх хуралдаанд /хх-ийн 214 тал/ Хэнтий аймагт үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлж байсан байх тул уг асуудлыг мухарлан хянан шийдвэрлэх нь зүйтэй болохыг давж заалдах шатны шүүхээс анхааруулан тэмдэглэж байна.

 

Г.Б-, Ө.Э-, шүүгдэгч Г.Б-, Ө.Э- нарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гэм буруугийн талаар гаргасан давж заалдах гомдлуудыг давж заалдах шатны шүүх энэ удаагийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Г-, Г.Б-, Ө.Э- нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Э.Г-, Г.Б-, Ө.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ