Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01690

 

Д.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00584 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1421 дүгээр магадлалтай,

Д.Тгийн нэхэмжлэлтэй

“Т Б”ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 19 671 363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Т нь “Т Б”ны Төлбөр тооцооны хэлтсийн захирлаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1417 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2017/00698 тоот шийдвэрээр Д.Тг “Т Б”ны төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Т Б”инд даалгаж шийдвэрлэсэн. “Т Б”ны гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/1657 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2017/00698 тоот шийдвэрийн дагуу Д.Тг “Т Б”ны төлбөр тооцооны хэлтсийн захирлын ажил, албан тушаалд буцаан томилсон боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилох өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгодог. Иймд ажилтан Д.Тг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх хуралдаан болсон 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс ажилд томилогдсон 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 19 671 363 төгрөгийг хариуцагч “Т Б”наас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын баталсан журмын дагуу унаа болон хоолны нэмэгдэл мөнгө цалин хөлсөнд хамаарахгүй тул эдгээр төлбөрийг цалинтай тэнцэх олговрыг тодорхойлоход хасч тооцох ёстой. Нэхэмжлэгч Д.Тг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ажилд эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэлийн шаардлагад 2 хоногийн цалин давхардсан байгааг хасч тооцож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00584 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хариуцагч “Т Б”ХХК-аас 19 213 953 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 457 410 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Б”ХХК-аас 254 020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1421 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00584 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Т Б”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, нэмэлт тайлбаруудын агуулгыг дахин давтахгүйгээр зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх хэсэг”-т дурдагдсан үндэслэлүүдэд холбогдуулан гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс ИХШХШТухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасны дагуу энэхүү гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэрэгт өмнө авагдсан тайлбар, нотлох баримтын хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэдэгт итгэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00698 тоот шийдвэрт нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг 2 700 000 төгрөгөөр тогтоон дүгнэснийг давж заалдах, хяналтын шатны шүүхээс хуульд нийцсэн хэмээн тус тус дүгнэж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна... гэж тайлбарлаж, нэхэмжлэгч Д.Тгийн 1 сарын дундаж цалинг 2 700 000 төгрөгөөр тооцож нөхөн олговрын хэмжээг тогтоосонг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”- ын 7.а “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Тгийн дундаж цалинг тогтоолгүйгээр 1 сарын үндсэн цалин болох 2 700 000 төгрөгөөр тооцсон. Мөн тус журмын 9-д “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна.” гэж заасанчлан нэхэмжлэгч Д.Тгийн цалингийн цэс болон цалингийн тодорхойлолт хэргийн материалд авагдсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 182/ШШ2017/00698 дугаар шийдвэртэй Д.Тгийн “урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий өмнө нь 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийг үйл баримт болгосон шийдвэртээ үндэслэл болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талуудыг эрх тэгш эрхтэй оролцох нөхцөлөөр хангаагүй, нэг талыг баримтлан шийдвэр гаргасан, эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журмын дагуу дундаж цалин хөлсийг үндэслэлтэйгээр тогтоож чадаагүй гэж үзэж байна. Мөн үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Д.Т нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд гомдол гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00698 дугаар шийдвэрээр “Т Б”ны төлбөр тооцооны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны олговрыг авахаар болсон байна.

Ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1657 тоот тушаалаар Д.Тг ажилд нь авсан ба шүүхийн шийдвэр гарсан үеэс энэ хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэвээр байсан тул 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны хүртэлх хугацааны олговор 19 213 953 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон хоёр шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй, шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагчийн зүгээс ажилтны сарын дундаж цалин хөлсийг шүүх зөв тодорхойлоогүй талаар хяналтын журмаар гомдол гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасан бөгөөд хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны олговор нь ажилтны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцүү байдаг тул шүүх үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал багтаасан цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын дунджаар тогтоох ёстой байна. Хариуцагчийн зүгээс гаргасан нэхэмжлэгчийн үндсэн цалингийн хэмжээг 2 700 000 төгрөг гэж /хх17/ тодорхойлсон баримт, цалин хөлс тооцоолол /хх39/ гэсэн баримт хоорондоо зөрүүтэй тул шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад үндэслэж, ажилгүй байсан хугацааны  олговрыг тооцсоныг буруутгах боломжгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00584 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1421 дүгээр  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА