Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 207

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч М.Сайнзаяа,

Хохирогч Ц.Б ,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч П.Э , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх

Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э д холбогдох 2015000000163 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Их буучин мэрэгжилтэй, тэтгэвэрт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б  овогт П.Э Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд:

Яллагдагч П.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн нутагт **-**  ОРХ улсын дугаартай “Хюндай аксент” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А, Б, Г дэх заалт, 12.3 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөний улмаас зорчигч С.Б  нас барж, зорчигч Б.М ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э ы өгсөн: Би 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өглөө ажлаасаа буусан. Над руу О  утсаар залгасан бөгөөд Булган аймгийн Хангал сумаас хоол, хүнсэнд хэрэглэх ямаа авч ирэхээр тээврийн хэрэгслээрээ явж өгөхийг гуйсан. Би зөвшөөрч О ийн гэрт очиход манайд хуучин ажиллаж байсан Г , эхнэр Н гийн хамт байж байсан. Ингээд О , Г , Н  бид нар Орхон аймгаас Булган аймгийн Хангал сум руу буюу ямаагаа авах айл руу 11 цагийн үед очсон. Биднийг очиход гэрийн эзэн гэх Б , түүний эхнэр Б  нар байсан. Бид 6-уулаа нэг шил архи хувааж уусан. Үүний дараа талийгаач Б  Булган аймгийн Хангал сумын төв рүү очоод нэг шил архи авчихаад ирье гээд байхаар нь би зөвшөөрч өөрийнхөө тээврийн хэрэгслийг жолоодоод Булган аймгийн Хангал сумын төв рүү талийгаач Б  болон түүний хоёр хүүхдийн хамт явсан. Булган аймгийн Хангал сумын төвийн дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Монгол стандарт нэртэй архи болон ундаа, чихэр зэргийг худалдаж авсан. Ингээд бид буцаад явсан бөгөөд Булган аймгийн Хангал сумын төвөөс 6-7 км газарт миний тээврийн хэрэгслийн зүүн талын дугуй хагарч рүль булаагаад замын эсрэг талын хувил руу онхолдож зам тээврийн осол болсон. Зам тээврийн осол болсны дараа тээврийн хэрэгслээс талийгаач Б ийн хоёр хүүхдийг нь зам дээр гаргаж зогсоосон. Харин талийгаач Б  тээврийн хэрэгслээс шидэгдсэн байдалтай байсан. Үүний дараа Булган аймгийн Хангал сумын цагдаа болон эмч нар ирсэн.

Ийм л үйл явдал болсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б ын өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг өнгөрч байхад Э  найз нөхдийн хамт буюу О  болон өөр нэг эхнэр, нөхрийн хамт нийт 4-лээ ирсэн. Э  манайд ирэхдээ согтуу байсан. Нөхөр Б  бид хоёр О ийн авч явах ямааг барьж уясан. О  эгч манайд ирэхдээ нэг шил архитай ирсэн. Уг нэг шил архийг 6-лаа хувааж уучихаад би үнээгээ саахаар гарсан. Би үнээндээ гарахдаа Э ы түлхүүрийг битгий өгөөрэй гээд О  эгчид өгсөн байсан. Мөн би нөхөр Б ийн мотоциклийн түлхүүрийг нь нуусан байсан. Намайг үнээний зэлэн дээр байхад цагаан өнгийн тээврийн хэрэгсэл манай гаднаас хөдлөөд явсан. Харахад манайд ирсэн Э ы тээврийн хэрэгсэл мөн байсан. Хэсэг хугацааны дараа манай багийн Засаг дарга тээврийн хэрэгсэлтэй ирээд "нөхөр, хүүхдүүд чинь байгаа юу" гэхэд нь би "байгаа, сумын төв рүү явсан байна" гэж хэлсэн. Гэтэл багийн дарга Ичинхорлоо нь нөхөр, хүүхдүүд чинь зам тээврийн осолд орсон байна хурдан хувцасаа өмс явъя, хүүхдүүд чинь зүгээр байна, харин нөхөр чинь харагдахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүү гүйж ороод О  болон түүнтэй хамт ирсэн эмэгтэйд “тээврийн хэрэгслийн түлхүүрийг битгий өг гэж байхад яагаад өгсөн юм, зам тээврийн осол болсон байна” гэж уурлаад О  болон түүнтэй хамт ирсэн эмэгтэй нарыг нэг, нэг удаа цохиод зам тээврийн осол болсон газар руу явсан. Зам тээврийн осол болсон гэх газарт очиход тээврийн хэрэгсэл замын хажуугийн ховил руу онхолдсон байдалтай байсан. Очиход хоёр хүүхэд минь айчихсан, даарчихсан, бэртчихсэн байдалтай байсан. Би хоёр хүүхдээсээ аав чинь хаана байна гэхэд тэнд байгаа гээд эрүүгээрээ заагаад байсан. Би нөхөр Б  дээр очиход ухаангүй газарт хэвтэж байсан бөгөөд би амьсгалж байгаа эсэхийг нь сонсоход амьсгалахгүй байсан. Би Э гаас яасан талаар асуухад ийм л юм болчихлоо гээд хэнэг ч үгүй хариулж байсан. Нөхөр Б  минь нас барснаас хойш амьдрал маш хэцүү байна. Би өрх толгойлсон бага насны 4 хүүхэдтэй амьдрах хэцүү байна. Цөөхөн хэдэн малаа маллах хүн хүчгүй болсон. Э тай утсаар ярихаар огт санаа зовсон шинжгүй байдаг. Утсаар яриад хохирол төлбөр барагдуулах талаар ярихаар огт болохгүй, бүтэхгүй, боломжгүй гэсэн үйл ярьдаг. Би тийм их хэмжээний мөнгө нэхэмжилсэн асуудал байхгүй. Э  хохирол төлбөрт 500.000 төгрөг өгсөн гэж байгаа боловч надад өгсөн асуудал байхгүй. Тухайн зам тээврийн осолд орсон миний 13 настай хүүхдийн минь биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа. Эмнэлэгт хэвтүүлсэн боловч түүнээс хойш сурагчийн дотуур байрандаа байнга орондоо шээдэг болсон. Дотуур байрны багш нь хүртэл ийм том болсон хүүхэд орондоо шээгээд их хэцүү байна гэж хэлсэн. Би хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлыг эмчлүүлэх гэсэн боловч санхүүгийн нөхцөл байдлаасаа болж боломжгүй байна. Цаашид 4 бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эх би хэрхэн амьдрах нь тодорхойгүй байна. Миний ухаан санаа зарим зүйлийг мартдаг болсон. Тухайн гэмт хэрэг болсноос хойш 4, 5 сарын хугацаа болсон байхад Э ы зүгээс арай өөрөөр хандах боломж байсан. 57 настай, нас тогтсон хүн гэхэд арай л хатуу сэтгэлтэй хүн байна. Би Э аас нөхрийнхөө оршуулгын зардалд 7.566.655 төгрөг, хүүхдийнхээ цаашдын эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг, нийт 12.566.655 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс гадна баримтгүй л болохоос өөр маш их зардал гарсан гэв.

2015000000163 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Иргэний нэхэмжлэгч Ц.Б ын өгсөн: “... 2020 оны 7 дугаар сарын 09ний өдрийн 12 цагийн өнгөрч байхад манай холын хамаатан болох О  нь танихгүй 3 хүнтэй хамт манайд ирсэн. Манайд ирэхдээ нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авч ирсэн. Тухайн архийг талийгаач О  болон түүнтэй хамт ирсэн 3 хүн нийлээд 6-уулаа хувааж уусан. Би үнээгээ саах гээд гэрээс гарсан бөгөөд үнээгээ саагаад сууж байтал цагаан өнгийн машин явахаар нь ямар машин юм бол гэж харахад манайд ирсэн О  эгчийн машин байсан. Би гэрт ороход О  эгч хамт ирсэн эмэгтэй нь нөхөр нь болох эрэгтэйтэй байж байсан. Тэгэхээр нь би “та нар яагаад согтуу хүмүүсийг явуулж байгаа юм бэ” гээд уурлаж загнаад байж байтал гэрийн гадаа цагаан өнгийн машин ирэх шиг болохоор нь гэрээс гарахад сумын Засаг дарга М ийн байсан. Тэрээр машинаасаа буугаад надаас “танай нөхөр, хүүхдүүд чинь хаана байгаа вэ” гэж асуухаар нь “сая гэрт ирсэн согтуу жолоочтой хамт сумын төв орно гээд явсан” гэж хэлэхэд “чи хурдн машинд суу, танайхан осолд орсон юм шиг байна” гэж хэлсэн. Хэргийн газарт очиход манай хоёр хүүхэд намайг хараад гүйж ирсэн. Би хүүхдүүдээсээ аав нь хаана байна гэж асуухад тэнд байна гээд эрүүгээрээ заагаад байсан. Би дахиад жолооч ахаас нөхрийгөө хаана байна гэж асуухад жолооч “би буруу юм хийчихлээ” гээд над руу харахгүй байсан. Талийгаач дээр очиж цээжийг нь дарж үзэхэд амьсгалахгүй байсан. ... Би гомдолтой байна, оршуулгатай холбоотой зардлаа нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/, Гэрч Б.М ийн өгсөн: “... 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хялганат тосгоноос Орхон аймгийн чиглэлд явж байхад замын эсрэг талд замын хажуу руу цагаан өнгийн суудлын автомашин онхолдсон хажууд нь нэг том хүн, хоёр хүүхэд зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

Гэрч Э.Ц гийн өгсөн: “... 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 30 минутанд цахим хуралд сууж байхад манай ээлжийн сувилагч Э  өрөөнд орж ирээд Хангал сумын 3 дугаар подемийн орчимд зам тээврийн осол гарсан байна, нэг хүн ухаангүй, хоёр хүүхэд байна гэж хэлсэн. Зам тээврийн осол болсон газарт очиход 13 настай эрэгтэй хүүхэд, 3 настай эмэгтэй нэг хүүхэд, нэг том хүн байсан. Осолдсон тээврйин хэрэгслээс цаана ойролцоогоор 10 гаран метр зайд хөдөлгөөнгүй эрэгтэй хүн хэвтэж байсан. Очиж үтрээний судсыг нь тэмтрэн үзэхэд судас цохилохгүй, амьсгалахгүй, шууны судас цохилохгүй байсан. Мөн даралт байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Гэрч Н.Д ийн өгсөн: “...онхолдсон тээврийн хэрэгсэл дээр очиход Хангал сумын эмнэлэг ирсэн талийгаачийн ар гэр нь ирсэн байсан. Эмчээс асуухад нэг хүн нас барсан, хоёр хүүхэд бэртсэн байна гэж хэлсэн. Хэргийн газарт байсан хүмүүсийг хэргийн газраас холдуулж, хэргийн газрыг хмагаалалтад авч, цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Гэрч Ж.Ц ын өгсөн: “... 2020 оны 7 дугаар сарын 09-ний орой манай нөхөр Э  согтуу орж ирээд согтуу машин жолоодож яваад осол гаргасны улмаас сууж явсан нэг хүн нь нас барсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Гэрч А.О ийн өсгөн: “... Хамт явсан машины жолооч Тайван ах “машины түлхүүр хаана байна, ахдаа өгөөч, машиндаа унтмаар байна” гэж гуйгаад байхаар нь би түлхүүрийг нь өгсөн. Удалгүй байж байтал машин дугараад хөдлөөд явсан. 1 цаг орчмын гадаа талийгаачийн гэрийн гадаа нэг машин ирээд талийгаачийн эхнэртэй уулзсан. Г , түүний эхнэр Н  бид гурав байж байхад Бадам орж ирээд машин онхолдсон байна гэж хэлээд Н  бид хоёрыг нэг нэг удаа гараараа цохиод гэрээс гараад машинд сууж явсан. Удалгүй гэрийн гадаа эмнэлгийн машин ирээд дээл байна уу, дээл аваад ир гэхээр нь Н  бид хоёр дээл аваад машинд суугаад хэрэг болсон газарт очиход Б  нас барсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай: 1. Талийгаач С.Б ийн цогцост хийсэн шүүх шингжилгээгээр цээжний битүү гэмтэл, цээжний 3-р нугаламын их бие хэсгийн хөндлөн салсан хугарал, нугасан тасрал, толгойн хуйханд шарх, цус хуралт, хамарт шарх, нүүр болон мөчдийн зулгаралт уруулын дотор салстад шар гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрхи  гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтлүүд нь нас барах үед үүссэн шинэ гэмтэл байна. 4. Талийгаачид төрөлхийн болон үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй байна. 5. Талийгаач нь цээжний 3-р нугаламын их бие хэсгийн хөндлөн салсан хугарал, нугас тасралын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт / хх-ийн 47-49 тал/,

Булган аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн:  1. **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019 оны 07 дугаар сарын 04ны өдөр авто тээврийн улсын үзлэг оношлогоонд орж тэнцсэн байна. 2. Тухайн осол гарсан зам нь сайжруулсан шороон зам байх ба тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. 3. Мөн ЗХД-ийн 3, 7-ийн “г” заалт /хөдөлмөр амралтын горим алдагдаж жижүүртэй хоносон/. 4. Замын хөдөлгөөний дүрмийн 3, 7-ийн “б” дэх заалт / хамгаалах бүс зорчигчид хэрэлүүлээгүй/. 5. Замын хөдөлгөөний дүрмийн 3, 7-ийн “а” заалт согтууруулах ундаа хэрэглэсэн согтолтын зэрэг 1,78 хувь байсан. 6. Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас буюу жолооч П.Э ы буруутай үйл ажиллагаанаас болж осол гаржээ гэх дүгнэлт / хх-ийн 69 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газар, тээврийн хэрэгсэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 03-14 хуудас/, цогцсонд үзлэг хйисэн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 151-153 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 95-149 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн нутагт **-**  ОРХ улсын дугаартай “Хюндай аксент” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А, Б, Г дэх заалт, 12.3 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөний улмаас зорчигч С.Б нас барж, зорчигч Б.М ийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэцүүлэгт хохирогч Ц.Б , мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М , Э.Ц , Н.Д , Ж.Ц , А.О  нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай дүгнэлтээр….талийгаач С.Б ийн цогцост хийсэн шүүх шингжилгээгээр цээжний битүү гэмтэл, цээжний 3-р нугаламын их бие хэсгийн хөндлөн салсан хугарал, нугасан тасрал, толгойн хуйханд шарх, цус хуралт, хамарт шарх, нүүр болон мөчдийн зулгаралт уруулын дотор салстад шар гэмтэл тогтоогдлоо…, талийгаач нь цээжний 3-р нугаламын их бие хэсгийн хөндлөн салсан хугарал, нугас тасралын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх, Булган аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн....замын хөдөлгөөний дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас буюу жолооч П.Э ы буруутай үйл ажиллагаанаас болж осол гаржээ гэх дүгнэлтүүд зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Э ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч П.Э ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ц.Б  нь 7.566.655 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх ба шүүгдэгч П.Э  нь хохирогчид 6700000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлжээ.

Үлдэх 866.566 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.Б ад олгох нь зүйтэй байна.

Хохирогч Ц.Б  уг хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан хорих ялын хэмжээг сонгож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч П.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт П.Э г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-тзааснаар шүүгдэгч П.Э г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч П.Э д оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэххэсэгт зааснаар шүүгдэгч П.Э гаас 866.566 төгрөгийг гаргуулж Булган аймаг Хангал сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Ц.Б-д олгож, хохирогч нь энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

  5. Шүүгдэгч П.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-тзааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН