Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 862

 

 

 

 

 

­

 

 

   2020         09          29                                     2020/ШЦТ/862

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;

улсын яллагч: П.Эрдэнэбаатар; 

хохирогч: Ц.Өсөхжаргал;

шүүгдэгч: Д.О /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Булган аймаг дахь Сум дундын шүүхийн  2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаар шүүгчийн захирамжаар 1 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 01 сар 12 хоногийн ялаас чөлөөлж суллагдсан,  Д.О

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.О нь 2020 оны 06 дугаарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “К” худалдааны төвийн гадна авто зогсоол дээр байрлуулан тавьсан байсан хохирогч Н.Хатанбүүвэйгийн эзэмшлийн 95-98 ДОА улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээр байсан амьсгалын бие даасан хорт утааны хийн баллон /аппарат/, хорт утааны маск, маскны уут зэрэг 1 ширхэг ком эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.970.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 79 дүгээр байрны автомашины гараашид байрлуулсан иргэн Н.Өлзийбаярын эзэмшлийн 85-95 УАН улсын дугаартай “Тоёота Приус 40” маркийн автомашины 2 ширхэг толь, иргэн Ц.Өсөхжаргалын эзэмшлийн 22-84 УБЯ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” маркийн авто машины 2 ширхэг толийг тус тус хугалан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Өсөхжаргал мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 27-ны шөнө миний машины 2 толийг хугалаад хаясан байсан. Хажуугийн машины жолооч надад хэлсэн. Таван богд дээр очиж асуухад 8.000.000 төгрөг болно гэсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Д.Оын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-9, 57-58/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /xx-ийн 12-16, 62-64/, хохирогч Н.Хатанбүүвэй /xx-ийн 19-20/, гэрч Д.Бат-Эрдэнэ /xx-ийн 24-26/, хохирогч Н.Өлзийбаяр /xx-ийн 68-70/, хохирогч Ц.Өсөхжаргал /xx-ийн 73-75/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /xx-ийн 29-30, 80-81/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /xx-ийн 35-36/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /xx-ийн 97-101/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 102/, Д.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 104-150/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.О нь 2020 оны 06 дугаарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “К” худалдааны төвийн гадаах автомашины зогсоол дээр байрлуулан тавьсан байсан иргэн Н.Хатанбүүвэйгийн эзэмшлийн 9598 ДОА дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээр байсан амьсгалын бие даасан хорт утааны хийн баллон /аппарат/, хорт утааны маск, маскны уут зэрэг 1 ширхэг ком эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.970.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 06 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 79 дүгээр байрны автомашины гараашид байрлуулсан иргэн Н.Өлзийбаярын эзэмшлийн 8595 УАН дугаартай “Тоёота Приус 40” маркийн автомашины 2 ширхэг толь, иргэн Ц.Өсөхжаргалын эзэмшлийн 2284 УБЯ дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” маркийн авто машины 2 ширхэг толийг тус тус хугалан гэмтээж нийт 6.818.480 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Н.Хатанбүүвэйгийн /xx-ийн 19-20/: “...Дорнод аймгийн Онцгой байдлын газрын ачаа бараа үйлчилгээг Улаанбаатар хотоос зөөлгөж байгаа. ...Аврах тусгай ангиас 10 ширхэг амьсгалын бие даасан аппарат аваад 12 цагийн үед 100 айл барилгын материалын төв дээр ирсэн. Ачаа бараа авах гэж зогсоолд машинаа тавиад гар утсаа цэнэглэх хооронд 16 цаг 20 минутын үед 1 ширхэг амьсгалын бие даасан хорт утааны баг алга болсон. Тэгээд цагдаад хандсан. ...10 ширхэг хорт утааны амьсгалын бие даасан аппарат, баг 1 ширхэг алга болсон. Бор өнгийн хайрцагтай “SCBA self contained breathing apparatus” гэх нэртэй БНСУ-д үйлдвэрлэсэн “NANCOM lifecare” брендийн аппарат байсан. 1 ширхэг аппарат 4.900.000 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Бат-Эрдэнийн /xx-ийн 24-26/: “...Би 100 айл худалдааны төвийн “Оч” нэртэй дэлгүүрийн 10 тоот лангуунд хувиараа цахилгааны хэрэгсэл зардаг. ...2020 оны оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед гаднаас зүс таних залуу орж ирээд “надад усанд шумбахад хэрэглэдэг амьсгалын багаж байна, 100.000 төгрөгөөр зарах гэж байгаа юм, та авах уу” гээд байхаар нь “оруулаад ир” гэж хэлсэн.  ...удалгүй гаднаас нэг бор өнгийн хайрцагтай зүйл бариад ороод ирсэн. Би онгойлгоод үзтэл шумбагчийн хэрэгсэл байхаар нь ...“чамд яагаад ийм зүйл байгаа юм бэ, хулгайн эд зүйл биш биз дээ” гэж асуутал “үгүй” гэж хэлсэн. Би “50.000 төгрөгөөр авъя” гэж хэлтэл зөвшөөрсөн. Хэд хоногийн дараа цагдаа ирээд тухайн эд зүйлийг асуугаад хурааж авсан юм ...” гэх мэдүүлгээр,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 12-16/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /xx-ийн 29-30/,

 

Д.О-н яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 6-9/: “... Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 07:00 цагийн үед Бага тойрог орчим хоносон орон сууцнаас гарч яваад Гантөмөр гэх хуучны танил ахтайгаа 5 дугаар сургуулийн урд 07 цаг 30 минутанд таарсан. Бид хоёр гадуур шил лааз цуглуулж байгаад ...шинэ замд байрлах түүхий эд авах цэгт 8500 төгрөгөөр тушаасан. Олсон мөнгөөрөө ...0,75 литрийн Монгол Стандарт нэртэй архи аваад гудамжинд сууж байгаад хувааж уусан. Тэгээд ууж дуусгаад би ганцаараа 100 айл худалдааны төв рүү ах Адилбиштэй уулзах гээд явж байгаад зогсоол дээр байсан цэнхэр өнгийн портер дээр байсан хайрцагтай баахан эд зүйл байхаар нь хүн харж байгаад хамгийн дээр нь байсан нэг хайрцагтай эд зүйлийг аваад Сүxбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаанд ороод модны доор нуусан. Тэндээсээ гараад 100 айл худалдааны төвийн барилгын материал зардаг Баагий гэх хүнд надад зарах зүйл байна гээд хулгайлж авсан хайрцагтай эд зүйлээ үзүүлтэл “50.000 төгрөгрөөр авъя” гэхээр 50.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлгээр,

 

xохирогч Н.Өлзийбаярын /xx-ийн 68-70/: “... Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны 23 цагт машинаа авах гээд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 79 дүгээр байрны граж руу ороход “Тоёота приус 40” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хуга дарсан байдалтай байсан. Улаан хүрэн өнгийн “Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хоёуланг нь хугалсан байсан. Тээврийн хэрэгслийнхээ толийг шинээр 350.000 төгрөгөөр сольж тавьсан...” гэх мэдүүлгээр,

 

xохирогч Ц.Өсөхжаргалын /xx-ийн 73-75/: “...Сүxбаатар дүүргийн 7 дугаар хороо, 79 дүгээр байрны гражид миний өөрийн эзэмшлийн 2284 УБЯ дугаартай зэсэн бор өнгийн “Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийн баруун болон зүүн талын тус бүрдээ камер бүхий 2 талын толийг хулгайлах, танхайн сэдэлтэйгээр эдвэж гэмтээсэн байсныг хяналтын камерын тусламжтайгаар ямар хүн эвдэж сүйтгэснийг мэдсэн. Тухайн өдөр хажуугийн зогсоолын Н.Өлзийбаяр гэх хүн энэ талаар анх мэдэж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Намайг утсаар дуудсан. ...нийт 7.187.200 төгрөгөөр засч янзлах боломжийг олгосон. Хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна” гэх мэдүүлгээр,

 

Д.Оын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 57-59/: “... Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед 5 дугаар сургуулийн саданд цуг юм түүдэг 2 зүс таних хүмүүстэй 1 шил 0,75 литрийн Монгол стандарт архи уусан. Тэгээд 09 цагийн үед 9 дүгээр дэлгүүрийн хажууд нэг таньдаг ахын гэрт орж 2 шил 0,75 литрийн архи, 1 шил 0,5 литрийн архи уучхаад орой 21 цаг өнгөрч байхад нэлээн муудаад ганцаараа гараад явсан байсан. Тэр үед би тасарчихсан байсан. Сүxбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 79 дугаар байрны гарааж руу ороод хоёр автомашины толь согтуу байхдаа эвдэлчихсэн байсан. Тэгээд намайг цагдаагийн газар луу авч яваад эрүүлжүүлсэн байсан...” гэх мэдүүлгээр,

                  

          “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /xx-ийн 80-81/,

 

          Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 97-101/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь иргэдийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан, хулгайлсан эд зүйлээ бусдад худалдсан болохыг гэрч, шүүгдэгч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч Н.Хатанбүүвэйгийн алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон, мөн шүүгдэгч нь согтуугаар тодорхой шалтгаангүйгээр иргэдийн автомашины толийг санаатайгаар хугалж эвдэж гэмтээсэн нь хяналтын камерийн бичлэгт бичигдсэн, хохирогч нарт учирсан хохирлын үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон“ зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Д.О нь иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан“  гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Н.Хатанбүүвэйгийн хулгайд алдсан эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн /хх-ийн 35-36/ байх тул шүүгдэгч нь хохирогч Н.Хатанбүүвэйд төлөх төлбөргүй болно.

 

Харин гэмт хэргийн улмаас хохирогч Н.Өсөхбаяр, Ц.Өсөхжаргал нарт учирсан гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 6.818.480 төгрөгийг шүүгдэгч Д.Оаас гаргуулж үүнээс 6.468.480 төгрөгийг хохирогч Ц.Өсөxжаргалд, 350.000 төгрөгийг хохирогч Н.Өлзийбаярт тус тус олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Д.О нь шунахай сэдэлтээр, эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгч нарт эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй, хохирогч нарт учирсан зарим хохирол нөхөн төлөгдөөгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Д.Оад үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Д.Оын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан дээрх хэд хэдэн төрлийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоосон болно.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан Д.Оад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 90 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх ялын төрөл хэмжээг 7 /долоо/ сар 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оад оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оын нийт 89 /наян ес/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оаас нийт 6.818.480 төгрөгийг гаргуулж үүнээс 6.468.480 төгрөгийг хохирогч Ц.Өсөxжаргалд, 350.000 төгрөгийг хохирогч Н.Өлзийбаярт тус тус олгож, шүүгдэгч Д.О хохирогч Н.Хатанбүүвэйд төлөх төлбөргүйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Оюунбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ