Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1853

 

 

 

2020          10          26                                  2020/ШЦТ/1853

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Баасанбат, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,  

иргэдийн төлөөлөгч Б.Баатарчулуун,                        

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт Д.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 03618 2453 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Д.Д, 1981 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамж, 1581б тоотод оршин суух хаягтай, урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4а хэсэг, Сургуулийн гудамжны 1581б тоотод иргэн Б.Ганхүүтэй маргалдаж улмаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахиж нэмж хэлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 400.000 төгрөг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Ганхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 08-р сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шар” дэлгүүрийн үүдэнд Сэргээ, Энхбаатар нарын хамтаар зогсож байтал найз Дтай тааралдсан. Тэгээд Даас архины мөнгө асуухад “5.000 төгрөг байна” гэхээр нь тэр мөнгөөр нь 1 шил 0.33 литрийн “Хараа” архи аваад Сэргээ, Д бид гурав хувааж уусан. Энэ үед Энхбаатар эхнэр нь хүрч ирээд яваад өгсөн. Тэгээд архиа ууж дуусчихаад Д, Сэргээ хоёр намайг гудамжинд үлдээчихээд Дын гэр рүү яваад өгсөн. Тэгээд бид хоёрын араас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн гудамж, 1581б тоотод байрлах Дын гэр рүү очоод, гэр рүү нь орсон чинь Д, Сэргээ хоёр байж байсан. Тэгээд би гэрт нь ороод Дт хандаж “Сэргээ та хоёр намайг гудамжинд хаяж явлаа, та хоёр яасан, архиа надаас харамлаж байгаа юм уу? Гэж хэлээд маргалдсан. Тэгсэн Сэргээ Дын гэрээс гараад явчихсан. Тэгээд Д бид хоёр маргалдаж байгаад хоорондоо барьцалдаж авсан. Тэгсэн Д ширээ нь дээр байсан хутгыг аваад миний цээжин тус газарт нөгөө хутгаараа нэг удаа хутгалсан. Тэгсэн чинь надаас маш их цус гарч, Д цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 12-13, 24-31/,

Гэрч Л.Дашцэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Д, Ганхүү хоёрыг маргалдаж байх үед гэртээ байгаагүй. Намайг ажил дээрээ байж байхад Д 21 цаг өнгөрч байх үед надруу залгаад “Ээжээ, би Ганхүүтэй маргалдаад хутгалчихлаа. Би сая цагдаа, эмнэлэг дуудчихлаа. Намайг цагдаа нар ирээд эрүүлжүүлэх рүү аваад явж байна” гэж ярьсан. Тэгээд л би Дыг хэрэг хийсэн гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,

Яллагдагч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэхдээ: “... би өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Би буруу юм хийснээ ойлгож байна” гэх мэдүүлэг / хх-ийн 79-80/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 9691 дугаартай дүгнэлт:

  1. Б.Ганхүүгийн биед цээжний баруун талд 6,7-р хавирганы завсраар цээжний хөндий болон өрц рүү нэвтэрч, элэгний 7,8-р сегментийг гэмтээсэн, хатгагдаж, зүсэгдсэн шарх, /хэвлийн хөндийн цусан хураа 800 мл/ гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-33-34/, 

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх, компьютерт томографийн дүгнэлт /хх-ийн 54-63/ болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38/, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 37/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 08 дугаар сарын 22-нны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4а хэсэг, Сургуулийн гудамжнб 1581б тоотод иргэн Б.Ганхүүтэй маргалдаж, улмаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Ганхүүгийн: “...Дын гэр рүү очоод, гэр рүү нь орсон чинь Д, Сэргээ хоёр байж байсан. Тэгээд би гэрт нь ороод Дт хандаж “Сэргээ та хоёр намайг гудамжинд хаяж явлаа, та хоёр яасан, архиа надаас харамлаж байгаа юм уу? гэж хэлээд маргалдсан. Тэгсэн Сэргээ Дын гэрээс гараад явчихсан. Тэгээд Д бид хоёр маргалдаж байгаад хоорондоо барьцалдаж авсан. Тэгсэн Д ширээ нь дээр байсан хутгыг аваад миний цээжин тус газарт нөгөө хутгаараа нэг удаа хутгалсан” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Д.Дыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх бүрэлдэхүүн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зөвтгөж шийдвэрлэсэн болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Дыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Б.Ганхүү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Өмгөөлөгч М.Батмөнх нь шүүгдэгчийн асрамжинд байдаг насанд хүрээгүй хүүхэд болох Д.Нарангаравын асрамжийг шүүхийн шийдвэртээ шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргасан ба хавтаст хэрэгт насанд хүрээгүй хүүхэд Д.Нарангаравын талаарх холбогдох нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Харин насанд хүрээгүй хүүхэд болон Д.Нарангаравын талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн харъяа дүүргийн засаг даргад хандаж шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарлав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Дт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулах хүсэлт гаргасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор шаргал өнгийн бариултай, ажлын хэсэг 10 см, бариул хэсэг 9 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Дыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Д.Дт 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Дт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор шаргал өнгийн бариултай, ажлын хэсэг 10 см, бариул хэсэг 9 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Дт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

 

                                          ШҮҮГЧИД                                 Н.БААСАНБАТ

 

                                                                                             Г.ХАТАНЦЭЦЭГ