| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0751/Э/ |
| Дугаар | 830 |
| Огноо | 2020-09-15 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 830
2020 09 15 2020/ШЦТ/830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг
Улсын яллагч С.Оюунжаргал,
Хохирогчийн өмгөөлөгч Г. Алтанчимэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Номин
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Нямцоож
Шүүгдэгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт Ч овогт С-ийн П ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003003100234 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 27 хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторчин мэргэжилтэй, “Монбат” ХХК-д эксковаторын операторчин ажилтай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 82-1180 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Ч овгийн С.П,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.П нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг, 05 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7-н буудлын хойд талын замд тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Тоёота корса” маркийн 14-98 УБЗ улсын дугаартай Ч.Оюунтунгалагийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 11 настай Б.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.П нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч С. П ийн яллагдагчаар өгсөн: “…Би 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Т.Корса маркийн 14-98 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодоод 7-н буудлаас Дамбадаржаа руу явах замд 15 цаг 10 минутын орчимд хүүхэд мөргөсөн. Тухайн үед би эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээтэй замын хоёрдугаар эгнээнд явж байтал миний урд зүүн гар тийшээ эргэх гээд Х.Портер маркийн автомашин дохиогоо өгөөд зогсож байсан. Тэгэхээр нь би өөрийн явж байсан эгнээнээсээ гараад баруун гар тийшээгээ эргээд нэгдүгээр эгнээ рүү ороод урд явж байсан Портер машины хажуугаар нь өнгөрөх үед Портер маркийн машины урдуур нь хүүхэд гүйж гарч ирээд миний машины зүүн урд талын крылод мөргүүлээд унахдаа машины урд салхины шил мөргөөд газар унасан. Тэгээд би машинаа тэр дор нь зогсоогоод тээврийн хэрэгслээсээ буух гэтэл арын тээврийн хэрэгслийн жолооч машинаа холдуул гэж загнасан. Тэгэхээр нь би машинаа урагшаагаа хөдөлгөөд зам шахаад зогссон. Тэгсэн тэр үед нэг үл таних хүн ирээд надад осол болсон үед машинаа осол болсон газраас холдуулж болохгүй гэхээр нь би машинаа буцаагаад ухраагаад анх мөргөсөн газар дээрээ очоод зогссон. Тэгээд би машинаасаа буугаад хүүхэд дээр очиход хүүхэд зам дээр баруун талаараа атиралдсан байдалтай хэвтсэн, янцаглаад орилоод байсан. Тэгэхээр нь би түргэн болон цагдаад дуудлага өгсөн. Удалгүй түргэний машин ирээд хүүхдийг үзээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-64-66 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Номины: “...дүү маань гэнэт цусаар бөөлжиж эхэлсэн, тэгсэн эмч нар толгойны томографын зураг авхуулсан чинь дүүгийн маань толгой гавлын яс нь дотогшоо цөмөрсөн байна, мөн тархинд нь цус хуралттай, хавантай байна гэсэн онош гарсан тэгээд дүүд маань хоёр хоногийн дараа толгойны гавлын ясны цөмөрсөн ясыг авах хагалгаанд орсон, би гомдолтой байгаа, жолооч С.П оос баримтаар гаргаж өгсөн хохирлын үлдэгдэл болох 1.485.280 төгрөгийг нэхэмжилж байна, мөн цаашид дүүгийн маань эмчилгээ, асаргаанд гарах зардлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-19 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Ө.Амин-Эрдэнийн “Би тэгээд замын нөгөө талд байдаг дэлгүүр ороход урд талын дэлгүүр нь хаалттай байсан. Тэгэхээр би хойд талын Зуун заан дэлгүүр ороход миний авах гэж байсан юм байгаагүй. Тэгээд би дэлгүүрээс гарснаа санаж байгаа. Тэрнээс цаадхыг нь санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-20 дугаар хуудас/
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5697 тоот актын “…Ө.Амин-Эрдэнийн биед гавлын орой, суурь ясны цөмөрсөн далд хугарал, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, зүүн чамархайн хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн духны тархины эдийн няцрал, тархины аалзан хальсны доорх цус харвалт, мэс заслын дараах байдал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, толгойн хуйх, нүүр, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн хэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 38-39 дүгээр хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай: “...Жолооч С овогтой П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг автотээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -24 мм алдаатай байгаа нь зам дугуйн хоёрын барьцалдалтыг
бууруулснаар явган зорчигчид учрах хохирлыг нэмэгдүүлэх үндэслэл болж байна” гэсэн магадалгаа /хх-55 дугаар хуудас /,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 дугаар хуудас /, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6 дугаар хуудас /, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11 дүгээр хуудас /, хохирлын баримтууд /хх-73-79 , 98-106, 111-112, 114-115 дугаар хуудас /, хохирогчийн өвчний түүх /хх-87-96 дугаар хуудас /, Жолоочийн согтуурал шалгасан баримт /хх-12 дугаар хуудас /, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-81 дугаар хуудас /, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67 дугаар хуудас /, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-69-71 дугаар хуудас / зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.П нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг, 05 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7-н буудлын хойд талын замд тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Тоёота корса” маркийн 14-98 УБЗ улсын дугаартай Ч.Оюунтунгалагийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 11 настай Б.Амин-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан насанд хүрээгүй хохирогч Ө.Амин-Эрдэнийн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжилгээний №5697 тоот актын дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч С.Пийн яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.П тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ө.Амин-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.П ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хууль заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж дүгнэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ө.А эмчилгээний зардалд нийт 3.524.800 төгрөгийг буюу хохирогчоос баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул түүний цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.П ийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа харгалзав.
Шүүх шүүгдэгч С.П ид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр
зүйлийн 1.5.6.8, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Шүүгдэгч Ч овогт С-ын П нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С-ын П ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч С.П ид шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч С.П ид шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П ид үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.П ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг / 1 /нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч С.П нь хохирогч Ө.А-ийн эмчилгээний зардалд 3524800/ гурван сая таван зуун хорин дөрвөн мянга найман зуу/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой гарсан зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч С.П нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН