Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 883

 

 

2020        10         06                                     2020/ШЦТ/883

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа;

улсын яллагч: Д.Даваадорж;

шүүгдэгч: А.Г, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгол шуудан”-д хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, хүргэн, зээгийн хамт урьд

-Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 cap баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 10.000 төгрөгийн эд зүйлийг хурааж, 2 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 8 сарын хорих ялыг нэмж, нийт 2 жил 8 cap 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1374 дугаар Өршөөл үзүүлэх тухай комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 21 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр суллагдсан,

-Сумдын дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, А.Г.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч А.Г нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн задгай тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох охин Г.Анхцэцэг, хүү Г.Гантогтох, эхнэр Д.Эрдэнэчимэг нарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга агсам тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ: “Би хаяа архи уухаараа гэр бүлийнхэндээ агсам тавьдаг нь үнэн. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Эхнэр намайг гадуурхаад байдаг. Миний хувьд байнга агсам согтуу тавьсан зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Анхцэцэг /хх-ийн 15-17, 35-37/, хохирогч Г.Гантогтох /хх-ийн 21-23/, хохирогч Д.Эрдэнэчимэг /хх-ийн 27-30, 31-34/ нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 68-70/, А.Гын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-7/, А.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд буюу эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 48-58, 82-84/,Сүхбаатар дүүргийн 16 хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59/, зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврүүд /хх-ийн 65-67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч А.Г нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд буюу 2019 оны 07 дугаар сарын 01,  2019 оны 09 дүгээр сарын 13, 2020 оны 02 дугаар сарын 09, 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн задгай тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох охин Г.Анхцэцэг, хүү Г.Гантогтох, эхнэр Д.Эрдэнэчимэг нартай байнга, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

            хохирогч Г.Анхцэцэгийн /хх-ийн 15-17, 35-37/: “...Увс аймагт амьдардаг байхад аав ээжийг зодоод хамрыг нь төмрөөр цохиод хугалж гэмтээгээд мэс засалд оруулж байсан. Ээж Д.Эрдэнэчимэг, дүү Г.Гантогтох бид нар ааваас зугтаж хотод ирж амьдарсан. Аав 2016 онд бид нарыг хайж олоод ирсэн. Тэгээд цуг амьдраад нэг хэсэгтээ архи уухгүй байсан. Удалгүй архи ууж эхэлсэн. Архи уугаад агсам согтуу тавьж эхэлсэн. Архи уух болгондоо хэл амаар доромжилдог. Хэлж болох ямар хараал байна бүгдийг нь хэлдэг. ...Манай аав А.Г нь дандаа шөнө, оройн цагаар бид нарыг унтуулж амруулдаггүй. Бид нарт тун дарамттай байна. ...байнгын айдастай байдаг. Аавынхаа өөдөөс эвгүйхэн юм хэлчихвэл биднийг зодчих гээд хэцүү байдаг. Сэтгэл санааны байнгын дарамттай байна. Би бага насны хүүхэдтэй бөгөөд аав маань хүүхдийн хажууд байнга архи уудаг. Архи уухаараа агсам тавьж танхайрдаг. ...аав А.Г 2020 оны 06 дугаар сарын 27-ны шөнийн 22  цаг өнгөрч байхад согтуу орж ирээд ээжтэй маргалдаж хэрүүл хийгээд элдэв янзын ёс бус үг хэллэг хэлээд ээжийг гэрээс хөөсөн. ...Энэ үйлдэл нь дандаа шөнө оройн цагаар буюу бид нарыг унтаж амрах цагаар байдаг. ...“янхан, гичий, банзал, яатуу” гэх зэрэг элдэв бусын үгээр доромжилдог. Агсам тавихдаа дандаа шөнө, оройн цагаар тавьдаг. Би айж байна, хүүхдийн хүмүүжилд ч нөлөөлнө гэж бодож байна. Хуулийн дагуу энэ хүнд арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Г.Гантогтохын /хх-ийн 21-23/: “...Манай аав А.Г нь шөнө, оройн цагаар бид нарыг дандаа унтуулж амруулдаггүй. Бид нар байнгын айдастай, сэтгэл санааны дарамттай байна. ...Би гомдолтой байна, учир нь манай эгч бага насны хүүхэдтэй бөгөөд ойтой хүүхдийн хажууд байнга архи уудаг. Архи уухаараа агсам, согтуу тавьж танхайрдаг. Эгч, ээж хоёрыг “янхан, гичий, банзал, яатуу” гэх зэргээр байнга хараадаг. Агсам, согтуу тавихдаа дандаа шөнө, оройн цагаар унтуулж, амраадаггүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Д.Эрдэнэчимэгийн /хх-ийн 27-30, 31-34/: “...Манай нөхөр архи уухдаа намайг болон охиныг харааж “янхан, гичий, банзал, яатуу” гэх зэргээр харааж болох ямар л хараал байна, бид нарыг хараан зүхэж, шөнө оройн цагаар унтуулж амраахгүй байнга агсам согтуу тавьдаг. ...Хамгийн сүүлд 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай зээгийн төрсөн өдөр болж, хүүхдүүд маань ирээд тэмдэглэсэн. Тэгээд тэр орой нь бас л агсам согтуу тавиад байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Нөхөр маань архи, дарс ууж ирчхээд гэр орны эд зүйлийг хагалж гэмтээдэг, мөн шиддэг. Хүүхдүүдийг маань бага байхад намайг зоддог байсан. Харин одоо хүүхдүүд том болоход намайг арай ч зодчихгүй хэл амаар доромжлоод, хардаж сэрдээд, шөнө оройн цагаар унтуулж амраахгүй мөнхийн агсам, согтуу тавиад байдаг болсон. Энэ хүний зан ааш нь улам л эвдэрч хэцүү болж байна. Би гомдолтой байна. Учир нь том охин маань бага насны нэг хүүхэдтэй бөгөөд одоо ойтой хүүхдийн хажууд байнга архи уудаг, архи уухаараа агсам согтуу тавьж танхайрдаг. Охин бид хоёрыг элдэв янзаар хараадаг.  ...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр А.Г нь орой 22 цаг өнгөрч байхад согтуу орж ирээд намайг унтаж байхад сэргээгээд дайраад орилж чарлаад “янхан, гичий, банзал минь гэрээс зайл, яв” гээд гэрээс хөөгөөд байсан. Би яагаад байгаа учрыг нь олохгүй эхлээд аргалах гэж үзээд болохгүй болохоор нь 23 цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагад хандсан. ...Архи дарс ууж ирчихээд гэр орны эд зүйлийг хагалж гэмтээдэг, шиддэг. ...надад болон манай хүүхдүүд сэтгэл санааны дарамтад орж байна...” гэх мэдүүлгээр,

 

“...Д.Эрдэнэчимэг, Г.Анхцэцэг, Г.Гантогтох нар нь байнгын сэтгэл санааны дарамтад байдаг. А.Г нь архи уудаг. ...хэл амаар байнга гутаан доромжилдог. Айсан, түгшсэн байдалтай байв...” хэмээн Аюулын зэргийн үнэлгээгээр /хх-ийн 68-70/, зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврүүд /хх-ийн 65-67/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын амьдралын нөхцөл байдал, шүүгдэгч А.Г нь архи ууж согтуурсан үедээ олон удаагийн үйлдлээр гэр бүлийн гишүүдээ гутаан доромжилж сэтгэцийн байнгын дарамтад оруулж харьцдаг, амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан болохыг хохирогч нар зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нар нь байнгын дарамт, айдас түгшүүртэй байдаг болохыг Аюулын зэргийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иар хамгаалагдаж буй харилцааны агуулга нь “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх”-д оршино гэсэн зорилгоор тодорхойлогдох бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчил, эсхүл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг үйлдлийн давтамжийг харгалзан шат дараалж хүндрүүлсэн нь хууль тогтоогчийн үзэл санаа юм.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжүүдийн давхардаж буй хэсгүүд нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана.

 

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 4 шинжээр үйлдэгдэх ба эдгээрийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг үйлдсэн нь нийт 3 удаа байх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч А.Г нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эхнэр Д.Эрдэнэчимэг, охин Г.Анхцэцэг нарт агсам тавьж хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийсэн, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр  хүү Г.Гантогтохыг хоолойг нь боож цохиж зодсон, эхнэр Д.Эрдэнэчимэг, охин Г.Анхцэцэг нарт агсам согтуу тавьсан, 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Г.Анхцэцэгийг ...гэрээсээ хөөсөн, эхнэр Д.Эрдэнэчимэгийг хэл амаар доромжилсон, 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Д.Эрдэнэчимэгийг гэрээс нь хөөж, хэл үгээр доромжилж байгаа нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэврүүд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

            Ийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн “А.Гын үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн санал хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар олон удаагийн үйлдлээр (байнга) “янхан, гичий, банзал, яатуу” гэх зэргээр өөрийн эхнэр Д.Эрдэнэчимэг, охин Г.Анхцэцэг, хүү Г.Гантогтох нарын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, заналхийлж, агсам согтуу тавьж сэтгэл санааны дарамтад оруулж, амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг алдагдуулахад зориудаар хүргэж буй А.Гын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирогч Д.Эрдэнэчимэг, Г.Анхцэцэг, Г.Гантогтох нар гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

А.Г нь хохирогч нарыг байнга сэтгэл санааны дарамтад оруулан харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх байдлаар амьд явах, амгалан тайван амьдрах эрхэд нь халдаж өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, хохирогч нарыг байнгын айдас түгшүүртэй байлгасан, хохирогч нар гомдол саналгүй, шүүгдэгчид энэрэнгүй хандаж байгаа зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч А.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон          ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч А.Гыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ